Дэлхийн экспо 2025 үзэсгэлэн Японы Осака хотноо үргэлжилж буй. Уг экспо аравдугаар сард хаагдах бөгөөд зохион байгуулагч болох холбогдох байгууллагууд бэлэг тэмдэг болсон "Grand Ring" байгууламжийн нэг хэсгийг хадгалах болжээ. Дэлхийн хамгийн том модон архитектурын бүтээлээр тооцогддог энэхүү байгууламж нь нь 20 метрийн өндөр, хоёр километр орчим урттай цагариг юм.
Экспогийн зохион байгуулагч Японы холбоо, Осака муж, хотын захиргаа, бизнесийн салбар зэрэг оролцогч талууд өмнө нь уг байгууламжийг арга хэмжээ дууссаны дараа хэрхэн ашиглах талаар хэлэлцсээр байсан. Улмаар Мягмар гаригт (2025.09.16) болсон уулзалтаар тэд цагариган байгууламжийн хойд хэсгийн 200 метр хэсгийг анхны хэлбэрээр нь хадгалж, олон нийтэд нээлттэй байлгахаар тохиролцжээ. Үүнтэй зэрэгцэн, Осака хотын захиргаа уг цагариг болон ойр орчмын талбайг нь цэцэрлэгт хүрээлэн болгон хадгалах үүрэг хүлээсэн байна.
Засвар, үйлчилгээний зардлыг Осака хотын төсвөөс гаргахаар төлөвлөж байгаа төдийгүй мужийн захиргаатай хамтран санхүүгийн ачааллыг хуваах, улсын татаас авах зэрэг арга замыг судалж байна.
Түүнчлэн экспогийн санхүүгийн тайлан гарсны дараа үлдэгдэл хөрөнгө гарах юм бол үүнийг засварын ажилд мөн ашиглах боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байна. Мөн хувийн хэвшлээс дэмжлэг авахыг зорьж байна.
Анх Осакагийн хот, мужийн захиргаа энэхүү байгууламжийг хамгаалах, менежмент хийх ажлыг хувийн хэвшилд шилжүүлэхээр төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч модны байдлыг нарийвчлан үнэлэх, бусад судалгаа хийхэд хугацаа шаардлагатай тул хот өөрөө менежментээ хариуцах шийдвэр гаргажээ. Уг байгууламжийг сэргээн засварлаж, дараагийн 10 жилийн турш арчлан хамгаалахад нийтдээ ойролцоогоор 5.5 тэрбум иен буюу 37.5 сая ам.долларын зардал гарах төлөвтэй байна.
3,602.33















































