VS: Татварын хууль иргэн, аж ахуй нэгжийн ачааг хөнгөлнө, хөнгөлөхгүй

VS: Татварын хууль иргэн, аж ахуй нэгжийн ачааг хөнгөлнө, хөнгөлөхгүй

VS: Татварын хууль иргэн, аж ахуй нэгжийн ачааг хөнгөлнө, хөнгөлөхгүй

Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Татварын хууль нь иргэн, аж ахуй нэгжид тулгарч байгаа татварын дарамтыг бууруулж чадахааргүй байна гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын боловсруулсан Татварын шинэчлэлийн баг хуулиар татварын дарамтыг бууруулж, 3-4 их наяд төгрөгөөр хөнгөлж, иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэж төслөө хамгаалсан. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын Татварын хуультай холбогдуулж хэлсэн байр суурийг онцоллоо.

УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

Татварын багц хуультай холбоотой асуудал яригдаж байна. Татварын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар бизнес  эрхлэгчид иргэдийн зүгээс олон талын санал гомдол гаргаж байгаа. Засгийн газраас өргөн баригдахаар D-Parliament цахим системд тавигдсан иргэдийн хүсэлт авч байгаа төслийг харлаа.  Яг үнэндээ иргэдийн хүсэж байгаа хэмжээний томоохон өөрчлөлт хийж чадахааргүй төсөл явж байна гэж миний хувьд дүгнэж байна.

Татварын хуульд одоо косметик засвар хийснээр бизнес эрхлэгчид болоод ард иргэдэд дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт эдлэх боломж хангалттай бүрдэхгүй. Монгол Улсад өнөөдөр татварын реформ хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй.

Монгол Улс татвараар орлогоо бүрдүүлж, бүрдүүлсэн орлогоороо зардлаа гаргадаг ганцхан аргачлалтай улс. Гэтэл өндөр хөгжилтэй орны жишээг харахад татварыг юуны төлөө авдаг юм, юуны төлөө хөнгөлдөг юм, ямар учраас бизнесийг дэмжих зорилгоор татварын бодлого хэрэгжүүлдэг юм бэ гэдэг нь маш тодорхой байна. Би саяхан Казахстан улсад айлчлаад ирсэн. Казахстан улсад илүү их баялаг бүтээж, илүү их хөдөлмөрлөж байгаа бизнес эрхлэгч, иргэндээ илүү их хөнгөлөлт боломж үзүүлж байна.

Бизнес эрхлэгчид хувийн хэвшлээрээ эдийн засгаа тэлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадаж байна. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандахгүйгээр адилхан эрх тэгш боломжийг олгож, олон талын дэмжлэг үзүүлснээр Казахстан улсын эдийн засаг төрөөс үл хамааралтайгаар тэлж чадаж байгаа сайн жишгийг нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна. Татварын хуульд нэмэлт өөрчлөлт биш реформын томоохон өөрчлөлт хийх санаачлага гаргана.

Нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудал олон жил яригдаж ирлээ. Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа учраас Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах боломжгүй, нөгөө талдаа тэтгэврийг нэмэх боломжгүй гэж үе үеийн Засгийн газар үзэж ирсэн. Гэхдээ Монгол Улсаас бусад бараг бүх улс орон хувийн нэрийн данстай болсон. Нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж чадахгүй байгаа сул талыг намрын чуулганаар хэлэлцэж өөрчилнө. Засгийн газраас  өргөн барихаар бэлдсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг авч үзсэн. Хаврын чуулганаар өргөн барих гэхэд нь хүлээж аваагүй. Аваагүй шалтгаан нь уг хуулийн төслийн үндсэн зорилго нь өнөөдрийн байгаа Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг байхгүй болгох зорилго агуулсан.

Иргэдийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, хуримтлалын нэгдсэн сантай болох тогтолцоог бий болгооч ээ гэдэг шаардлага тавьж байгаа.

Иргэдийн хүсэлт ийм байхад бид өргөн мэдүүлэх гэж байгаа  төслийн хүрээнд хэлэлцэх юм бол төр  иргэдээ мэдрээгүй, нийгмийнхээ хэрэгцээг хангаагүй хууль хэлэлцэж батлах нөхцөл рүү явж байна. Тиймээс УИХ энэ асуудал дээр төвлөрч ажиллана.

Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР:

-Ерөнхий сайд, эдийн засагч хүний хувьд миний барьж буй томоохон зорилт бол татварын гурав дахь шатны иж бүрэн шинэчлэл юм. Энэ шинэчлэл бол ард иргэд, баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж, татварын ачаалалыг 3–4 их наяд төгрөгөөр хөнгөлөх түүхэн эхлэлтэй төсөв юм.

Бид иргэндээ ойрхон энэ шинэчлэлээ зөвхөн өөрсдийн санаачилгаар бус олон улс орны сайн туршлага загварууд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, ргэний нийгмийхээ үнэт санал зөвлөмж, байр сууринд үндэслэн тулгуурлаж хамтран боловсрууллаа.

2026 оноос эхний дорвитой алхмаа хийнэ.  Иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт хоёр биш, таван хувь болж нэмэгдэнэ. Ингэснээр ард түмний 80 хувь буюу арван монгол хүн тутмын наймынх нь данс, халаасанд 2.5 дахин их үлдэнэ. Ард түмний хармаанд илүү мөнгө үлдэж, НӨАТ-ын ачаа дарамт хоёр дахин багасна.

Жишээ нь сардаа нэг сая төгрөгийн худалдан авалт хийдэг иргэн 20 мянган төгрөг биш, 50 мянган төгрөг буцаан авна. Гурван гишүүнтэй өрх гурван сая төгрөгийн худалдан авалт хийдэг бол 60 мянга биш, 150 мянган төгрөг авна.

2027 оноос буцаан олголт улам нэмэгдэж, сар бүрийн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ бүрэн буцаан олгогдоно. Энэ бол шударга, иргэн төвтэй, эрүүл шинэ татварын тогтолцооны эхлэл юм

НӨАТ бол зөвхөн татвар биш, бүртгэлийн систем, сүүдрийг ил гаргах хөшүүрэг.

Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр далд эдийн засаг гэрэлд гарч, эрүүлжин эмчлэгдэнэ.  Төр түмэн нүдтэй болж, ард иргэдийн арын хаалгагүй шууд хараа хяналт тогтоно.
Орлого багатай иргэд үр өгөөжийг нь илүү хүртэнэ. Мөн татварын бодлогоороо нийтийн сайн сайхны төлөөх хариуцлагыг дэмжинэ. Жишээлбэл эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулсан хувийн хэвшил борлуулалтын орлогынхоо нэг хувийн татварын хөнгөлөлт эдлэх болно. Шийтгэдэг бус зөвлөдөг, хаадаг бус сэргийлдэг, дарамталдаг бус дэмждэг хүнлэг татварын тогтолцоонд шилжинэ.

Татварын шинэчлэлийн багц хуулийн төсөл D-Parliament цахим системд ил тод байршсан. Хүссэн хэн бүхэн гар утаснаасаа санал өгч, хэлэлцүүлэгт оролцож болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-17 104.28.68.89

Амарбаясгалан яг зөв ойлгосон байна бас ч үгүй сийрэг толгойтой хүн юм байна. Төсөв бүрдүүлэх гэж татвар хураадаг, татварын хувь хэмжээ тогтоодог гэж манайхан буруу ойлгож байгаа. Татвараар дамжуулж төр юуг дэмжих үү, юуг дэмжихгүй байх вэ, хэрхэн жирийн ард иргэддээ боломж олгох вэ гэдгээ шийддэг.

Avatar

иргэн 2025-09-17 202.126.92.86

НӨТ нэрээр давхар татвар авдаг луйвараа зогсоо!

Avatar

зочин 2025-09-17 124.158.123.242

Бичээд өөрөө уншиж бай…. зөндөө алдаа, уншихад тухгүй хэцүү байна . Ийм сонин гэж юу байдаг юм. ….засагчид, ргэний нийгмийхээ үнэт санал зөвлөмж, байр сууринд үндэслэн тулгуурлаж хамтран боловсрууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж