Япончууд есдүгээр сарын 15-ныг Ахмадын өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдөр шинэ 100 настнууд ерөнхий сайдаас баярын захидал, мөнгөн аяга хүлээн авдаг. Ахмадын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Такамаро Фүкока өндөр настнуудад мэнд дэвшүүлж, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа мэдэгджээ.
Тус улсад 100 буюу түүнээс дээш настай иргэдийн тоо 100 мянга дөхөж, дээд амжилт тогтоогоод байна. 100-аас дээш настай иргэдийн тоо 55 дахь жилдээ өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ жилийн хувьд есдүгээр сарын байдлаар 99763 хүрчээ. Тэдгээр өндөр настнуудын 88 хувь нь эмэгтэй байна. Харин шинээр 100 нас хүрсэн ахмадуудын тоо 52310 болжээ.
Өдгөө тус улсын хамгийн өндөр настай иргэн буюу 114 настай Шигэко Кагава гэх эмэгтэй Нара хотын захын дүүрэг Яматокориямад амьдарч байна. Харин хамгийн өндөр настай эрэгтэй болох 111 настай Киёотака Мизүно нь эргийн Ивата хотод амьдардаг.
Япон бол урт наслалтаараа дэлхийд тэргүүлдэг улс. Үүний зэрэгцээ хамгийн олон өндөр настан амьдардаг улс гэдэг. Хурдацтай хөгширч буй нийгэм гэгддэг Японд хүн ард нь эрүүл амьдралын хэв маягтай боловч төрөлтийн түвшин бага байдаг.
1960-аад онд Япон улс 100-аас дээш настай хүн амынхаа тоогоор "Их-7"-ийн орнууд дунд сүүл мушгиж байв. Тус улсын засгийн газрын 1963 оны судалгааг харвал 100 буюу түүнээс дээш настай иргэдийн тоо дөнгөж 153 байсан гэдэг. Он жил өнгөрөхийн хэрээр энэ үзүүлэлт өссөөр, 1981 онд 1000, 1998 онд 10 мянга хүрчээ.
Өдгөө дундаж наслалт уртассан нь зүрхний өвчин болон хорт хавдрын шалтгаант нас баралт багассантай холбоотой. Үүний цаад шалтгаан нь хоол хүнсний зохистой хэрэглээ юм. Түүнчлэн Японы өндөр настнууд хөгширсөн ч идэвхтэй амьдралын хэв маягаа орхидоггүйтэй холбоотой.
3,602.33

















































Холбоотой мэдээ