Эрэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Филиппин улсад үргэлжилж байна. Өчигдөр/2025.09.18/ хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Сүүлийн тойргийн хамгийн сонирхолтой тоглолтуудын талаар хүргэе.
ФИЛИППИН 2 – 3 ИРАН
Эх орондоо дэлхийн аваргыг зохион байгуулж буй Филиппиний шигшээ баг хасагдах шатанд шалгарахад тун ойрхон байлаа. Тэд хожлын оноогоо авах гэж зургаан удаа оролдсон ч Ираны шигшээ баг амар бууж өгсөнгүй. Таван ээлжийн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст Иран хожиж, А хэсгийн хоёрдугаар байраар Тунисын араас хасагдах шатанд шалгарав.
Хоёр багийн хожсон нь цааш шалгарах байсан учир Пасай хотод болсон энэ тоглолт утгаараа "Хож эсвэл гэртээ харь" гэх тоглолт байсан. Филиппин эхний болон гурав дахь ээлжийн тоглолтод илүүрхсэн ч Иран хариуг нь барьсан. Улмаар тав дахь ээлжийн шийдвэрлэх тоглолтод Иран 10-6 гэж тэргүүлж байсан ч талбайн эзэд мөн л тэнцүүж улмаар илүү гарсан. Тэдэнд тоглолтыг дуусгах зургаан боломж байсан ч ашиглаж чадсангүй.

Зургаа дахь оролдлого нь амжилттай болж, тоглолт 20-18-аар дууслаа гэж бодтол Ираны талаас шүүгчийн шийдвэрийн эсэргүүцэж, бичлэг дахин үзэхийг хүсч, Филиппиий тамирчин торонд хүрсэн гэдгийг харуулж чадсан. Ийнхүү сэтгэл зүйн давуу тал Иран руу шилжиж, 3-2 (21-25, 25-21, 17-25, 25-23, 22-20) хожжээ. Хожлын оноог өдгөө 22 настай Юсеф Каземи Поштпари хаалтаар авчирсан юм.
Торонд хүрч, эсрэг багтаа тооны харьцааг тэнцүүлэх боломж олгосон Ким Малабунга тоглолтын дараа "Би үнэхээр сэтгэлээр унасан учир юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Энэ бүхэн миний алдаа. Бид хожил хүртэх эрхтэй байсан. Намайг уучлаарай" гэжээ.

Тоглолтын дараа Ираны дасгалжуулагч, итали мэргэжилтэн Роберто Пиазза "Айдастай тогловол тоглоход хэцүү. Учир нь нөхцөл байдлыг дүгнэх чадваргүй байдаг юм. Үүнийг би гурав дахь ээлжийн тоглолтод мэдэрсэн. Мөн дөрөв дэх ээлжийн зарим үед, шийдвэрлэх ээлжид. Бид амархан оноонуудыг алдсан. Учир нь айгаад байсан юм. Өнгөрсөн улирлаас бид өөрчлөгдсөн учир туршлага байсангүй. Энэ хожил маш чухал байлаа. Бид өнөөдрийг хүртэл энэ тэмцээнд өөрсдийн хэмжээндээ тоглоогүй байсан" гэжээ.
Тоглолтын дараа талбай дээр ч, үзэгчдийн эгнээнд ч харууслын нулимс дуслуулсан хүмүүс олон байв. Ялангуяа Филиппиний ахлагч Брайан Багунас. Тэрбээр нийт 22 оноо авч, энэ тоглолтын төдийгүй энэ тэмцээний шилдэг нь байсан гэдгээ харуулав.

3,593.62






















































Холбоотой мэдээ