Намрын чуулганы нээлтийн өмнө яаран сандран улс төр хийж, МАН-ын даргын сунгаанд оролцохоо зарласан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өдөр болгон хувийн аккуантаараа мэдэгдэл гаргадаг зуршилтай болов.
2025.09.14
МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой. Д.Амарбаясгаланг Женкотой холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр шөнө, өглөө оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч байна! МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал! Би МАН-ын даргад өрсөлдөнө.
2025.09.15
Сүүлийн үед “Админерал” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, тус компанийн эзэн нь Д.Амарбаясгалан, мөн “X.Мандахбаяртай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд байсан” гэх мэт ор үндэсгүй, баримтгүй мэдээллийг “Гранд Экстернал Инвестор” ХХК-ийн www.uul.mn сайт санаатайгаар нийтэлсэн.
Ийм худал мэдээллээс нэр төрөө сэргээлгэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс “Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч ‘Гранд Экстернал Инвестор’ ХХК-д даалгаж, түүний нэр хүндийг сэргээсүгэй” гэсэн шийдвэр гаргасан болохыг үүгээр МЭДЭГДЭЖ байна.
…Төрийн албан тушаалтны нэр хүндийг гутаах оролдлого хууль, шүүхийн өмнө хариуцлагаас мултрах боломжгүй гэдгийг анхааруулъя.
2025.09.16
Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу.
2025.09.17
Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ.
Эдгээр мэдэгдлээс нь харахад УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд улс орны асуудлаас илүү намын даргын тамга чухал бололтой. Тамга “атгах” нь түүний хувьд өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа нь илт. Улс орны эдийн засгийн хямрал үнэндээ Д.Амарбаясгалангаас холуур тойрохгүй. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа улс орны эдийн засагт хямрал авчрах олон алдаатай бодлого хэрэгжүүлсэн гол хүмүүсийн нэг. Тухайлбал, “Шинэ хоршоо” төслийг хэрэгжүүлж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан. Төрийн өмчийг томруулж, төрийн албыг данхайлгасан.
Д.Амарбаясгалан бол намдаа ч, улстөрд ч шинэ хүн биш. Товчхондоо, Монгол төрийн зовлонгийн нэг нь Д.Амарбаясгалан өөрөө. Нэгд,МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан. Тиймээс намын шинэчлэл хийнэ гэсэн итгэл үнэмшил харагдахгүй байна. Хоёрт, ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа дотоодын аж ахуйн нэгжийг дампууралд хүргэсэн гол буруутан.
Гуравт, Монголын улс төрийн намуудын түүхэнд намын гал тогоог, засгийн гал тогтоотой хавсарч хийсэн ганц хүн бол Д.Амарбаясгалан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг, ЗГХЭГ-ын даргатай хавсарч хийснээрээ тэрбээр “тамга”-нд хэчнээн дуртай болохоо харуулсан. Одоо МАН-ын тамгыг УИХ, Засгийн газрын тамгатай нь атгахаас буцахгүй байна. Монголчууд их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг.
Тэгвэл нөгөө талд Г.Занданшатар улсын төсөв, улс орны эдийн засаг ярьсаар явна. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын сүйрүүлсэн улс орноо өөд татах завгүй яваа нь худлаа биш. Тэрбээр “Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулна. Энэ хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн өгөөжийг иргэддээ шударгаар, тэгш хүртээх зарчим баримтална.
Ерөнхий сайд, эдийн засагч хүний хувьд миний барьж буй томоохон зорилт бол татварын гурав дахь шатны иж бүрэн шинэчлэл юм. Энэ шинэчлэл бол ард иргэд, баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж, татварын ачаалалыг 3-4 их наяд төгрөгөөр хөнгөлөх түүхэн эхлэлтэй төсөв юм.
2026 оноос эхний дорвитой алхмаа хийнэ. Иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт хоёр биш, таван хувь болж нэмэгдэнэ. Ингэснээр ард түмний 80 хувь буюу арван монгол хүн тутмын наймынх нь данс, халаасанд 2.5 дахин их үлдэнэ. Ард түмний хармаанд илүү мөнгө үлдэж, НӨАТ-ын ачаа дарамт хоёр дахин багасна” гэж эдийн засагт хийх реформоо танилцуулсаар яваа юм. Түүний хувьд намын тамганаас илүү улс орноо эдийн засгийн хямралаас хэрхэн гаргаж, иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт сэтгэлээ чилээж яваа нь илт.
Гэх мэтчилэн харвал УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өдөр болгон намын тамга ярьсаар, Ерөнхий сайд Г.Занданшатар өдөр шөнөгүй улс орны эдийн засаг, нийгмийн асуудалдаа анхаарсаар.
Намын даргад өрсөлдөнө гэж өдөр болгон мэдэгдээд, мэгдэж гүйгээд байгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан улсын эрх ашгаас хувийн хүсэл шунал нь илүү байгаа бололтой. Ядаж л Н.Энхбаярын яриад байгаа 10 тэрбумын алдагдалд хүргэсэн тогтоолынхоо талаар товч тайлбар ч өгч чадахгүй явна шүү дээ.
Б.БАТ
3,595.72





















































Холбоотой мэдээ