Р.Даваадорж: Төр толгойгоо даахгүй болтол данхайсан байна

Р.Даваадорж: Төр толгойгоо даахгүй болтол данхайсан байна

Р.Даваадорж: Төр толгойгоо даахгүй болтол данхайсан байна

Эдийн засаг судлаач Р.Даваадоржтой ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр /2025.09.15/ нээнэ. Хамгийн түрүүнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн тухай хуулийг тойрсон хэлэлцүүлгүүд өрнөх байх. Шинээр байгуулагдсан Засгийн газраас өргөн барьсан төсөв учраас өмнөх жилүүдийн төсвийн бодлого, төлөвлөлтөөс онцлог, шинэлэг зүйл юу байгаа бол?

-Монгол Улсын Засгийн газар 2026 оны улсын нэгдсэн төсвийг өргөн барилаа. Тухайлбал, 2022 онд 18 их наяд төгрөг байсан төсвөө ердөө дөрөвхөн жилийн хугацаанд буюу 2026 онд 32.9 их наяд төгрөгт хүргэлээ. Дэлхийн нийтэд манайх шиг төсөв нь нугарч данхайсан улс байхгүй. Иймд төсвийн зарлагыг жилээс жилд огцом тэлдэг байдлыг таслан зогсоох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2 хувиас хэтрүүлэхгүй барих, нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийх, хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих, татварын хэт ачааллыг бууруулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдээ хөдөлмөрлөх боломжоор хангахад чиглэсэн төсвийн бодлого үгүйлэгдэж байна. Гэхдээ ирэх жилийн төсөвт хөрөнгө оруулалтыг танаж зөв салбарт хөрөнгө оруулсан зэрэг эерэг зүйл бас харагдсан. Хэт тэлсэн төсвийг ганц удаагийн төсвөөр “өргөс авсан мэт өөгүй” болгох боломж ч байхгүй. Соёлын төвийн барилга, баг, хороо, сум, дүүрэг, аймгийн тамгын газрын барилга, сумын төв доторх авто зам, албан конторын барилга, зуслан, амралт цогцолбор, ахмад, залуучууд, хүүхдийн хөгжлийн төв гэх мэт үр ашиг, ач холбогдолгүй төслүүдийг шинээр оруулж ирээгүй нь сайшаалтай байв.

-Иргэдийн оролцоотой төсөв боловсруулсан талаар Ерөнхий сайд дурдсан. Өмнө нь ч бас иргэдээс энэ чиглэлээр санал авч байсан л даа. Ер нь иргэдийн оролцоотой төсвөө батлах нь төсвийг ач холбогдолоор нь эрэмбэлэхэд хэр бодиттой дэмжлэг болдог бол?

-Ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа  Ерөнхий сайд ард, иргэдээсээ санал авсан талаар багагүй шуугиж энэ талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн сувгаар нэлээд явж харагдсан. Миний харж байгаагаар бараг ач холбогдолгүй арга хэмжээ байлаа. Учир нь Төсвийн тухай хуулиа чанд мөрдөж тус хуулинд заасан таван зарчмыг баримтлах ёстой. Тэрхүү зарчим нь “ил тод байдлыг хангасан байх” явдал юм. Тиймээс Төсвийн тухай хуулийн “6.5.1.төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, “6.5.2.төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах” гэсэн заалтууд бий. Ийм зүйл заалтууд төсвийн хуулинд байгаа боловч огт хэрэгжүүлдэггүй эсвэл хэрэгжүүлж буй мэт дүр эсгэж ирлээ. Энэ удаагийнх бол дүр эсгэсэн нэг хэлбэр гэж харж байна. Тайлбарлаж өгье. Төсвийн жил нь тухайн оны нэгдүгээр сарын 01-ний өдөр эхэлнэ. Энэ өдрөөс эхлэн: Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 1647 багаас ирэх оны төсөвт саналаа өгч эхэлсэн. Монгол Улсад 16 яам, 37 агентлаг, нийт 1441 төрийн байгууллага бүртгэлтэй байна. 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсад нийт 2417 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн цэцэрлэг гэхэд 1407 бий. Мөн төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тоо ойролцоогоор 1500 орчим байна. Гэх мэтчилэн төрийн асар олон байгууллага бий. Эдгээр олон байгууллагын ажиллагсдын цалингаас авахуулаад хэрэглэх ширхэг цаас, харандааг хүртэл тооцоолсон тооцоо Сангийн яам дээр төвлөрч боогддог. Энэ бүгдийг хоёр долоо хоногт иргэдээр хэлэлцүүлээд санал бүрийг нь шингээнэ гэж огт байхгүй. Тиймээс энэхүү санал асуулга бол хөрөнгө мөнгө үрсэн дэмий ажил гэж би хэлнэ.

ХЯТАДЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙГ 2025 ОНД 4.2 ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛНА ГЭСЭН ТААМАГЛАЛ БИЙ

-Төсвийн орлогоо хэр бодитой төлөвлөж чадсан бол. Төсвийн алдагдал 1.4 их наяд байхаар тооцсон. Алдагдалгүй тооцож болох байсан уу?

-Төсвийн орлого нэмэгдэж 34.9 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон нь эдийн засаг дахь татварын ачаалал өсөх, орлогын өсөлт тодорхой салбараас өндөр хамааралтай байгаагаас шалтгаалж эрсдэл дагуулж болзошгүй байна. Гэтэл олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг төсвийн төсөлд тусгагдсанаас доогуур таамаглаж, зэсээс бусад голлох түүхий эдийн үнэ ирэх жилүүдэд буурах хандлагатай талаар мэдээлж байгаа учир төсвийн орлогын төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай байна.

“Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны долдугаар сарын гүйцэтгэлээр 16.6 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 15.6 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 7.4 хувиар буурсан байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний долдугаар сард 16.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2025 оны эхний хагас жилд 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдал 704.8 (73.6 хувь) сая ам.доллараар өсчээ.”, мөн гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.4 (9.2 хувь) тэрбум ам.доллар, экспорт 1.5 (16.4 хувь) тэрбум ам.доллар, тэнцэл 1.6 (55.5 хувь) тэрбум ам.доллароор тус тус буурч,  уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох нүүрс 2.4 тэрбум ам.доллараар буурсан гэх зэрэг мэдээлэл нь анхаарах асуудал мөн. Макро эдийн засгийн хувьд тулгарч болзошгүй эрсдэлд түүхий эдийн үнийн уналт нь экспортод нөлөөлж болохыг байнга дурдаж байгаа ч хэрхэн нөлөөлөхийг таамаглах, төсвийн төлөвлөлтөд тусгах асуудал учир дутагдалтай байна.

Төсвийг алдагдалгүй тооцно гэдэг харьцангүй ойлголт. Өнгөрсөн жил энэ оны төсвийг алдагдалгүй байхаар баталсан. Гэвч Ерөнхийлөгч бараг 3 их наяд төгрөгийн зарлагыг танахыг сануулж хориг тавьсан. Хоригийг хүлээж авсан.

Зургадугаар сард уул уурхайн голлох бүтээгдэхүүний орлого огцом буурсан тул тодотгол хийж бас 2 их наяд төгрөгийн зарлагыг танасан. Гэхдээ энэ оны долдугаар сарын төсвийн гүйцэтгэлийг харвал оны эцэст бас дахиад 3 их наяд төгрөгөөр төсөв тасрах нь тодорхой байна. Эндээс дүгнэж үзвэл төсвийн төлөвлөлтөө зөв хийж сурах нь чухал байгааг анзаарч болно.

-Монгол Улсын экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний голлох үнэ ханш ердөө л БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай. Ирэх онд БНХАУ-ын эдийн засаг, тэр дундаа нүүрс, зэсийн хэрэглээ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?

-Түүхий эдийн үнэ тогтворгүй, хэлбэлзэл өндөр байна. 2025 оны эхний хагаст БНХАУ-ын эрэлт суларснаас шалтгаалан нүүрсний хилийн үнэ 40 хувиар буурч, сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн. Энэхүү тренд хэвээр хадгалагдаж, 2026 онд экспортын голлох түүхий эдийн үнэ өмнөх онтой ижил түвшинд байхаар байгааг анхаарах ёстой. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хямрал гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ салбар нь тус улсын ДНБ-ий 15-30 хувийг бүрдүүлдэг чухал салбар бөгөөд хямрал нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, иргэдийн худалдан авах чадвар, хөрөнгө оруулалтыг бууруулж байна. Хятадын засгийн газар хямралыг шийдвэрлэхээр хэд хэдэн арга хэмжээ авсан ч үр дүн хязгаарлагдмал байна. 2022 онд 162 тэрбум ам.долларын зээлийн багц зарласан ч барилгын ажил сэргээгүй. Хятадын Ардын Банк хүүг бууруулж, зээлийн боломжийг нэмэгдүүлсэн ч эдийн засгийн уналтыг зогсоож чадаагүй.

Хятадын гангийн үйлдвэрлэл 2020-2024 онуудад 5.6 хувиар буурсан бөгөөд 2025 онд цаашид хумигдах төлөвтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн хямрал, гангийн үйлдвэрлэлийн бууралт нь Хятадын ДНБ-ий өсөлтийг 2025 онд 4.2 хувь болгож бууруулна гэсэн таамаглал бий.

Хятадын эдийн засагт тулгарч буй энэ хос хямрал нь дотоодын болон олон улсын зах зээлд томоохон сорилт болж байна. Миний дурдсан эрсдэлтэй байдлыг манай төсөвт сайн тооцох ёстой юм.

-Жил бүр тэлж байгаа төсвийг дагаад төр данхайдаг.Тиймээс төрийн оролцоог багасгаж хувийн хэвшил, иргэд бизнес эрхлэгчидээ татварын бодлогоор дэмжих асуудал яригдаж байна. Татварын хөнгөлөлт чөлөөлөлт, хувийн хэвшлийн орон зайг тэлэх асуудал жилийн жилд яригддаг. Уриа лоозон мэт улиг болсон. Энэ удаа өмнөхөөсөө ахиц дэвшил гарсан зүйл байна уу? 

-Аж ахуй нэгж, ард иргэдийн төлөх татварын дарамт хэтэрлээ гэж би дүгнэсэн. 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо гаргаж байсан бол ирэх жил 6.5 их наяд төгрөгт хүрч 3 дахин нэмэгдэх нь. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 94 хувь буюу 29.7 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон байна. Энэ нь 2022 оны аж ахуй нэгж, иргэдийн төлсөн татварын хэмжээнээс нугалсан буюу 14.3 их наяд төгрөгөөр илүү байна. Эндээс аж ахуй нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг харж болно. Ийнхүү төсвийн тэлэлт эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумьж байгаа юм. Төсөвт төвлөрүүлэхээр тооцсон татварын хэт өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь ирэх онд олон мянган бизнес эрхлэгчдийг “хаалгаа барих” хямралд хүргэхээр болжээ.

ГАДААД ӨРИЙН ДАРАМТААР НЕПАЛ, БАНГЛАДЕШ, ШРИ-ЛАНК УЛСУУДЫН ХЭМЖЭЭНД ИРЧИХЭЭД БАЙНА

-Төсвийн төлөвлөлт бодлого зөв байвал улс орны ажилгүйдэл, ядуурлын хэмжээ бодитоор буурч байх ёстой байх. Өмнө нь Монгол Улсыг гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн баримжаатай байсан. Энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн үү. Төсвийн зардлыг дагасан үнийн хөөрөгдөл, ханшийн савалгаанд юу ажиглагдах бол?

-Төсвийн 8.8 их наядын хөрөнгийн зардал(өмнөх оноос 1 их наядаар илүү) валют болж гадагшаа урсана. 24.5 (өмнөх оноос 600 тэрбумаар илүү)  их наядаар тооцсон урсгал зардлын бараг дийлэнх хувь нь валютын хэрэглээг дэмжих болно. Төсвийн төсөл валютын ханш огцом өсөх, инфляцаа нэмэх муу үр дагавар дагуулна. Өөрөөр хэлбэл, 2026 оны төсөв өөрөө валютын ханш огцом өсгөх, үнийг хөөрөгдөх шалтгаан болжээ. Инфляци өснө гэдэг дундаж давхрага улам бүр “цөөрч”, ахмадууд, орлого багатай өрхийн амьдрал нэн хүндрэх эрсдлийг бий болгоод байна. Ойрын жилүүдэд тэтгэврийн өрийг тэглэсэн. Ахмадын тэтгэврийн хэмжээг хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс өөр нөлөө үзүүлсэнгүй. Иргэдийн амьдралд бодитоор “наалдсангүй”. Харин ч ядуурлын хэмжээ нэмэгджээ. Ирэх онд халамжид 2 их наяд 593 тэрбум төгрөг зарцуулна. 2016 онд нийгмийн халамжийн сангаар дамжуулан зорилтот бүлэгт 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2026 онд ийнхүү 9 дахин нэмэгдэх нь тодорхой боллоо. Харамсалтай нь, халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд  нэгээхэн ч байхгүй. Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуй нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн нийт зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн 70 орчим хувь төрөөс хамаарч байна. Энэ оны төсвийн номны 136 дугаар хуудсанд Төрийн өмчит компаниудын ДНБ-ний 74 хувь, нийт ажиллах хүчний 4.1 хувийг эзэлдэг гээд биччихсэн статистик үзүүлэлт байгаа. Эндээс ганц дүгнэлт хийж болно. Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж эхэллээ. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” байна.

-Ирэх оны төсвийг "Хэмнэлт"-ийн төсөв гэж нэрлэж буй. Нэршил уг нь их гоё. Бодит байдал дээр харин ямар байгаа бол?

-2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 3,267.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх төлөвтэй байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувийг бүрдүүлэх эдийн засгийн ач холбогдолтой бөгөөд макро эдийн засгийн өсөлтийг дэмжих, үйлдвэрлэл үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, хэрэглээ, эргэлтийн хөрөнгийг идэвхжүүлэх нөлөөтэй гэж тооцсон байна. Хэрэв хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлвэл, ердөө 100 орчим арга хэмжээг царцаахад 1.0 их наяд төгрөг хэмнэх боломж харагдсан.  Цөлжилтийн эсрэг НҮБ-ын хурлыг зохион байгуулахад 217 тэрбум төгрөг зарцуулна гэж орж ирсэн. Бид өнөөдөр тийм баян тансаг орон биш. Мэдлэггүй, тоо мэддэггүй хүмүүсээр энэ төр дүүрч байгаа нь харамсалтай байна.

Эцэст нь төсөв  хоосон уриа, гоё ганган лоозонгоор чимэглэгдэх биш  харин  эдийн засгийн хямралын “үр” соёолдоггүй, гадаад өр нэмдэггүй, татварын таатай орчин бүрдүүлж, ажлын байр олноор бий болгодог, хувийн хэвшлийн орон зайг тэлсэн улс орны ирээдүйг урлах чухал “бодлогын баримт” байх ёстой.

Монголд сая орчим өрх гэр бий. Бүгд л өрхийн орлого зарлагаа тохируулж “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд” боломжийн хэмжээнд амьдралаа авч яваад байна. Өрх гэрийнхээ өмнө хүлээх хариуцлага гэж том зүйл бий. Тэр нь хүссэнээрээ мөнгө зээлж хүссэн зүйлээ өмсөж, хэрэглэж болохгүй гэсэн энгийн тооцоо байдаг. Гэтэл Монголын төрд хариуцлага гээч юм огт алга. Иймээс үе үеийн Сангийн сайд нар Монгол гэдэг өрхийн орлогоос давсан тансаг хэрэглээтэй болгож төсвийн алдагдлаа гадаадаас зээл авч нөхөж ирлээ. Өнөөдөр Монгол Улс “өрийн хавх”-нд гүн бат орсон төдийгүй ирээдүйд төлөх гадаад өрийн дарамтаар Непал, Бангладеш, Шри-ланк улсуудын хэмжээнд ирчихээд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-09-15 103.57.92.215

Төр нь ямар ч мэдлэггүй, чадваргүй, мэргэжлийн бус ажлаа мэдэхгүй хүмүүсээр дүүрсэн.

Avatar

сонгогч 2025-09-15 202.9.46.48

100 ямаанд 90 ухнатай болсон …………

Avatar

Нэргүй 2025-09-15 202.126.91.19

Манай ТӨР д сууж байгаа хүмүүс яагаад Монголын цэцэг сайхан охид нь харь эрчүүдийн өмнө ядуугаасаа болж аврал горьдлын харцтай, өөртөө итгэлгүй сул дорио байдалтай бусад улсын эрчүүдэд энгэр султай гэж доромжлуулж байхад, ид насны сайхан хүдэр чийрэг ид хав гүйцсэн залуучууд харь оронд боолын хөдөлмөр эрхлэх гэж очерлож байгааг та нар хараад өрөвдөггүй юм уу, юм боддоггүй юм уу. Энэ их түүхтэй, их баялагтай улсыг ингэж авч яваагаасаа ичдэггүй юм уу.

Avatar

Нэргүй 2025-09-15 202.126.91.19

Ийм байхад л хувийн эрх ашиг, хулгай луйвар, архидалт, завхайрлаа хийсээр байгаа Монголын толгой эрчүүд хөөрхий, Ийм байхад баян тансаг хувиа бодож амьдарч байгаа Монгол эрчүүд хөөрхий, Ийм байхад бренд өмсөж ухаантай царайлж хэн нэгний цүнх барьж гүйх эрчүүд хөөрхий, Ийм байхад алтан залаатай малгай өмсөж өв соёл ярих Монгол эрчүүд хөөрхий. Эр хүн гэдэг чинь эмс охид, элгэн садан, эх ороноо хайрлан амиа өгч чадах хүмүүсийг хэлдэг юм. Би Монгол эрчүүдээсээ, ах нараасаа ичиж байгаа

Avatar

Нэргүй 2025-09-15 103.57.93.99

Төр яалтажгүй л данхайсан нь үнэн дээ. МАН-ийн дарга Данх шигээ болсон л доо.

Avatar

Нэргүй 2025-09-15 103.168.34.143

Хоосон ам, шалдан гуя, юу ч хүлээгээд нэмэргүй,

Avatar

Т1 2025-09-15 202.9.46.53

Том толгойтой, том гүзээтэй, зээр шиг гар хөлтэй. Ажил хийх дургүй, наадам гэхээр ухас хийдэг, хулгай хийхдээ дайлаар морддог дарга улс шүү. Ха ха ха…

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.190.19

Монгол хамгийн бага татвартай гэж болно. Үүнийг их гэвэл хүй нэгдэлдээ буюу зэрлэг үедээ ороо гэхтэй агаар нэгээ. Ер нь улс орон нийгэм татвараар оршин тогтнодог.Татвар 1 хувь болсон ч гомдол тасрахгүй гэсэн нь юутай үнэн.

Avatar

Hugjliin zam 2025-09-15 202.126.91.19

Улсын төсөв хичнээн том байлаа гээд иргэд нь ядуу бол улс орон явахгүй гэдгийг ойлгочих Монгол хүн алга байна. Гэтэл Иргэн баяан бол улс баян гэж аль 100 жилийн өмнө Солийн Данзан хэлж байсан. Улс баян бол иргэн баян гэдэг бодлогыг Мао дарга 30 жил хүчиндээд Хятад хөгжөөгүй. Харин Хятад хүн бүр хийж чадах юмаа чөлөөтэй хий иргэн баян бол Хятад баян гэдэг бодлогыг 1980 онд Хятадын Дэн Сяа Пин тунхаглаад, бодлогоор иргэдээ баяжуулах, хийх боломжийн нээж өгөөд Хятад баян болчоод байна.

Avatar

Taxman 2025-09-15 202.9.46.130

Татвар их байна л гэнэ. Дарамтгүй татвар ч гэж хаа байхав. Гэхдээ татвар бол өндөр биш шүү Монголд. Татвар 1 хувь болсон ч л гомдол гарна. Тиймээс, эрдэмтэн эдийн засагч нар татварын дарамт өндөр энэ тэр гэж ярихдаа ыас эргэн тойрноо харж, цааүдийн үр дагаврийг нь бодож байж дуугарах хэрэгтэй. Манай улсын татварын дарамт бараг л Булангийн орнуудын түвшинд байгаа шүү. Харин ЭМ НДШ бол өөр асуудал шүү.

Avatar

Үйлдвэрлэгч 2025-09-15 202.126.89.247

бусад оронтой харьцуулахад татвар бага л даа, гэхдээ үндэсний үйлдвэрлэгч компаниуд ямар шүү төвшинд байна вэ? Хятад улс ямар хурдтай хөгжиж байна вэ, бид хаана явж байна вэ?

Avatar

зочин 2025-09-15 103.57.94.243

Монголд татвар өндөр биш ,24 хувь ,үүний талыг ажиллаж буй байгууллага хариуцна, Гэтэл баруун,Норвегт гэхэд татвар 28-аас 55 хувь байна ,Хамгийн бага татвар 28 хувь ,Тэгээд 40, 50, 55 гээд өснө, ажил тэр бүр олдохгүй, Хөдөө тосгонд ажил олжээ Цалин 3000 доллар ,үүний талыг татварт, хөлсний байр,үйлчилгээнд,1500 долл, 2 хон сар зун, байнга бороо, бусад үед өвөл ,цас мөс,цэлмэг өдөргүй ,туйлын урт шөнө, Хөдөө нь үндсэндээ хүнгүй, үйлчилгээгүй,Хүмүүст эх орон шиг сайхан газар байхгүй

Avatar

Үйлдвэрлэгч 2025-09-15 202.126.89.247

татвар бага юм бол залуус Монголдоо ажиллахгүй яахаараа гадаад руу очиж ажиллана, эсвэл төрийн албанд цүнх барина гээд яваад байна вэ??
Дээрх Taxman чи компани байгуулаад ажиллаад үз л дээ, ямар дарамт дор ажилладгийг мэдэх үү?

Avatar

Нэргүй 2025-09-15 202.126.91.19

Монголын төсөв 2015 онд 7 их наяд байсан бол 2024 онд 30 их наяд болж 4 дахин өссөн байна цалин 4 дахин өссөн үү, Монгол хүний орлого 4 дахин өссөн үү . Энэ нь анхнаасаа бодлого буруу яваад байна Төр баян бол ард түмэн баян гэсэн бодлого яваад байна. Эсрэгээрээ Иргэн баян бол Улс баян гэх бодлоготой улсууд баяжиж хөгжиж байна. Иргэн Доржийн амьдралыг Иргэн Дорж л өөрчилж чадна. Иргэн Дорж юу хийж чадаж байна түүнийгээ хийгээд мөнгөө олох л тэр боломж, гарцыг төр нээж өгдөг байвал болно.

Avatar

Нэргүй 2025-09-15 103.229.120.150

3000 гаруй аж ахуйн нэгжүүд хаалгаа аль хэдийн барьчихаад бна. 150 мянган залуучууд гадаад руу амьдрахын эрхээр хар ажил хийхээр явчихлаа. Эмнэлгүүд асрагч сувилагчгүй болсон.

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.177.181

МАНгасууд улс орныг сүйрүүллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж