Балбын шинэ ерөнхий сайд Ням гаригт (2025.09.14) албан ёсоор ажилдаа оржээ. Өнгөрсөн долоо хоногт болсон ширүүн эсэргүүцлийн жагсаалын улмаас наад зах нь 72 хүн амь үрэгдэж, төрийн барилга, улстөрчдийн гэр орон сүйдсэнтэй холбоотойгоор улсаа дахин сэргээхийн тулд тайван байж, хамтран ажиллахыг тэрбээр уриалж байна. Тодруулбал, Балбын анхны эмэгтэй ерөнхий сайд Сушила Карки жагсаалын үеэр амь үрэгдсэн иргэдийн гэр бүл бүрт 1 сая рупи буюу ойролцоогоор 11,330 ам.долларын нөхөн олговор олгоно хэмээн амлаж, гэмтсэн хүмүүсийг төрөөс асарч хамгаална гэж мэдэгдсэн байна.
Мөн “Бид бүгд хамтдаа улсаа дахин босгохын төлөө нэгдэх хэрэгтэй” хэмээн онцолж, өмнөд Азийн улсаа дахин зөв замд нь оруулахын төлөө хүчин чармайлт гаргана гэж амлалаа.
“Z үеийнхний эсэргүүцэл” гэж нэрлэгдсэн томоохон жагсаалууд энэ оны есдүгээр сарын 8-нд эхэлсэн бөгөөд үүний шалтгаан нь богино хугацаанд хэрэгжсэн сошиал медиа хориг байв. Жагсагчид авлигад идэгдсэн төр, ядууралд бухимдан жагссан байна. Мөн улстөрчдийн хүүхдүүд буюу эцэг эхийн нэр хүндээр бүхнийг хүртэгчид (Nepo kids) тансаг амьдралаар амьдарч байгаа нь олон нийтийн уур бухимдлыг улам нэмэгдүүлсэн. Жагсаал удалгүй хурцадмал байдалд хүрч, жагсагчид парламентын байрыг шатааж, цагдаа нар тэдний эсрэг гал нээсэн. Энэ бүхний дараа ерөнхий сайд Кхадга Прасад Оли албан тушаалаасаа огцорч, өргөө ордноосоо зугтсан юм. Жагсаал эхэлснээс нэг өдрийн дараа буюу есдүгээр сарын 9-нд жагсаал улам ширүүсэж, ерөнхий сайдын албан ёсны ордон болох нийслэл Катманду дахь хуучин цагаан ордон шатсан төдийгүй ерөнхийлөгчийн тамгын газар, дээд шүүх, түлхүүр яамд, цагдаагийн хэд хэдэн байр галдан шатаагдсан. Мөн улс төрийн нөлөө бүхий гэр бүлүүдийн гэр орон, бизнесүүд рүү жагсагчид халдсан. Үүнд Балбын нэр хүндтэй супермаркет сүлжээний хэд хэдэн салбар дэлгүүр багтжээ.
Эл шөнө цэргийнхэн жагсаалыг хяналтдаа авч, нөхцөл байдал намжжээ. Улмаар жагсагчид, армийн төлөөлөгч болон ерөнхийлөгчийн хороо түр засгийн газар байгуулах хэлэлцээ хийсэн байна. Сушила Карки өдгөө 73 настай бөгөөд есдүгээр сарын 12-нд шинэ ерөнхий сайдаар томилогдсон байна. Тэрбээр 2016–2017 онд дээд шүүхийн анхны эмэгтэй ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа олон нийтийн дунд нэр хүндтэй байсан бөгөөд төрийн авлигын эсрэг хатуу байр суурьтайгаараа алдартай байжээ.
Шинэ парламентын сонгуулийг ирэх оны гуравдугаар сарын 5-нд зохион байгуулахаар товложээ.
3,548.92






















































Нэргүй 2025-09-15 103.229.123.11
балбын залуучууд ухахлаг юм.манайх бол ээөэ баяр баяр цогт энэ тэр гэсэн балай залуучуудын дээрээ суулгадаг
Балбын иргэд. 2025-09-15 202.9.46.53
Амлалт Нэхэх Ард түмний Хөдөлгөөн байгуулагдана даа.
Иргэн 2025-09-15 103.10.22.180
Одоо баялагын санг зөв удирдаж, стратегийн ордуудыг төрд авахгүй бол жинхэнэ тэмцэлийг өрнүүлж, босох цаг болсон шүү.
Нэргүй 2025-09-15 66.181.160.28
Хайр² гэтэл Монголын байж байгаа царай