Энэ номын баяраар итгэл, хайрын гэрлийг мэдрүүлэх БҮТЭЭЛҮҮД

Энэ номын баяраар итгэл, хайрын гэрлийг мэдрүүлэх БҮТЭЭЛҮҮД

Энэ номын баяраар итгэл, хайрын гэрлийг мэдрүүлэх БҮТЭЭЛҮҮД

Номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг үндэсний номын баяр өнөөдөр /2025.09.19/ Сүхбаатарын талбайд эхэлж гурав хоног үргэлжилнэ. Жил бүрийн номын баяраар ихэнх зохиолч, орчуулагчид уншигчдынхаа гарт шинэхэн номоо хүргэдэг. Тэгвэл өнөөдөр худалдаанд гарч буй шинэхэн номуудыг уншигч та бүхэнд танилцуулж байна. 


"БҮЙЛС" ИТГЭЛ, ХАЙРЫН ГЭРЛИЙГ МЭДРҮҮЛНЭ

May be an image of ‎text that says

Жил бүрийн номын баяраар Тагтаа паблишинг үнэнч уншигчдадаа зориулж шинэхэн номоо хэвлэн гаргадаг. Энэ ч утгаараа энэ удаагийн номын баярт орчуулагч Б.Дэлгэрмаагийн орчуулсан "Бүйлс" номыг өлгийдөн авч, уншигчдынхаа гарт хүргэж байгаа ажээ.

Тус номын зохиолч нь Өмнөд Солонгосын зохиолч Сун вон пёнг бөгөөд "Бүйлс" ном нь түүний анхны уран бүтээл аж. Анх 2016 онд хэвлэгдсэн энэхүү ном нь хэвлэгдсэн даруйдаа 20-иод хэлнээ орчуулагдаж, зөвхөн Солонгос улсад сая гаруй хувь борлуулагджээ. Зохиолч Сун вон пёнг тус номоороо залуу уншигчдад зориулсан шилдэг бүтээлд олгодог "Чанби" шагналыг хүртжээ. Мөн тус зохиолоор мюзикл, тайзны жүжиг тавьсан байна. BTS хамтлагийн гишүүн RM хамгийн дуртай номоороо нэрлэснээр олон улсын уншигчдын анхаарлыг татаж, дэлхийд шилдэг борлуулалтай болжээ. Мөн BTS хамтлагийн артист Suga энэхүү номоос сэдэвлэн "Амигдала" дууныхаа үгийг бичсэн байна.

Алекситимия буюу мэдрэмж, сэтгэл хөдлөлөө таньж, илэрхийлж эс чадах эмгэгтэй Юнжэ, эцэг эхээсээ төөрч амьдралын түмэн нугачаан дунд унаж боссоор өсвөр насанд хүрсэн Гон хэмээх үе тэнгийн хоёр хөвгүүний түүхээр дамжуулан хүмүүний оршихуй, ганцаардал, нөхөрлөл, энэрэн нигүүлсэхүйн тухай өгүүлэх хурдтай өрнөл, өвөрмөц дүрүүд бүхий сэтгэл хирдхийлгэм атлаа халуун дулаан эл бүтээл уншигч таны зүрх сэтгэлд итгэл, хайрын гэрлийг мэдрүүлнэ.

"БУРХАН БОЛОХЫГ ХҮСДЭГ АВТОБУСНЫ ЖОЛООЧ"

May be a graphic of text

Орчуулагч Б.Сувддуламын орчуулсан, Израил-Польшийн зохиолч бэсрэг өгүүллэгийн нэрт мастер Этгар Керетийн  "Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч" номыг Тагтаа хэвлэлийн газар хэвлэн уншигчдынхаа гарт хүргэж байна. Тус ном нь хүний ёс суртахуун, мөн чанарын тухай өгүүлнэ.

Израил-Польшийн зохиолч Этгар Керет 1967 оны наймдугаар сарын 20-нд Рамат-Ган хотод дэлхийн II дайны үед нацистуудын бөөнөөр хорих лагериас амьд гарч чадсан польш хосын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Этгар Керетийн хувьд амьдралын түмэн өнгө хийгээд олон далайцтай сэдвийг инээд хоржоон, ёгтлол егөөдөл, уран сэтгэмжээр сүлэн асар бага орон зайд багтааж чаддагаараа алдартай бэсрэг өгүүллэгийн сод туурвилч юм. Зохиолч энэхүү номоо 2004 онд бичсэн байна. Үүнээс гадна “Сураггүй болсон Киссинжер (2007)”, “Гэнэт хаалга тогшив (2012)”, “Алив, нисээч (2020)”, “Автомат засвар (2025)” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Циркчидтэй хамт дутаасан аав (2004)”, “Урт үстэй муужгай хүү (2020)” зэрэг хүүхдийн ном, “Сайнаар дурсах долоон жил (2013)” хэмээх намтар, дурсамжийн ном бичжээ. Түүний бүтээлүүд дэлхийн 48 орны хэлээр орчуулагдан гараад буй бөгөөд The New York Times, Le Monde, The New Yorker, The Guardian, The Paris Review, Zoetrope зэрэг нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгджээ.

МУУРАН ТӨРХТЭЙ ХҮМҮҮС

Б.Алтанхуягийн уран сэтгэмжит, уран зөгнөлт өгүүллэгийн түүвэр болох “Мууран төрхтэй хүмүүс” номыг AUM паблишинг хэвлэн гаргажээ. Б.Алтанхуягийн хувьд, “Муурын байшингуудын түүх”, “Эрээн муурын үхэл” зэрэг хүүрнэл зохиолын бүтээлүүд хэвлүүлсэн байна. Харин энэ удаад 2019 оноос хойш бичсэн өгүүллэгүүдээс нь арван өгүүллэг сонгож эмхэтгэсэн нь энэ удаагийн Үндэсний номын баяраар уншигч таны гарт очихол бэлэн болжээ.

"…Тухайлбал мэдрэмжийн нугачаа атираа, төөрөгдөл, сэрэл, ухамсар, хийрхэл бүхнээ тоочин бичээд байдаг, сэтгэл зүйн гэмтэл, сэтгэцийн шарх, оюун билгийн төөрөгдлийг онцгойлон дөвийлгөн бичээд байдаг эмэгтэй баатартай орчин цагийн уран зохиолыг би таашааж огтоос чаддаггүй тул түүнээс тэс ангид өгүүлэмжтэй учир энэ өгүүллэгийн түүвэр лав ихэд таашаагдлаа" гэж орчуулагч Д.Дашмөнх номын өмнөтгөлд дурдсан байна.

ТОЙРОГ

May be an image of textAUM паблишинг хэвлэн гаргасан, найруулагч, кино зохиолч П.Дэлгэрбаярын "Тойрог" тууж уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ.
Энэхүү тууж нь үйлийн үрийн сэдвийг нэлээд өргөн тойрогт гүнзгий хунгар үүсгэн оруулж, түүн дотуур чөлөөтэй эргэлдэх сэтгэхүйн цар хүрээ, бичлэгийн этгээд өнгө туужийн өгүүлэмжийг хэрхэн бий болгож, дүрүүдийг дам бэлгэдлээр илэрхийлснээрээ онцлогтой аж.
ШУДАРГА ЁСНЫ ХОРДЛОГО

Японы тархи судлаач Накано Нобүкогийн бичсэн “Шударга ёсны хордлого” номыг орчуулагч Д.Чимгээ, Д.Маралгоо нар орчуулж CHIMEE паблишинг хэвлэн гаргажээ. Накано Нобүкогийн хувьд тархи судлаач бөгөөд “Шударга ёсны хордлого” номоороо дамжуулан орчин үеийн нийгмийн сэтгэлзүйн нэгэн эмзэг үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан бүтээл юм.

ЦААСНААС АМИЛСАН ХҮН

38 дахь удаагийн Үндэсний номын баяраар зохиолч, яруу найрагч П.Майнбаярын "Цааснаас амилсан хүн" роман уншигчдын гарт хүрнэ. П.Майнбаярын хувьд хүүрнэл зохиолд өөрийн өвөрмөц өнгө аяс, дүр бүтээх арга барилаараа танигдсан уран бүтээлч. Тэрбээр өмнө нь “Хагас нь эс хагас нь элс” өгүүллэгийн түүвэр болон “Мөнхийн хөсөг” туужийг уншигчдын хүртээл болгосон. Харин “Цааснаас амилсан хүн” роман нь Төмөр торхны дуу, Хорь арваны тав, Жаргалтай сүүдрүүд гэсэн гурван бүлгээс бүрдэнэ. Зохиолч тус романаараа өнгөрсөн ба одоо цагийн уялдаа холбоог хүний оршихуй, дотоод ертөнцийн тэмцэлтэй холбон хүүрнэжээ. Зохиолчийн бичлэгийн хэв маяг нь эгэл амьдралын дүр зургийг зүүд, дурсамж, бодлын урсгалтай холбон сүлэлдүүлснээрээ онцлогтой. Энэхүү романд дам бэлгэдэл, егөөдөл, ёгтлол өргөн хэрэглэгдсэн нь уншигчийг өөрийн гэсэн тайлбар, төсөөллийн орон зай руу хөтөлнө.

“ШӨНӨ ДУНДЫН ХҮҮХДҮҮД”

Орчуулагч Г.Сугиррагчаагийн орчуулсан “Шөнө дундын хүүхдүүд” романыг Chimee паблишинг хэвлэн гаргасан байна. Энэхүү роман нь энэтхэг гаралтай Британийн зохиолч Салман Рушдигийн нэрийг дэлхийд цуурайтуулсан бүтээл болсон байна. Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарласан яг тэр мөчид төрсөн Салим Синай хүү болон түүнтэй хамт мэндэлсэн “шөнө дундын хүүхдүүд” бүгд ер бусын чадвартай. Харин Салимыг тэдгээр хүүхдүүдийг холбох оюун санааны нууцлаг хүч хөтөлж, түүний хувь тавилан эх орныхоо түүхтэй салшгүй холбогдоно. Түүхэн үйл явдлыг ид шид, зөгнөлтэй хослуулсан энэ бүтээл шидэт реализмын сонгодог жишээ. 1981 онд Booker Prize, дараа нь “Booker of Bookers”-ын шагналыг хүртэж, өдгөө ч дэлхийн хамгийн үнэ цэнтэй, нөлөө бүхий романуудын нэг хэвээр байна.

САЛХИ УНШСАН, ОДОО…

Азийн тэргүүн яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхайн сүүлийн жилүүдэд бичсэн шинэ өгүүллэгүүдийг багтаасан "Салхи уншсан, одоо…" өгүүллэгийн түүвэр уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ.

Түүний өгүүллэгүүд нь хүн хоорондын харилцаа, өнөөгийн технологи давамгайлсан нийгэмд хэрхэн мөн чанараа гээлгүй "хүн хэвээр үлдэх", үнэт зүйлсээ дотоод сэтгэлдээ яахин ухамсарлах талаарх сэдвийг уудалснаас гадна оюун ухамсарт бодгаль гэх тодорхойлолт үнэхээр бидэнд нийцэж байгаа юу гэдгийг эргүүцүүлсэн зэрэг олон агуулгыг бүтээл тус бүрдээ хөнджээ. Мөн тус өгүүллэгүүд нь Д.Урианхай зохиолчийн гүн ухааны эргэцүүлэл, модерн бичлэгээс гадна хүний зан авирын мунхаг талыг дүрүүдээрээ товойлгон гаргаж, мөнөөх эрс дорой чанарыг нь амьтан, эсвээс байгалийн хүншүүлсэн дүрслэлээр эерэгээр нөхжээ.

ЕСДҮГЭЭР САРЫН ЗАМ 

Яг арван жилийн өмнө алхаж явсан

замаараа би

Яг арван жилийн дараа өөрөөсөө

уйдах шиг алхнам…

Навчис шарлаж, намраас үүдсэн гунигтай өдрүүдэд унших ном нэгээр нэмэгдлээ. Яруу найрагч М.Уянсүхийн энэ түүвэр нь намраас үүдсэн гуниг, ганцаардлаар дамжуулан ертөнцийн жам, хүний сэтгэлийн оршихуйг эргэцүүлсэн шүлгүүдээс бүрдсэн. Уг номыг 2014 онд цөөн тоогоор хэвлэсэн бөгөөд Chimee  хэвлэлийн газар дахин хэвлэжээ.Яруу найрагч М. Уянсүхийн шүлэг, хүүрнэл аль нь ч мөнх бусын эргэцүүлэл дүүрэн байдаг онцлогтой. Мөн тэр нь тайлшгүй нууцыг тэмтэрч, хүршгүй алсад тэмүүлж байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.185.222

Саламан Рушдийн " Шуламын шүлгүүд"- ийг орчуулж гар гавал сонин бнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж