УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнтэй ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
–УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганы онцлог болоод хэлэлцэхээр хүлээгдэж байгаа чухал хуулийн төслүүд юу байна гэж бодож байна?
-Энэ удаагийн намрын чуулганаар анх удаа төсвийг V үе шаттай хэлэлцэхээр болж, есдүгээр сарын 15-нд нээлтээ хийснээрээ онцлог байна. Төсвийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийдэг болж байгаа нь сайшаалтай зүйл мөн. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй болоод энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэхээр батлагдсан, тов дараалалд орсон нийт 49 хуулийн нэмэлт, өөрчлөлт, төслүүдийг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэнэ. Миний хувьд Тамхины хяналтын тухай хуулийн төслийг бусад гишүүдтэйгээ хамтарч өргөн барихаар ажлын хэсэгт ороод ажиллаж байна.
-Ирэх 2026 оны төсвийн төсөв бол 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын гишүүдийн хувьд бараг тав дахь удаагаа хэлэлцэж байгаа төсвийн төсөл болж байгаа байх. Тэгэхээр энэ удаагийн төсвийн онцлог, давуу болон сул талыг юу гэж харж байна?
-Монгол Улсын төсөв гэдэг бол Засгийн газраас ямар бодлого баримталж, тухайн бодлогоо хэрэгжүүлэхэдээ ямар арга замууд хэрэглэх юм, түүний дараа ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нарийвчилсан төлөвлөгөө юм. Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролын жил болгож зарласан. Тэгтэл төсвийн төслийг харахаар боловсролын салбарт дорвитой ахиц дэвшил, өөрчлөлт гарах зүйл харагдахгүй байна. Яг хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад шинээр орох вэ гээд харахаар аль 2019 онд төсөвт суугаад төсөвт өртөг нь анхны үнийн дүнгээсээ 3 дахин өсчихсөн сунжирсан ажлуудаа энэ онд шахаад дуусгаж байна. Энэ бол Боловсролын жилийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажил биш. Төр олон жил гацсан барилга байгууламжийн ажлуудаа төсөвт өртөг нь дахиж нэмэгдэхээс өмнө дуусгах үүрэгтэй. Боловсролын жилийн хүрээнд хүртээмж, хүний нөөц, сургалтын чанар хэдэн хувиас хэдэн хувь хүрч сайжирах талаар тусгаагүй зүгээр л уриа лоозон дэвшүүлчихсэн. Эцэст нь аль ч үзүүлэлт нь сайжраагүй бахь байдгаараа л байдагт шүүмжлэлтэй ханпдахаас өөр арга алга. Үүнээс харахад ирэх оны төсөв бодит өөрчлөлт шинэчлэлт байхгүй, өмнөх алдаа дутагдалаа арилгаагүй, нөгөө л нэг урсгалаар нь боогоод оруулж ирсэн төсөв болсон байна гэж харж байна. Төрийн оролцоог багасгаад хувийн хэвшилүүдээ дэмжих талаар үе үеийн Засгийн газрын гишүүд уриа лоозон мэт ярьсаар ирсэн.
Гэтэл хэлсэн зүйлээ бодитоор ажил хэрэг болгох талаар, төрийн өмчит компанийн хувьчлалын талаар тусгасан ганц ч зүйл заалт, тоо байхгүй байгаа нь ирэх онд төрийн өмчит компаниуд данхар хэвээр байхыг илтгэж байна. Бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж хэлэх амархан. Хамгийн гол нь татварын орчныг бодитоор яаж сайжруулах юм, НӨАТ, НДШ яг хэдэн хувиар буурах тал дээр бодит өөрчлөлт харагдахгүй байна.
Тиймээс аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн нуруун дээрх татварын дарамт байсаар л байх нь. Тэд бүсээ чангалуулсаар л байх нь. Төрийн сангууд дээр явж байгаа элдэв төрлийн халамж, татаасаа бууруулж төсвийн зардлыг бууруулах тухай бас л ярьсаар ирсэн. Гэтэл ирэх оны төсвийн төсөл дээр бүх зүйл бахь байдгаараа л орж ирсэн. Тухайлбал, Хөдөө аж ахуйг дэмжих сан, ЖДҮДС, гурил тэжээл үйлдвэрлэгчдийг дэмжих сан, өөр юу юу ч билээ баахан сангууд бий. Эдгээр сангууд бол зах зээлийн цэвэр өрсөлдөөнийг хязгаарладаг. Төр өөрөө эдгээр сангуудаараа дамжуулж хүүгийн зөрүүг нь төлөөд тухайн салбаруудыг дэмжиж байна гэж андуурдаг. Энэ дундаас хамгийн их хождог нь бакны салбар. Арилжааны банкууд ямар ч эрсдэл хүлээхгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл олгоод, зөрүү хүүг нь төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргуулаад авчихдаг. Энэ мэтээр дэмжлэг нэрээр зах зээлийн зарчмаа татаж унагадаг, төрийн татаасаар амь зогоодог байдлыг өөрчлөх ёстой гэсэн байр суурийг олон гишүүн хэлж байгаа.
Харамсалтай нь, ойрын үед өөрчлөгдөх шинжгүй байна. Төрөөс халамжлах ёстой иргэддээ халамж хүртээх нь зөв. Тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан холбогдох тэтгэмжүүд гэх мэт. Гэтэл чөлөөт зах зээлийн зарчмыг зөрчиж бизнес эрхлэгчдэд зориулсан халамж, татаасууд дээр бодиттой өөрчлөлт гарахгүй байна. Эдгээр нь төсөвт дарамт болж байна.
-Энэ оны буюу 2025 оны төсвийг УИХ-аар алдагдалгүй баталж, цаашид ч төсвийг алдагдалгүй байх суурь нөхцлийг бүрдүүлж байгааг онцолж байсан. Гэтэл ирэх оны төсвийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай оруулж ирлээ шүү дээ. Алдагдалгүй төсөв батлах боломж харагдаж байна уу?
-Төсвийг дандаа алдагдалгүй батлах ёстой гэж туйлширч болохгүй л дээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулах нь зүйтэй. Эдийн засаг эрчимжиж байгаа үед аль болох алдагдалгүй төсөв баталж, илүү гарсан орлогоо хуримтлуулах учиртай. Харин эдийн засаг агшсан үед эдийн засгийн эргэлтээ сайжруулахын тулд тодорхой хэмжээний алдагдалтай төсөв баталж болно. Тиймээс ирэх онд 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байх нь тийм ч муу зүйл биш. Хамгийн гол нь хуулийн дагуу урсгал зардлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, тэтгэврийг жил бүр инфляцитай уялдуулан нэмэх ёстой. Төсөв дээр тавигдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гэх мэт бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой урсгал зардлууд хуулийн дагуу нэмэгдэж байна. Өнгөрсөн жил энэ 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас анх оруулж ирэхдээ маш өөдрөг төсөв оруулж ирж байсан. Нүүрсний үнийг 105 ам доллараар тооцож, цаашид нүүрсний үнэ унахгүй гэсэн таамаг дэвшүүлж байсан. Гэтэл төсвийн жил нь эхэлж ч амжаагүй байхад нүүрсний үнэ унаж эхэлсэн. Тэгвэл ирэх оны төсвийн төслийн тухайд ч мөн л өөдрөг төсөв болсон гэж харж байна. Хэдийгээр нүүрсний үнэ уналттай холбоотойгоор 70 ам. доллараар 90 сая тонн нүүрс экспортлоно гэдэг төсөөлөл бол геополитикийн хувьд эргэлзээ, ээдрээтэй үед өөдрөг төсөөлөлдөө орно.
-Төсвийн бодлогоор дамжуулж ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн ямар ажлууд хийгдэж байна?
-Төсвийг нэгэнт таван үе шаттай хэлэлцдэг болсон учраас төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд идэвхи санаачилгатай ажиллаж, зарчмын зөрүүтэй саналууд гаргана. Шинэ Засгийн газраас оруулж ирсэн төсөв өмнөх Засгийн газрын арга барилаас салахгүй байна. Өнөөдөр реформын шинэжтэй хүлээгдэж байгаа маш олон төслүүд байна. Иргэд, сонгогчид ажиллаж, амьдрах, бизнес эрхлэхэд ээлтэй хууль эрх зүйн таатай орчин л хүсч байна. Түүнээс биш халамж, орон гэр хүсэхгүй байна. Иргэдийнхээ хүсэл зоригийг эрх баригч нам, Засгийн газрын гишүүд ойлгохгүй байна. Иргэд өөрийн хүссэн бизнесээ эрхлэх, тэгээд сайхан амьдрах орчныг нь бүрдүүлж өгөхийн оронд жил бүр ногдол ашиг нэрээр халамж тараасаар байна. Хамгийн наад зах нь шинээр жижиг бизнес эрхлэх гэхээр цахилгааны эх үүсвэрт холбогдох боломжгүй байна. Ийм байхад шинээр ажлын байр бий болох боломж байхгүй. Өнгөрсөн жилүүдэд ч төсөв ийм бодлогогүй явж ирсэн учраас нийтээрээ хар нүхэнд унасан. Тиймээс одоо реформ хийх шаардлагатай байна.
Уг нь бол шинэ Засгийн газар бүрэлдээд удаагүй байхад нь гээд шүүмжлэхээс илүүтэй дэмжиж ажиллахыг олон хүн хичээсэн байх. Одоо бараг 100 хоног болох гэж байна. Хамгийн эхний ажлын шалгуур бол төсөв. Оруулж ирсэн төсвийн төслийг нь харахад шүүмжлэх зүйл олон байгаад сэтгэл дундуур байна.
-Нэг Засгийн газар гарч ирээд өмнөх Засгийн газрынхаа бодлогыг өөрчилдөг байхаас илүүтэй урт хугацаандаа дагаж мөрдөхөөр баталсан Хөгжлийн хөтөлбөрөө баримтладаг байх нь чухал биш үү?
-УИХ-аас баталдаг хөгжлийн хөтөлбөрүүд яг үнэндээ мөрөөдлийн жагсаалт болчихсон. Дандаа хөрөнгө оруулалтын шинжтэй зүйлүүдийг жагсаачихсан. Гэтэл хууль эрхзүйн орчноо сайжруулах, судалгаа шинжилгээний ажлууд нь ард хоцроод байна. УИХ хууль батлах үндсэн үүрэгтээ анхаарах биш дандаа төсвийн мөрөөдлийг жагсаалтыг батлаади байна. Нэгэнт асар урт мөрөөдлийн жагсаалт байгаа учраас юу ч оруулж ирсэн УИХ-аас баталсан хөгжлийн хөтөлбөрт нийцэж байгаа гэдэг зүйл яригддаг. Энэ байдлыг өөрчлөх ёстой гэж боддог. Түүнчлэн гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийнхээ үр ашиг, эдийн засагт оруулж байгаа өгөөжийг нь зөв тооцох учиртай. Гадаадын өр зээл дээрээ тэнцвэрээ маш сайн хадгалах нь зөв. Бид гаднаас өндөр хүүтэй зээл аваад түүнийхээ үр ашгийг зөв тооцохгүй бол эргэн төлөх хүүгийн дарамт өндөр байна. Сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойтой холбоотой зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөж байна.
Жилийн 11.1 хувийн хүүтэй, дээр нь хүүгээс хүү бодогддог нийлмэл хүүгийн аргаар боддог тухайн зээлтэй холбоотойгоор анх авсан зээлээсээ давсан хүүгийн хуримтлал үүсчихсэн байгаа нь Монгол Улсын гадаад өрийн 50 хувиас дээш хувийг эзэлж байна.
Нэгхэн төсөл дээр оруулсан зээлийн хүү дэндүү өндөр болчихсон байна. Энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Гэтэл зарим тохиолдолд үр өгөөж өндөр төслийг багахан хэмжээний зээлээр барьж, босгох гэхээр өр зээлийн хувь хэмжээг нэмэгдүүллээ гээд шүүмжлээд, татаж унагадаг байж болохгүй. Монгол Улс цаашид хэдий болтол ийм байдлаар явах вэ, энэ байдлаа яаж өөрчлөх вэ гэдгийг одооноос бодох ёстой. Хувийн хэвшилд оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Монгол Улсаас түүхийгээр нь гаргаж байгаа бүтээгдэхүүн нэг бүрийг хамгийн багадаа 1-2 шат боловсруулж гаргадаг баймаар байна. Үүнийг төр хийж чадахгүй. Харин бизнесийн байгууллагууд гадны хөрөнгө оруулагчидтай хамтраад хийж чадна. Төр өөрийн үүргийн хүрээнд дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, хил гаалийн хүнд суртлыг нь багасгах гэх мэтээр өөрийн хийж чадах зүйлээ хийх ёстой.
3,595.72






















































Холбоотой мэдээ