АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мягмар гаригт /2025.09.16/ "ТикТок" платформын хоригийг дахин гурван сараар хойшлуулах зарлигт гарын үсэг зуржээ. Платформыг нэг бол зар, эс бол АНУ-д хориглоно гэсэн шаардлагыг "ТикТок"-ийн толгой компани "ByteDance"-д Вашингтон тавьсан билээ. Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээсээ хойш ийнхүү "ТикТок"-ийн хоригийг дөрөв дэх удаагаа сунгаж байна. Өмнөх сунгалтын хугацаа өнөөдрөөр /2025.09.17/ дуусгавар болж буй.
Мадридад хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа АНУ, Хятадын дээд албан тушаалтнууд платформыг Америкийн 170 сая хэрэглэгчид нээлттэй үлдээх тал дээр тохиролцож чадсан бололтой. Трамп Мягмар гаригт мэдэгдэл хийхдээ "Бид хэдийнэ тохиролцоонд хүрсэн. Платформыг худалдаж авахыг хүсч байгаа маш том компаниуд олон байна" гэсэн юм.
Мөн тэрбээр ирэх Баасан гаригт Хятадын дарга Ши Жиньпинтэй ярилцах болжээ. Трамп, Ши нар удахгүй утсаар ярихаараа эцсийн цэгийг хатгана гэдгийг Мадридад болсон хэлэлцээнд оролцсон АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлсэн байна.
"ТикТок"-ийг хэрхэн салгах нарийн бүтэц одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ АНУ-ын зарим хэвлэлд мэдээлснээр Вашингтоны талаас технологийн аварга "Oracle Corp" гэх мэт хөрөнгө оруулагчдын консорциум платформд хяналт тавьж магадгүй.
3,595.72






















































Холбоотой мэдээ