Дэлхийн удирдагчид нээлттэй микрофоны ард

Дэлхийн удирдагчид нээлттэй микрофоны ард

Дэлхийн удирдагчид нээлттэй микрофоны ард

Дэлхийн удирдагчид жил бүрийн есдүгээр сард Нью-Йорк хотноо чуулж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс үгээ хэлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд 80 дахь удаагийн чуулган ирэх Мягмар гаригаас /2025.09.23/ эхлэх гэж байна.

НҮБ нь 1945 онд 51 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 193 гишүүнтэй болж, хүрээгээ тэлжээ. Мөн НҮБ-ын гишүүн биш ч гэлээ ажиглагчийн статустай байдаг Ватикан, Палестин болон Европын холбооны удирдагчид үг хэлэх боломжтой.

Уламжлал ёсоор хамгийн эхэнд гишүүн орон Бразил үгээ хэлдэг. НҮБ анх байгуулагдсаны дараа Ерөнхий ассамблейн чуулганыг нээж үг хэлэх эсэхдээ ихэнх орон эргэлзэж байсан. Энэ үед сайн дураараа хамгийн эхэнд үг хэлсэн улс нь Бразил байсан учир уг уламжлалаа хадгалж үлдсэн аж.

Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны эзэн орон гэдэг утгаараа АНУ хоёрдугаарт үгээ хэлдэг.

Үүнээс цаашаагаа эхэлж ирсэн нь үгээ хэлэх маягаар дарааллаараа явдаг. Ингэхдээ төрийн тэргүүнүүд эхлээд үгээ хэлж, араас нь шадар сайд, ханхүү, засгийн газрын тэргүүн, сайд, арай доод албан тушаалын төлөөлөгчид гэсэн дарааллаар үгээ хэлнэ.

Үг хэлэх хугацаа 15 минутаар хязгаарлагдана. Ерөнхий ассамблейн нээлтийн үеэр хамгийн урт хугацаа зарцуулж үг хэлсэн тохиолдол 1960 онд бүртгэгдсэн байдаг. Тухайн үед Кубын удирдагч Фидель Кастро дөрвөн цаг 30 минутын турш үг хэлжээ. Үүний дараа 2009 онд Ливийн удирдагч Муаммар Гаддафи нэг цаг 30 минут гаруй хугацаанд үг хэлсэн байдаг.

Ерөнхий ассамблейн чуулган бүр нэг сэдвийн дор зохион байгуулагддаг. Удирдагчид өөрсдийн сэдэв рүүгээ орохоос өмнө тухайн жилийн сэдвийн талаар эхэлж үг хэлнэ.

Энэ жилийн тухайд "Хамтдаа илүү дээр: Энх тайван, хөгжил цэцэглэлт, хүний эрхийн төлөөх 80 жил" гэсэн сэдэвтэй.

Тэгвэл энэ жил үндсэн сэдвээс гадна ямар ямар асуудлыг хэн хөндөхийг доор тоймлон хүргэе: 

Газа: Газын зурвас дахь Израиль, Хамасын дайн эхлээд хоёр жил болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд буй үед НҮБ-ын Ерөнхий ассамблей чуулж байна. Палестины анклавд хүмүүнлэгийн хямрал даамжирч, өлсгөлөн хяналтаас гараад байна. Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалтай Беньямин Нетаньяху энэ удаагийн чуулганаар Израилийг төлөөлөн үг хэлнэ. Гэвч Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас биечлэн оролцохгүй, цахимаар үг хэлнэ. Яагаад гэвэл Израилийн тууштай холбоотон АНУ түүнд виз олгоогүй аж.

Украин: Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Лхагва гаригт Ерөнхий ассамблейн индрээс үг хэлж, дэлхий дахины дэмжлэгийг дахин хүсэх төлөвтэй байна. Харин ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров чуулганд оролцох ба Бямба гаригт үг хэлнэ.

Ерөнхий ассамблейн чуулганаас гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн Украины асуудлаар уулзалт зохион байгуулах аж. Ерөнхий ассамблейн чуулганаар ч тэр, Аюулгүйн зөвлөлийн уулзалтаар ч тэр Трамп юу хэлэх нь вэ гэдгийг бүх дэлхий ажиж байна. Трампыг Орост хориг арга хэмжээ авч, Путиныг хэлэлцээрт ятгах хүчин чармайлт гаргаж магадгүй гэж хүлээж байна.

Иран: Ерөнхий ассамблейн чуулган хаагдахаас өмнө Ираны цөмийн хөтөлбөрийн талаар яаралтай дипломат хэлэлцээ хийж магадгүй байна. Иран улс НҮБ-ын бүрэн хориг арга хэмжээг цуцлуулахыг хүсч буй. Тус улсын ерөнхийлөгч Масуд Пезешкян, Гадаад хэргийн сайд Аббас Аракчи нар энэ асуудлыг шийдвэрлэхээр хүрэлцэн ирнэ.

Сири: Сирийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараа энэ жил анх удаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцоно. Энэ бол түүний олон улс дахь анхны томоохон дебют. Гэхдээ түүний Хаяат Тахрир Аль-Шам бүлэглэлийг өмнө нь Аль Кайдагийн салбар Аль-Нусра фронт гэдэг байсан. Тус бүлэглэл ч, Ахмед аль-Шараа ч НҮБ-ын хориг арга хэмжээн дор байдаг гэдгийг онцлууштай. Хориг арга хэмжээг үл харгалзан түүнд есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Нью-Йоркод айлчлах тусгай зөвшөөрөл олгожээ.

Цаг уур: Дэлхийн цаг агаарыг цельсийн 1.5 хэмээр дулааруулахгүйн төлөө нийтээрээ хичээж буй өдрүүд. Цаг уурын өөрчлөлтөд илүү эмзэг мэдрэмтгий байгаа арлын жижиг улсын удирдагчид энэ асуудлыг хөндөх төлөвтэй байна.

Эмэгтэйчүүд: Даваа гаригт дэлхийн удирдагчид эмэгтэйчүүдийн эрхийн бага хурал нээгдсэний 30 жилийн ойн хүрээнд уулзана. НҮБ 1995 онд Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн дөрөвдүгээр бага хурлыг Бээжин хотноо зохион байгуулж байв. Даваа гаригт болох уулзалтаар 1995 онд тохиролцсон тунхаглалыг дахин хэрэгжүүлэх, нөөц бололцоогоор хангах, хэрэгжилтийг хурдасгах тухай хэлэлцэнэ.

Судан: Суданд хоёр жил хагасын хугацаанд үргэлжилж буй дайны асуудлыг ирэх долоо хоногт хөндөн хэлэлцэнэ. Хагас цэрэгжсэн Шуурхай туслах хүчин болон Суданы арми хоорондын дайныг НҮБ дэлхийн хамгийн аймшигтай хүмүүнлэгийн хямрал гэж нэрийдсэн билээ. "Quad" буюу АНУ, Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, Египет гэсэн дөрвөн улсыг дайтагч талуудад хамгийн их нөлөө үзүүлдэг гэж үздэг.

АНУ-Венесуэлийн сөргөлдөөн: АНУ өнгөрсөн сарын сүүлээр тэнгисийн хүчинээ Өмнөд Карибын тэнгист байршуулсан. Үүний дараа Венесуэль улс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт гомдол мэдүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар АНУ олон улсын усанд Венесуэлийн хоёр ч завийг сөнөөгөөд байна. Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль Бямба гаригт Ерөнхий ассамблейн индэрт үг хэлнэ. Энэ нь хоёр улсын харилцааг улам хурцатгаж ч магадгүй юм.

НҮБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох: НҮБ ирэх онд шинэ ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Гутеррешийн хоёр дахь таван жилийн бүрэн эрх 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж буй. Иймд дараагийн удирдагчаар хэнийг сонгох тухай Ерөнхий ассамблейн чуулганы үеэр хэлэлцэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.185.222

НҮБ-ын дараагийн дарга нь Монголоос тодрох болнол !

Avatar

Хэлэлцээшүү 2025-09-19 103.229.122.47

Наранжаргал орчуулга хийхдээ ганц үг цээжилнэ үү. Путиныг яриа хэлэлцээнд ятгах хүчин чармайлт гаргаж магадгүй гэж буулгана уу. Хэлэлцээр бол хэлэлцээ хийсний дараа байгуулдаг, гарын үсэг зурдаг эрх зүйн баримт бичиг-цаас!!! Тогтоогоод авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж