Сурвалжлага: Хоолзүйчтэй болсноор сурагчид шим тэжээлтэй хоол идэж байна

Хуучирсан мэдээ: 2025.09.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хоолзүйчтэй болсноор сурагчид шим тэжээлтэй хоол идэж байна

Сурвалжлага: Хоолзүйчтэй болсноор сурагчид шим тэжээлтэй хоол идэж байна

"Би өдрийн хоолоо сургууль дээрээ идэх дуртай. Надад будаатай хуурга, цуйван нь илүү амттай санагддаг. Заримдаа гэртээ цайгаа ууж амждаггүй ч сургууль дээрээ ирээд амттай хоол идэх нь гоё" гэдгийг нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч хүү хэлсэн юм. Улсын сургуулийн сурагчид сургууль дээрээ 2500 төгрөгтөө тааруулан нэг, хоёрдугаар хоол идэхээс гадна жимс жимсгэнэ, сүү уудаг. Учир нь тус сургууль энэ хичээлийн жилээс мэргэжлийн хоолзүйчтэй болсноор сурагчид үдийн хоолондоо дуртай болж, хичээлийн идэвхи ч нэмэгдсэн гэдгийг багш нар хэлж байв. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаа "Үдийн хоол" хөтөлбөрийг жишиг байдлаар хэрэгжүүлж буй нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас бэлтгэлээ.

Тус сургуульд бага анги буюу 1-5 дугаар ангид нийт 1430 сурагч суралцдаг. Сурагчид хоёр ээлжээр "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагддаг байна.

Хоолзүйч Ж.Бат-Оюун энэ сургуульд ажиллаад таван сар болж байгаа ч богино хугацаанд сурагчдын үдийн хоолны орц, найрлага, цэс илт сайжирч, чанартай болсон гэдгийг тогооч нар нь хэлж байлаа. Сургуулийн хоолзүйч өглөө ажилдаа ирээд сурагчдын ирцийг авч, тогооч нар хоолны дээжээ авах, цэсийн дагуу хийж байгаа эсэхийг хянаж, ажилладаг байна.

"СУРАГЧИД ХООЛЗҮЙЧДЭЭ ТУСГАЙЛАН ЗАХИАЛГА ӨГЧ, ӨӨРСДИЙН САНАЛАА ХЭЛДЭГ"

Тэрбээр "Би 2024 онд "Хүрээ" мэдээлэл холбоо, технологийн дээд сургуулийг хоолзүйч мэргэжлээр төгссөн. Тэгээд энэ оны хоёрдугаар сараас нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуульд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Улсын ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоолны зардал өмнө нь 1500 төгрөг байсан бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 2500 төгрөг болж нэмэгдсэн.

Манай сургуулийн хувьд ангиар нь үдийн хоолоо өгдөг. Долоо хоногт дөрвөн төрлийн багц хоол өгдөг бөгөөд багцад нэг, хоёрдугаар хоол өгөхөөс гадна үндсэн хоол, хачир, уух зүйл багтдаг.

Мөн сурагчдадаа жимс жимсгэнэ, сүүн сүүн бүтээгдэхүүн түлхүү өгөхийг боддог. Хэдийгээр улсаас нэг хүүхдэд олгож буй 2500 төгрөгт хангалттай мөнгө биш ч гэсэн энэ мөнгөндөө тааруулан хүүхдүүдэд тодорхой хэмжээний шим тэжээлтэй хоол өгөхийг хичээн ажиллаж байна. Хоолноос гадна жимс жимсгэнийг ариутгаж бүтнээр нь өгдөг учраас хүүхдүүд маш дуртай байдаг. Хоолны орц найрлагаас гадна өнгө маш чухал.

Тус сургуульд өмнө нь хоолзүйч ажилладаггүй байхад үндсэн хоол буюу нэг аяга шөл юм уу хуургыг уух зүйлтэй өгдөг байсан. Гэтэл энэ жилээс сэт дөрвөн төрлийн хоолыг сурагчдад өгч байгаад эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв.  Бага ангийн сурагчдын хувьд хоёрдугаар хоол тэр дундаа тахианы мөчтэй хоолдоо хамгийн дуртай гэнэ. Зарим нь хоолзүйчдээ тусгайлан захиалга өгч, "Ийм гоё хоол идмээр байна" гэх өөрсдийн саналаа хэлдэг аж.

ЭЦЭГ ЭХ: СУРГУУЛИЙН "ҮДИЙН ХООЛ" ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА

Сургуулиас хүүхдээ авахаар ирж 10 эцэг эхээс "Таны хүүхэд сургууль дээрээ ямар хоол иддэг вэ?" гэж асуухад тэдний ихэнх нь буюу найм нь "Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан үдийн хоол хөтөлбөрт 2500 төгрөгийг улсаас төсөвлөдөг. Энэ мөнгө хангалтгүй" гэдэг хариултыг өгч байв. Эцэг эхийн төлөөлөл З.Төрболд "Манай хоёр хүүхэд энэ сургуульд сурдаг. Нэг нь энэ жил нэгдүгээр ангид орсон бол эгч нь дөрөвдүгээр ангид суралцдаг. Хүүхдийнхээ сургуулийн үдийн хоолны талаар мэдээлэл бага байдаг. Жил болгон үдийн хоол хөтөлбөрөө танилцуулсан өдөрлөгийг зохион байгуулдаг. Тэр өдөрлөгөөр л үдийн хоолтой нь танилцана гэж бодож байна. Ер нь чихэрлэг хүнс бага, аль болох цагаан идээ өгч байвал сайн" гэдгийг хэлсэн юм.

Харин зарим эцэг эх хүүхдийнхээ хоол хүнсэнд ихээр анхаарч, байнга мэдээлэл авдаг гэв. "Сурагчид сургууль дээрээ 2500 төгрөгөөр шим тэжээлтэй хоол иддэг болсонд маш сэтгэл хангалуун байгаа. Сургуулиас нь "Үдийн хоол" хөтөлбөртөө тусгайлан анхаарч хоол зүйч ажиллуулснаар олон давуу тал ажиглагдаж байна. Хэдийгээр улсаас олгож байгаа мөнгө нь хангалтгүй ч энэ мөнгөндөө тааруулаад, амттай хоол өгч байгаа нь сайшаалтай" гэдгийг эцэг эхийн төлөөлөл З.Туяа хэлэв.

2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1-5 дугаар ангийн 380 гаруй мянган сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна.

"Манай хүүхэд нэгдүгээр ангид суралцдаг. Сургуулийн "Үдийн хоол" хөтөлбөрийн талаар мэдээлэл муутай байна. Заримдаа хүүгээсээ "Ямар хоол идсэн бэ" гэж асуухаар "Алим, багана идэж, үзэмний шүүс уудаг" гэж хариулдаг юм. Нэг хүүхдийн хоолонд улсаас 2500 төгрөг төсөвлөж байгаа нь хангалтгүй санагддаг. Эцэг эхийн зүгээс аль болох хоол унд нь анхаарахыг хичээдэг. Сургуулийн "Үдийн хоол"  хөтөлбөртэй нь хараахан танилцаж амжаагүй байна. Ямар ч байсан энэ сургуулийн гал тогоо нь жишиг болох гэж байгаа гэдэг мэдээллийг сонссон" гэдгийг тус сургуулийн эцэг эхийн төлөөлөл хэлсэн юм.

"СУРАГЧИД БӨӨРӨНХИЙ МАХТАЙ ХУУРГА БОЛОН ХОЁРДУГААР ХООЛОНД ИЛҮҮ ДУРТАЙ"

Үдийн хоолоо амтархан идэж дууссан хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ орохоор хувцсаа сольж байлаа. Энэ бол тус сургуулийн 3Г ангийн сурагчид. Нийт 48 сурагчтайгаас 46 нь хичээлдээ ирсэн байлаа. Тэд бүгдээрээ сургуулийн үдийн хоолоо идэх дуртай гэдгээ ам уралдан хэлж байв.

Ангийн багш Д.Баасансүрэн "Сургууль маань "Үдийн хоол" хөтөлбөртөө анхаарч, мэргэжлийн хоолзүйчтэй болсноор сурагчид өдөр бүр шим тэжээлтэй, чанартай хоолыг сонирхолтой байдлаар хийж өгдөг болсон. Өнөөдөр гэхэд жигнэсэн пирожки, луувангийн салат, үзэмний шүүс сурагчдад өгсөн. Хүүхдүүд сургуулийнхаа үдийн хоолонд өдөр бүр өөр өөр хоол иддэг. Ялангуяа бөөрөнхий махтай хуурга болон хоёрдугаар хоол идэх их дуртай байдаг. Нэгдүгээр хоолноос гэвэл далайн байцаатай шөл, луувангийн зутанг их дуртай иддэг. Сурагчид маань хоолоо нэмүүлэхээс идэхгүй аягандаа үлдээдэггүй. Мөн нэг, хоёрдугаар хоолноос гадна бүтэн жимс, сүү, луувангийн шүүс өгдгөөрөө онцлог" гэдгийг хэлсэн юм.

Судалгаагаар өглөөний цай тогтмол уудаг сурагч 16.8 хувийг эзэлж байгаа бол үлдсэн хувь нь өглөөний цай байдаггүй, хааяа уудаг, огт уудаггүй гэдгийг албаныхан мэдээлж байв. Жишээлбэл, нэг сургуулийн 1000 гаруй хүүхдийн 700-800 нь үдийн цайг тогтмол ууж чаддаггүй гэсэн үг.

Гэтэл бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах ёстой. Гэвч улсын сургуулиудад "Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжүүлэхэд эцэг эхийн идэвхи санаачлага, сургуулийн удирдлагын сэтгэл дутсанаас хүүхдэд эрүүл чанартай хоол хүнс өгч чадахгүй байгааг иргэд хэлж, шүүмжилж байгаа юм.  Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургуулиудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлээд таван жил өнгөрсөн ч асуудал бүрэн шийдэгдээгүй л байна. Энэ талаарх эцэг эхчүүдийн гомдол ч тасардаггүй. Тийм учраас бид энэ асуудалд анхаарч, зарим ерөнхий боловсролын сургуулиуд мэргэжлийн хоолзүйч ажиллуулж байгаа сайн жишгийг харуулахыг зорилоо.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж