Нийгмийн цочроосон онц гэмт хэргүүдийн талаарх мэдээлэл олон нийтийг айдаст автуулж байна. Бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгтнүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хатуу шийтгэл оноохыг иргэд шаардах болсон. Үүнтэй зэрэгцээд зарим улстөрчид хувьсгал ярьж, УИХ-ын нэр бүхий гишүүд цаазын ял сэргээхийг илтэд уриалах болов.
Монгол Улс 2010 онд цаазын ялыг зогсоосон. Тодруулбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа цаазын ялын гүйцэтгэлийг зогсоох зарлиг гаргасан юм. 2012 онд НҮБ-ын "Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт"-ын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсноор Монгол Улс цаазын ялыг хэрэглэхгүй байх үүргийг олон улсын өмнө хүлээсэн.
Улмаар 2017 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан. Үүнээс өмнө 1988-2005 хүртэл 800 гаруй хүнд цаазын ял оноосон гэсэн мэдээлэл бий.
Угтаа бид үндсэн хуульдаа “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Хүний амь насыг дур мэдэн хөнөөхийг хориглоно” гэж заасан байдаг. Гээд гэмт хэрэгтнийг зөвтгөх аргагүй ч галдан шатаагчийн гэрийг галдан шатаадаггүй буюу хүчирхийллийг хүчирхийллээр дарах нь утгагүй хэрэг. Нэг үгээр хэлбэл, хүн алсан бол буцаагаад алдаг харгис тогтолцоотой байж болохгүй. Монгол Улс тусгаар тогтносон хууль, шүүх засаглалтай улс. Тиймээс гэмт хэрэг хийсэн хэн боловч зохих ёсны ял шийтгэл хүлээх нь зайлшгүй.
Цаазын ялын цаана маш олон асуудал хөндөгдөнө. Учир нь бид өнөөдөр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байж чадаж байна уу, шүүх засаглалдаа итгэл муу ямар нэг нам, улс төрөөс хараат гэж шүүмжилдэг. Тиймээс цаазын ялыг сэргээвэл улс төрийн хэлмэгдүүлэлт өрнөж, онц ноцтой хэргүүд улам нууц байдал шилжихийг үгүйсгэхгүй. Та бүхэн санаж байгаа бол 90-ээд жилийн өмнө 37 орчим мянган хүнээ хилс хэргээр буудан хороосон. Дараа нь улс буруугаа хүлээж бидний буруу байжээ цагаатгая гээд өнөөдрийн байдлаар 31 мянга гаруй хүнийг цагаатгасан. Гээд энэ хүмүүс одоо босож ирэхгүй.
Тиймээс цаазын ял эрх мэдэлтэй хэн нэгний, бохир улс төрийн хэлмэгдүүлэлтийн зэвсэг болох эрсдэлтэй.
Энэ ялыг дур зоргоор ногдуулж, гэм зэмгүй хүмүүсийг шийтгэсэн тохиолдолд буцаах боломжгүй бөгөөд хүний үндсэн эрхийг ноцтойгоор зөрчинө.
Цаазын ялыг сэргээ, сэргээж болохгүй гэх иргэдийн талцалд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, “Зарим улстөрчид улс төрийн пропаганда хийж байхаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлаа сайн хийх ёстой нэг хэргийг дагаад хуйларч болохгүй. Өөрөөр хэлбэл, олон нийтийн дунд яригдаад байгаа хэргээс үүдэж цаазын ялыг сэргээе гэж попорч болохгүй. Харин гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог яагаад устгасан юм бэ. Өнөөдрийг хүртэл хохирогчийг хамгаалах болон хохирлыг барагдуулах зөв систем тогтоогүй байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн шалгалтын явц удаан дээрээс нь ил тод бус байна. Монгол Улс нээлттэй ардчилсан нийгэм юм бол тухайн хэргийн талаар шаардсан иргэдэд тодорхой мэдээллийг өгдөг байх хэрэгтэй. Гэхдээ гэмт хэргийг дэлгэрэнгүй, нарийвчилж ярьж болохгүй. Ингэх тусам тэр төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай болдог. Тэгэхээр нэг хэрэг гарахаар ямар нэг шийдэл байхгүй нийгмээрээ гаслаад л өнгөрдөг. Монголчууд хэлж ярьж ойлголцож чадахаа больсон. Улс төр, нийгэм, гэр бүл ч тэр хүчээр бүх юмыг шийддэг болоод байна. Энэ бүхэн нийгмийг хүйтэн болгож байгаа юм. Тиймээс бүх шатанд бодлогын авч хэлэлцээ шаардлагатай” гэсэн юм.
Зарим хүмүүсийн хувьд охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн этгээдэд цаазын ял оноо гэсэн бичвэр харагдаж байсан. Нөгөө л жендерийн тэгш байдал хаана байна вэ. Эрэгтэй хүүхдүүд, эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртвөл хамаагүй юм уу. Энэ мэт бид өөрсдөө шат шатандаа тэгш бус хандлага гаргадаг байхад цаазын ялыг сэргээлээ гээд гэмт хэрэг буурч гэмт этгээдүүд айх нь юу л бол дээр хэлсэн улам л хэрцгий, далд байдалд шилжинэ.
Цаазын ялтай орнуудын гэмт хэргийн түвшин цаазын ялгүй орнуудаас бага байдаггүй гэсэн судалгаа байдаг юм билээ.
Хоёрдугаарт, гэмт хэрэг хийсэн хүнийг хурдан тонилгох нь тухайн хүнд бараг завшаантай зүйл болох байх. Олон сар жилээр тарчилж сэтгэлийн зовлон эдлэхгүй. Энэ мэт маш олон уршигтай учир сэтгэлийн хөөрлөөр хандахаас урьтаад үнэхээр гэмт хэрэг хийсэн бол хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж зохих ялыг нь оноодог, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг болох зэргийг шаардсан нь зүйтэй болов уу. Дээрээс нь гэмт хэрэгтэй тэмцэх бодит гарц нь урьдчилан сэргийлэх бодлого, боловсрол, хууль сахиулах байгууллагын чадавхийг сайжруулах явдал юм. Үүний зэрэгцээ иргэдийн үзэл бодлыг далимдуулж иргэдээс оноо авах гэсэн увайгүй улчтөрчдийн олз болохгүй байх нь чухал.
Цаазын ял бол эргэн сэргээж болох шийтгэл биш, харин хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийн эсрэг ухралт юм.
3,595.72






















































Холбоотой мэдээ