УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2025.09.15/эхэллээ. УИХ-ын чуулганыг өнгөрсөн жилүүдэд аравдугаар сарын 1-нд нээдэг байсан бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, ирэх оны төсөв хэлэлцэх үе шат өөрчлөгдсөнтэй холбогдуулан ийнхүү есдүгээр сарын 15-ны өдөр нээж байгаа юм.
УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр "Ес дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнд парламентын төлөөлөх үзүүлэлтүүд улам сайжирч өдгөө парламент таван нам, эвслийн төлөөлөлтэй, жендэр, нийгмийн олон бүлгийн өндөр түвшний оролцоотой болоод байна. Дэлхий нийтээр ардчиллын үнэт зүйлсийг тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт тохиож байгаа нь онцгой бэлгэ дэмбэрэлтэй юм. Ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, олон ургалч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг ард иргэддээ сануулж, тэдний итгэл, хүсэл зорилгыг төлөөлөн сууж буй УИХ-ын эрхэм гишүүддээ болон Монголын ард түмэндээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо олон улсын ардчиллын өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна.
Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм.
Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн үед бий болсон бүтэц дээрээ гацжээ. Энэ тогтолцоо ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй, далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байна. Нийгмийн даатгал нь ажил хийж, ажлын байр бий болгож байгаа хүнд шийтгэл мэт болж “нурууг нь” авч байна.
Тиймээс хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь халж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэх учиртай.
Энэ шинэчлэл нийгмийн даатгалын сангийн алдагдал, буруу удирдлага, хулгай луйврын ул мөрийг нөхөхөд чиглэх ёсгүй. Монгол Улсын иргэн бүр өөрийн хуримтлалынхаа жинхэнэ эзэн байх зарчмыг гол цөмөө болгож, бодитой шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар, холбогдох яам боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэе.
Иргэдийн хүсэн хүлээж буй татварын бодлогын хувьд төсвийн орлого, зарлагын бүтцийн асуудлыг бүх талаас нь уялдаатай авч үзэх шаардлагатай.
Татвар нэг талаас нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн орлого бүрдүүлэхэд, нөгөө талаас олон хэвшил бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэх ёстойг Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага онцолдог.
Гэтэл манай улсын татварын бодлого төсвийн орлого бүрдүүлэх чиг үүрэгт хэт анхаарсны улмаас 2024 онд гэхэд улсын төсвийн орлогын 92 хувийг зөвхөн татварын орлогоос бүрдүүлсэн. Тэгвэл энэ ачааллыг төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулснаар бодитой багасгах боломж байсаар байна. Татварын хэт ачаалал бүтээмж, өсөлт, хөгжлийн дайсан болж байна. Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Тиймээс татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн.
Татвар бууруулах тохиолдолд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг нийгмийн шинжтэй өсөн нэмэгдэж буй зардлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болгох шаардлага үүсэх нь тодорхой.
Үүний тулд нэгд, төсвийн орлого бүрдүүлэх тогтолцоо, бүтцийг өөрчлөх эрх зүйн орчин бүрдүүлэх. Хоёрт, төрийн албаны зардлыг бууруулах үр ашигтай, бүтээмжтэй загварыг бий болгох шаардлагатай. Төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж улсын төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй. Өдгөө төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, өгөөж нь үлэмж доогуур байна.
Тодруулбал, 2024 онд төрийн өмчит компанийн 33 хувь нь алдагдалтай ажиллаж, ашигтай ажилласан хэсгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол нэгдэл" дангаар бүрдүүлжээ. Төрийн өмчит компаниудын өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгт хүрсэн байна.
Орон нутагт энэ байдал дээрдэх зүйлгүй. Орон нутгийн өмчийн 350 аж ахуйн нэгжийн зөвхөн 30 хувь нь 388 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2023 онд ердөө 1 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Энэ байдал цааш үргэлжлэх ёсгүй. Өнөөдөр төрийн өмчит 107 компанийг 9 яам, агентлаг харьяалан удирдаж компаниудын үр ашиг, өгөөжид хяналт, гүйцэтгэлийг шаарддаг, хариуцлага тооцдог мэргэжлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо алга байна.
Хувийн хэвшлийн хийж чаддаг бизнесийн орчинд төр аж ахуй нэгжүүдтэй өрсөлддөг байж болохгүй. Энэ хүрээнд УИХ-ын намрын чуулганаар төрийн өмчийн бодлогын шинэчлэл, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах санаачилгыг дэмжин ажиллана. Төрд нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй үүрч явах ёстой төрийн өмчит компанийн засаглалыг шинэ шатанд гаргаж, нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэхийн тулд улс төрийн нөлөөллөөс ангид, зөвхөн мэргэжлийн ур чадвар, туршлага дээр тулгуурласан менежерүүдээр удирдуулах шаардлагатай байна. Эдгээр бодлогын шинэчлэл хууль тогтоомжоор дамжин хэрэгжих учиртай" гэлээ.
3,548.92















































Зочин 2025-09-15 66.181.184.146
Зандан шатар ч хувийн хэвшил хөрөнгөтэй хүмүүсийг үзэж чададгүй улс төрийн мэдрэмжгүй овоо тэнэг эр байна билээ дээ. ер нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг боох хаах мань хүнээс л гардаг. Айхад аргал хөдөлнө гэж сая зүгээр урдахаа хийж яваа компанийг ажлыг нь зогсоолоо гэл үү нэг цочир мэдэгдэл гаргасан нь олон хүнийг татах оноо гэж бодсон нь олны өмнө айдастай дүр зураг болж харагдаад нөгөөдүүл нь улам даапаалж непалдана шүү ч гэх шиг