Английн Ливерпуль хотноо 2025 оны боксын ДАШТ болж, өчигдөр/2025.09.14/ өндөрлөлөө. Энэ удаагийн дэлхийн аварга нь Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж буй анхны мөн тамирчдаас хүйсийн шинжилгээ авсан гэдгээрээ онцлог тэмцээн болов. Монголын боксын холбоо арван тамирчнаа илгээснээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга мөнгөн медаль хүртжээ.
Монголын бокст Лутсайханы Алтанцэцэг гэж анхдагч бүсгүй амжилтаа давтаж, нэрээ дархлав. Тэрбээр боксын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин 2023 онд болж байсан бол энэ удаад хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргаас хос медальтай мөн анхдагч боллоо. Өдгөө 30 настай тэрбээр хэдийнэ дэлхийн шилдгүүдийн тоонд орж, жиндээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болжээ.

Монголын боксын холбооны нийтлэлд "Л.Алтанцэцэгийн туулсан замыг харахад зүгээр нэг спортын амжилт биш, харин тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, үнэнчийн үлгэр жишээ юм.
- Авто ослын дараа буцаад эргэн ирж чадсан нь өөрөө том ялалт.
- 2023 онд Монголын эмэгтэйчүүдийн боксын түүхэнд анх удаа финалд гарсан нь түүхэн мөч болсон.
- Олимпын эрхийн өмнөх бэртлээ үл харгалзан дүү нартаа зам тавьж өгсөн нь спортын ёс зүй, хүн чанарын илэрхийлэл.
- Одоо дахин дэлхийн дэвжээнд медаль хүртэж байгаа нь түүний хатуу чанга зүрх сэтгэл, олон жилийн хөдөлмөрийн үр шим.
- Дорнод аймгийн бүсгүй үнэхээр Монголын эмэгтэй боксчдын шинэ үеийг нээсэн, залуу тамирчдад үлгэр жишээ болсон тамирчин билээ" гэв.



3,595.72















































