"Z" үеийнхний итгэлийг хүлээсэн БҮҮМЕР

ХҮМҮҮС

"Z" үеийнхний итгэлийг хүлээсэн БҮҮМЕР

"Z" үеийнхний итгэлийг хүлээсэн БҮҮМЕР

Балба залуус авлига болон цахим сүлжээний хоригийг эсэргүүцэн жагсаал цуглаан өрнүүлснээр тус улсын ерөнхий сайд КП Шарма Оли огцорсон. Түүний оронд балбачууд ерөнхий шүүгч асан бөгөөд авлигын эсрэг дуу хоолой гэгддэг Сушила Каркиг түр ерөнхий сайдаар томилоод буй. Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа Балбын хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд болоод буй Сушила Каркиг онцолж байна.


Сушила Карки 1952 оны зургадугаар сард Балбын зүүн хэсгийн Биратнагар хотод долоон хүүхэдтэй айлын ууган охин болж мэндэлжээ. Тэрбээр Биратнагар дахь Махендра Моран коллежид сурч, 20 насандаа урлагийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй болсон. Дараа нь Энэтхэгийн Банарас Хинду их сургуульд улс төрийн ухаанаар мастерын зэрэг хамгаалаад, эх орондоо эргэн ирсэн байна. 1978 онд Трибуван их сургуульд хуулийн чиглэлээр сурсан хойноо тэр Балбын зүүн хэсгийн Даран хотод багшаар хэсэг ажиллажээ.

Түүний нөхрийг Дурга Прасад Субеди гэх бөгөөд залуудаа Балбын Конгрессын залуучуудын жигүүрийн удирдагч байжээ. Сушила Каркиг Банарас Хинду их сургуульд сурч байхад Дурга Прасад Субеди багш нь байв. Тэдний хувийн амьдралын талаарх мэдээлэл хомс. Википедиад мэдээлснээр тэд дор хаяж нэг хүүхэдтэй.

Сушила Карки балба хэлнээс гадна хинди, англи хэлээр ярьдаг.

Тэрбээр 2016 онд Балбын хамгийн анхны эмэгтэй ерөнхий шүүгч болсон байдаг.

Гэвч Сушила Каркигийн тэргүүлсэн шүүх Жая Бахадур Чандыг цагдаагийн даргаар сонгох эрхийг цуцалсанд бухимдсан засгийн газрын гишүүд 2017 оны тавдугаар сард түүнийг огцруулахыг оролджээ. Энэ оролдлогыг шударга бус бөгөөд улс төрийн зорилготой үйлдэл гэж тухайн үед НҮБ мэдэгдэж байв. Эцэст нь импичмент бүтэлгүйтсэн ч гэлээ Сушила Карки ердөө нэгхэн сарын дараа хуулийн дагуу тэтгэвэртээ гарсан юм.

Тэтгэвэрт гарсныхаа дараа тэр өөрийн амьдрал болон ардчилалд бие даасан шүүх хэрэгтэй гэх итгэл үнэмшлийнхээ талаар өгүүлсэн "Nyaya" дурсамж номоо хэвлүүлжээ. Мөн 2018 онд "Kara" нэртэй зохиолоо хэвлүүлсэн. Панчаяат систем буюу хуучин дэглэмийг устгасан ард түмний хөдөлгөөнд Сушила 1990 онд нэгдэж байв. Уг хэргийнх нь төлөө түүнийг баривчилж, шоронд хорьж байсан удаатай бөгөөд "Kara" романд тухайн үеийн туршлагаасаа хөндөн бичжээ.

Сушила Карки тэтгэвэрт гарсан хойноо ном бичихээс гадна олон нийтэд хууль, ардчилал, шүүхийн бие даасан байдлыг таниулах яриа хийдэг болсон. Энэ хүрээнд тэрбээр янз бүрийн хэлэлцүүлэгт оролцож, ярилцлага өгдөг байв.

Түүнийг ерөнхий сайдаар томилогдоход хүргэсэн энэ удаагийн жагсаалд "Z" үеийнхэн голчлон оролцсон гэдгээрээ онцлог байлаа. Тэгвэл залуу үе тэтгэвэртээ гарсан ерөнхий шүүгчийг яагаад сонгов гэдэг сонин.

"Катманду Пост" хэвлэлд 24 настай залуу сэтгүүлч Аниш Гимре түүний насны талаар бичихдээ "Энэ асуудал хүмүүсийн санааг зовоож байна. Гэхдээ хүмүүс хамгийн гол нь итгэж болохуйц хэн нэгнийг хүлээж байгаа. Залуу жагсагчид Сушила Каркийн амьдрал, карьерын талаар судалгаа хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан. Засгийн газрын олон ч сайд Каркиг өөрийнхөө талд урвуулахыг хүсч байсан гэдэг. Гэсэн ч Карки шаардлагыг нь биелүүлэхээс татгалздаг байсан. Зургаан сарын дараа бид шинэ залуу хүнийг харж магадгүй л юм" гэжээ.

Харин Балбын Покхара их сургуулийн Бизнесийн сургуулийн туслах профессор Йог Раж Ламичхане хэлэхдээ "Балбын анхны эмэгтэй ерөнхий шүүгч Сушила Карки нь авлигын эсрэг бэлгэ тэмдэг байсан учир залуу жагсагчид түүнийг дэмжсэн" гэсэн юм.

Үндсэндээ Сушила Каркиг түр ерөнхий сайдаар томилсон нь түүний авлигын эсрэг дуу хоолой гэдэгтэй салшгүй холбоотой. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн манлайлалд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж байгаатай холбоотой гэж олон хүн үзэж байна. Энэ талаар Балбын яруу найрагч, жүжгийн зохиолч, профессор Абхи Субеди хэлэхдээ "Ийм хямралын үед түүний ерөнхий сайдаар сонгогдсон нь манай нийгэм эмэгтэйчүүдийн эсрэг биш гэдгийг харуулж байна. Шударга ёсны төлөө тууштай зогсох чадвар бол түүний хүч чадал. Түүний зүрх зориг, зан чанар, алсын хараа нь залуу үеийн сонголтод түлхэц үзүүлсэн юм" гэжээ.

Сушила Карки 2026 оны гуравдугаар сард болох ээлжит бус сонгууль хүртэл шилжилтийн засгийн газрыг удирдана. Ням гаригт албан тушаалаа хүлээж авахдаа тэр "Би энэ албан тушаалыг эрэлхийлсэн учраас энд ирээгүй. Харин ард иргэдээс Сушила Каркид хариуцлага хүлээлгэхийг шаардсан дуу хоолой гарч байсан учраас ирсэн" гэсэн юм. Мөн авлигыг арилгах, сайн засаглал, эдийн засгийн тэгш байдлыг хангах залуучуудын шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр "Бид залуу үеийн сэтгэлгээний дагуу ажиллах ёстой.

Би ямар ч нөхцөлд зургаан сараас илүү хугацаанд энд үлдэхгүй. Харин үүргээ биелүүлээд, дараагийн парламент, сайд нарт ажлыг нь хүлээлгэн өгөхөө амлаж байна" гэжээ.

Өдгөө Балба улс шийдвэрлэх мөчид, салаа замын уулзварт ирээд байна. Нэгэн цагт авлига, улс төрийн хөндлөнгийн оролцоотой тэмцэж байсан Сушила Карки улс орныг тогтвортой байдал, ардчилалд хөтөлж чадах болов уу. Хөл толгойгоо олохгүй үймж бужигнаж буй залуусын итгэл найдварыг биелүүлж чадах эсэх нь түүний хойч үедээ үлдээх өв болохын зэрэгцээ Балбын эмзэг ардчиллын цаашдын замналыг тодорхойлно.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA, DW, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-18 203.98.77.237

Манай Z үеийнхэн бол Непалууд шиг ахмадаа хүндэлж дэмжихгүй бүгдийг хөгшин төгцөг гээд Их хуралд гараад суучихсан увайгүй бүх ааш занг гаргаад л байж бна ЯЛГАА бий шүү

Avatar

Зочин 2025-09-18 103.229.121.27

УБаар дүүрэн тагнуулч болж бгаа гэж онгирсон залуус Тэгээд бүгдий нь ажилд авдаг юм байхдаа

Avatar

Нэргүй 2025-09-18 103.212.162.214

iim yumand amarhan itgej bdg

Avatar

Нэргүй 2025-09-18 59.153.115.254

Харамсалтай нь манайд ардчилалын төлөө авилгын эсрэг тэмцэж байна гэж цээжээ нүдчихээд гарахаараа авилгачин ардчиллын эсрэг болдог хуурамч дүрүүд АН, ХҮН -хэнд их байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж