ШХАБ: Тэд юу хэлэлцэв?

ШХАБ: Тэд юу хэлэлцэв?

БНХАУ-ын Тяньжин хотноо энэ оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ны хооронд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалт болсон. Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон юм. Энэхүү уулзалтуудын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Даваа гаригт (2025.09.15) мэдээлэл өглөө.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн уулзалтад оролцохдоо бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, интеграцийн үйл явцыг дэмжих чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, “Transit Mongolia” санаачилгыг урагшлуулах тухай онцолсон тэмдэглэжээ. Тэрбээр дэд бүтэц, худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж мэдэгджээ. Мөн Монголын зөгийн балын бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд экспортлох, чанарын үнэлгээ хийх боломжийг нээжээ. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүн нарын уулзалт болсон бөгөөд гурван талын хамтын ажиллагааг бүс нутгийн холболт, эдийн засгийн интеграци, аюулгүй байдлын салбарт өргөжүүлэх чиглэлээр байр сууриа нэгтгэсэн байна.

Энэ удаагийн уулзалтын гол үр дүн нь гурван улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах суурь тавьсан явдал гэж Элчин сайд Шэнь Миньжуан онцлон тэмдэглэсэн юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН НЬ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар хоёр жилийн дараа дахин уулзлаа. Уулзалт богино хугацаанд болсон ч найрсаг уур амьсгалтай, гүн гүнзгий яриа өрнөсөн гэж Шэнь Миньжуан тодорхойлсон. Энэ удаагийн уулзалтын ач холбогдлыг илтгэх нэг жишээ нь, Ши Жиньпин тусгайлан Ерөнхийлөгч Хүрэлсүхэд зориулж хүндэтгэлийн зоог зохион байгуулсан явдал байлаа.

Монгол, Хятадын төрийн тэргүүн нар уулзалтын үеэр хоёр улсын харилцаа тогтвортой хөгжиж байгааг онцолжээ. Энэ хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны олон чухал төслүүд амжилттай хэрэгжиж байгааг сайшаасан аж. Ши Жиньпин эл үеэр хэлэхдээ “Хятад улс Монголын итгэж болох, тулж болох түнш хэвээр байна” гэж онцолжээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс “Нэг Хятад” зарчмыг тууштай баримталж, Тайвань, Төвд, Шинжаан, Хонконгийн асуудлаар Хятадын байр суурийг дэмжинэ гэдгээ дахин нотолсон байна. Түүнчлэн хоёр тал стратегийн итгэлцлийг бэхжүүлж, хөгжлийн уялдаа холбоо, ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхээр тохирчээ.

Ши Жиньпин Даян дэлхийн засаглалын санаачилгынхаа талаар танилцуулж, Монголтой хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Хүрэлсүх ч уг санаачилгыг дэмжиж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад Хятадтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Мөн Монгол, Хятадын талууд гааль, хэмжил зүй, хэвлэл мэдээлэл зэрэг салбаруудын хамтын ажиллагааны таван баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнд:

  • Монгол Улсаас БНХАУ-руу зөгийн бал экспортлох үед тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай протокол
  • Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг
  • Хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг
  • Тохирлын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монголын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, Хятадын мэдээллийн групп хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэгт гарын үсэг зуржээ.

БНХАУ, МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН VII УУЛЗАЛТ

Хамгийн сүүлд гурван жилийн өмнө Монгол, Хятад болон Оросын төрийн тэргүүн нар уулзсан бөгөөд энэ удаагийн уулзалтыг Ши Жиньпин даргалсан байна. Тэрбээр эл үеэр улс хоорондын итгэлцлийг бэхжүүлэхийг уриалжээ. Мөн төмөр зам, эрчим хүч зэрэг хил дамнасан дэд бүтцийн төсөл, үндэсний валютаар тооцоо хийх, аялал жуулчлал болон соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн аж. Учир нь ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг сайжруулах нь бүс нутгийн эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Ши Жиньпиний дэвшүүлсэн саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Путин нар нааштай дэмжиж, хүлээж авчээ.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон ялалт байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулж буй нь чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Энэ хүрээнд Монгол Улс хоёр хөрш орнуудтайгаа хоёр талт харилцааг гүнзгийрүүлж, гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг тууштай ахиулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гурван талт дээд хэмжээний үеэр улс төрийн итгэлцэл бол хамгийн чухал суурь гэж хэлжээ. Тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дижитал эдийн засаг, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Улмаар гурван улсын удирдагчид хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлж, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал гээд олон салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Энэ хүрээнд “Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дараагийн 5 жилээр сунгахаар тохиролцсон байна.

Уг хөтөлбөрт тусгагдсан төслүүд нь хил дамнасан тээвэр, хорио цээр, иргэдийн зорчих хөдөлгөөн, хотуудын харилцаа, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарыг хамарч, эдийн засаг, нийгмийн салбарт бодит үр дүн авчирна гэж үзсэн. Мөн “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхээр гурван тал тохиролцсон. Уг төсөл хэрэгжихэд гурван талын зөвшилцөл, яриа хэлэлцээр хамгийн чухал гэдгийг онцолсон байна.

Элчин сайд Шэнь Миньжуан хэлэхдээ, "Ямар ч том төслийг хэрэгжүүлэхийн өмнө зайлшгүй техник, эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай байдаг. Мөн аливаа төсөл зөвхөн нэг талд ашигтай, бусад талд хохиролтой байвал хэрэгжих боломжгүй, тогтвортой байж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Ийм ч учраас Хятадын тал Бүс ба Зам санаачилга болон бусад улс орнуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны төслүүддээ хамтаар зөвлөлдөж, хамтран байгуулж, хуваалцах зарчмыг тууштай баримталж ирсэн" гэв.

 ЭДИЙН ЗАСГИЙН УЯЛДАА ХОЛБОО 

Эдийн засгийн салбарт хоёр улсын хамтын ажиллагаа өндөр боломжтой хэвээр байгааг Элчин сайд Шэнь Миньжуан онцолсон юм. Энэ оны эхний найман сард Монголын зэсийн экспорт Хятад руу 40 хувиар өсч, экспортын нийт эрэлт 74.7 хувиар нэмэгдсэн байна. Мөн Сэхээ боомтын ачаа эргэлт өнгөрсөн оноос 18.5 хувиар өсөж, 20 сая тоннд хүрчээ. Түүнчлэн “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд Хятадын Уул уурхайн холбоо болон 70 гаруй компани оролцож, Монголын талтай хамтран ажиллах боломж, туршлагаа хуваалцсан нь хоёр талын харилцааны сайн байгаагийн тод жишээ болсон гэж тэрбээр үзэж байна.

Түүнчлэн Хятадын талаас Монголд дөрвөн тэрбум юанийн эдийн засаг, техникийн тусламж үзүүлжээ. Мөн 1.8 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр зам, гүүр, цахилгаан станц зэрэг дэд бүтцийг барьж байгуулсан байна.

Сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв зэрэг ард иргэдийн амьдралд чиглэсэн олон төсөл хэрэгжүүлсэн байна. Сүүлийн хоёр жилд Хятадын тусламжаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтын дэд бүтэц, 1008 айлын орон сууцжуулалт, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төслүүд баригдаж байгаа талаар Элчин сайд Шэнь Миньжуан хэллээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажил ч мөн адил хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийгдэж байна. Хятад улс Монголын хүний нөөцийн хөгжлийг дэмжиж, сургалт, дадлагын квот олгосон аж.

Зөвхөн өнгөрсөн жил 700 хүн уул уурхай, эрчим хүч, газар тариалан, мал аж ахуй, анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи зэрэг салбарт сурч, туршлага хуримтлуулжээ.

Одоогийн байдлаар Хятад, Монголын төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолбор, Монголын Үндэсний урлагийн их театр, Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв зэрэг томоохон төслүүд хэрэгжиж буй. Ирээдүйд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятад улс Монголын дэд бүтэц, ард иргэдийн амьдралд чиглэсэн төслүүдийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг бэхжүүлэх тухай дээд хэмжээний уулзалтын үеэр мөн ярилцсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАН 2025-09-16 66.181.164.23

Ард иргэд зэвсэглэж гэр бүл үр хүүхдээ хамгаалахаас өөр сонголт үлдсэнгүй. Шүүх цагдаа прокурорууд нь бүгд алуурчдын талд. Баян айлын хар тамхичин а******н хүүхдүүдийн зугааг гаргах гэж бүхэл бүтэн хүүхэд төрүүлж өсгөж өндийлгөсөн биш. Тэр хар тамхиных нь үүр уурхайд зангиа зүүж ороод л газар дээр нь сум шивээд шивээд явчихад аяндаа цэгцэрнэ. Ширэнгэнд ширэнгийн хууль л үйлчилнээ

Avatar

Нэргүй 2025-09-16 59.153.87.36

шаахай б

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж