Сурвалжлага: 100 жил эдэлгээтэй гэх хавтангаар сольсон ч удалгүй хагарчээ

Сурвалжлага: 100 жил эдэлгээтэй гэх хавтангаар сольсон ч удалгүй хагарчээ

Сурвалжлага: 100 жил эдэлгээтэй гэх хавтангаар сольсон ч удалгүй хагарчээ

Улаанбаатар хотод өнгөрсөн Баасан гаригийн 17 цагийн орчим гадаа салхитай жиндүүхэн ч Багшийн дээдийн /МУБИС/ автобусны буудал орчмоор хөл хөдөлгөөн их байв. Тус автобусны буудал орчимд энд ч өрж орхисон чулуун хавтан тэнд ч хуулсан хуучин хавтан хөглөрөх ба элс шороотой замаар иргэд алхахад хүндрэлтэй нөхцөл үүсчээ. Яг ийм дүр зураг зүүн тийш Офицеруудын ордон хүртэл, баруун тийш Улсын их дэлгүүр хүртэл үргэлжилж буй.

Автобус хүлээж зогсох иргэд болон зүүнээс баруун, баруунаас зүүн тийш зорчих иргэдийн урсгал их тэд зөрж өнгөрөхөд зай талбай хомс зарим иргэд машин замаар урсгал сөрөн алхах бол нөгөө талд дугуй, скүүтертэй иргэд, явган зорчигчид өөр хоорондоо арайхийн зөрж өнгөрнө. Зарим нь скүүтертэй хүмүүст мөргүүлэхгүйн тулд зогсож зай тавьж өгөх бол  зарим нь скүүтерийн сигналыг үл тоон чигээрээ алхах ажээ. Хуучин хавтанг нь хуулаад орхисон элстэй замаар 3-4 насны болов уу гэмээр хүүгээ хөтөлсөн эмэгтэй өсгийтэй гутал дээрээ арай ядан автобусны араас гүйх ч амжиж сууж чадсангүй. Автобуснаасаа хоцорсон эмэгтэй нэлээд бухимдангуй байх агаад дараагийн автобус иртэл бидэнтэй хэсэг ярилцаж амжив.

"Монгол хүнд өстэй хотын дарга л гэж харж байна"

Тэрбээр “Сургууль цэцэрлэг эхлэхээр хөл хөдөлгөөн нэмэгддэг гэдгийг манай дарга нар сайн л мэдэж баймаар юм. Зун наадмын дараа энэ хавийн зам зүгээр байсан. Бараг сургууль эхлэв үү үгүй юу хуулчихсан байх шүү. Ямар учиртай юм бол үнэхээр ойлгохгүй юм. Үнэхээр засах шаардлагатай байсан бол хүн их зорчдог газраа хичээл эхлэхээс өмнө янзалчхаж болоогүй юм болов уу гэж бодох юм. Ялангуяа энэ хавиар чинь иргэд зогсоо зайгүй холхидог. Өсгийтэй гуталтай битгий хэл пүүзтэй явахад ч хэцүү байна шүү дээ. Та нар өөрсдөө хар л даа. Хүүхдээ түрээд явах зай ч алга. Хажуугаар нь скүүтертэй хүмүүс нь дайрчих гээд дээр нь тоос шороо их. Хурдан янзалж дуусгаасай. Жил бүр л замаа засах юм, чанартай удаан эдэлгээтэй юм хийчхэж болдоггүй юм байхдаа. Улсын мөнгө уйлдаггүй гэдэг юм уу, бодохоор үнэхээр уур хүрэх юм байна шүү дээ" гэж нэлээд бухимдаж байтал дараагийн автобус ирж бидний яриа өндөрлөв.

Иргэн Ч.Батболд "Зам засвар их хийж байгаа нь сайн ч гэлээ чанар муутай хийж жил болгон заримыг нь хэдхэн сарын дахин янзалж байна. Тухайлбал, III, IV хорооллын авто замыг өнгөрсөн жил зассан. Гэтэл энэ жил яг тэр замаа дахиад янзалж байх жишээний. Мөн энэ явган хүний замыг шинэчлэхэд ашиглаж байгаа чулуун хавтанг Хятад улсаас оруулж ирж байгаа. Уг нь бол монголчууд өөрсдөө явган замын хавтанг үйлдвэрлэдэг. Гэтэл дотоодын аж ахуй нэгжээ дэмжсэнгүй. Энэ мэт юм хийж байгаа хүмүүсийнхээ эсрэг ажиллаад байгааг ойлгохгүй байна.

Хоёрдугаарт, улсын мөнгө гэж байхгүй, тиймээс татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарж нэг ажлаа дахин дахин хийж байгаа нь Монгол хүнд өстэй хотын дарга л гэж харж байна" гэсэн юм.

Явган хүний замыг шинэчлэх ажлын хүрээнд БНХАУ-аас байгалийн чулуун хавтанг импортоор оруулж ирсэн. Учир нь монголд байгалийн чулуун хавтан үйлдвэрлэдэг хоёр компани байдаг аж. Тиймээс энэ жил тавих бүтээн байгуулалтын ажлыг хийх нөөцийг бүрдүүлж чадахгүй гэж үзсэн учир ийнхүү импортоор оруулж ирсэн гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Төв зам дагуух явган хүний замыг шинэчлэх ажил ид өрнөж байна. Цахилгаан тасдагчийн дуу хангинаж ажлын улбар шар хантааз өмссөн 5-6 хүн ажиллаж байв. Тэдний нэг нь чулуун хавтангаа зүсэх бол нөгөө нь элсээ тэгшилж, янзална. Харин зарим нь тэгшилсэн элс дээр зуурсан шингэн зуурмагаа асгах /элс, чулуун хавтанг барьцалдуулах шингэн/аж. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь молоко гэж нэрлэдэг юм байна. Зуурмаг дээр чулуун хавтангаа тавьж резинэн алх шиг хэлбэртэй зүйлээр сайн гэгч нь цохино.

"Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улсад хэчнээн жил болохыг хэлэх боломжгүй"

Энэ хэсгийн замыг "Сант-Өндөр" ХХК янзалж байгаа аж. Тухайн компани  энэ жил 30 мянган метр квадрат талбайг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа. Ажлын явц 30 хувьтай үргэлжилж байгаа ажээ. Уг нь энэ жил авсан явган замын бүтээн байгуулалтынхаа 11 мянган метр квадратыг буюу 30 хувийг дуусгах гэрээтэй байгаа ч нийслэлийн зүгээс ажлаа шахаж заавал дуусгахыг шаардсан байна. Тиймээс өглөө 06:00-22:00 цаг хүртэл, орой 22:00-06:00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж байгаа аж. Энэ талаар "Сант-Өндөр" ХХК-ийн талбайн инженер Т.Батдэлгэр ярилаа.  Тэрбээр "Нийслэлээс энэ онд авсан ажлаа дуусгахыг шаардсан учир хүн хүчээ нэмээд өдөр, шөнийн ээлжээр шахуу хуваарийн дагуу ажиллаж байна. Манай компани Энхтайваны өргөн чөлөө, Багшийн дээд гэсэн хүн их зорчдог газруудын явган хүний замыг засварлаж байгаа. Иргэд уурлаж бухимдах асуудал багагүй гарч байна. Багшийн дээд орчмын энэ хэсэгт бол 30 мянган метр квадрат орчим талбайг засаж янзлахаар байгаа. Гэрээний хугацаа есдүгээр сарын 25-нд дуусна. Хоёр ээлжээр ажиллаад 14 хоногийн дараа дуусгахаар төлөвлөөд байна. Бид гэрээнийхээ хугацаанд дуусгаад хүлээлгэж өгнө" гэлээ.

Иргэдийн зүгээс зүгээр байсан хавтанг хуулж, гадаадаас чанаргүй хавтан оруулж ирж тавьж байна гэх шүүмжлэлийг хэлж буй.

"Монголд энэ чулуун хавтанг анх удаа туршиж үзэж байна. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улсад хэчнээн жил болохыг урьдчилж хэлэх боломжгүй.

Хуучин хавтанг 2-3 жилийн хугацаатай хэсэгчилж сольдог байсан. Чулуун хавтанг ойрын арван жилдээ бол солихгүй байх л гэж бодож байна" гэж "Сант-Өндөр" ХХК-нийн талбайн инженер Т.Батдэлгэр хэлэв.

Чингэлтэй дүүрэг хуучин хавтанг ашиглаж гэр хорооллын замаа янзалжээ

Явган хүний замыг шинэчлэхэд тавьж буй чулуун хавтан нь өмнөх хавтанг бодвол 20 см-ээр нимгэн. Өөрөөр хэлбэл, хуучин хавтан нь 60 мм-ийн зузаантай бол шинээр тавьж байгаа чулуун хавтан 40 мм-ийн зузаантай юм байна. Ажил хийх явцад явган замын хавтангуудыг хатаж амжаагүй байхад явган зорчигчид болон скүүтертэй хүмүүс дээгүүр нь зорчих зэрэг хүндрэлүүд гарч байгааг хэлж байсан юм.

Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 15 байршилд нийт 59.6 км  явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилжээ. Харин явган замын хуучин хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэн өгч байгаа гэдгийг нийслэлээс мэдээлсэн юм.

Түүнийгээ дахин ашиглаж байгаа эсэхийг бид Чингэлтэй дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодрууллаа. Чингэлтэй дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 5000-6000 метр квадрат хуучин хавтанг авсан байна. Ингээд хуучин хавтангуудыг тусдаа хашаанд байрлуулж гэр хорооллын замыг шинэчлэхэд ашиглаж эхэлжээ. Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо нь уулархаг, чулуу ихтэй учир өөд газар явган хүн зорчиход хүндрэлтэй байсан замыг хуучин чулуун хавтангаар янзалжээ. Тухайлбал, дээрх авсан нийт хавтангийнхаа 1,5-2 мянган метр квадратыг нь Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны гурван хэсэгт тоглоомын талбай болон иргэд өгсөхөд хүндрэлтэй байсан нарийн гудамжинд шат тавих зэргээр хуучин хавтанг ашигласан байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны нийгмийн ажилтан Т.Мөнх-Уул мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Шинээр хавтан аваад замыг шинэчилье гэвэл нэлээд уддаг.  Мөн багагүй хөрөнгө мөнгө шаарддаг. Тиймээс хуучин хавтанг ашигласнаар иргэд зорчиход хүндрэлтэй замуудыг бага төсвөөр хурдан хийсэн.

Ингэхэд зарим иргэд ам  сайтай байгаа ч зарим иргэдийн хувьд "бид гэр хорооллынх гээд хуучин юм хэрэглэх ёстой юм уу" гэдэг шүүмж хэлж байгаа гэсэн юм.

Энэ жил явган хүний бүтээн байгуулалтын ажлыг дараах 13 компани өөрсдийн хүлээж авсан байршлуудад засаж янзалж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2025-09-15 59.153.112.72

ШАЛГАРСАН ХУЛГАЙЧ НЯНБААТАР, ДАВААДАЛАЙ 2-ын ХУЛГАЙ, АВИЛГААР ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭСЭН ХИЙМЭЛ, ХЭВРЭГ, ХЯМД, ЗОРИУЛАЛТЫН БУС БОРЖИНГ МАШ ӨНДӨР ҮНЭЭР АВЧ ШАХАЖ БУЙ ХУЛГАЙ, ЛУЙВАР ШҮҮ ДЭЭ. ХЭДХЭН ЖИЛИЙН НАСТАЙ СТАНДАРТ БУС ЭД. ЭНЭ 2 ХУЛГАЙ Л ХИЙНЭ, АВИЛГАДНА, ӨӨР ЧАДАХ ЮМ ЭНЭ 2-Т ТҮЙ Ч БАЙХГҮЙ ХООСОН МАХАН ТОЛГОЙТ ХҮНИЙ АДАГ ХОГИЙН ШААРУУДЫГ ОГЦРУУЛЖ МӨНГӨ УГААСНЫ ТӨЛӨӨ ЯЛ АСУУХ ЁСТОЙ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.190.170

Энэ Нямбаатарыг огцруул

Avatar

Иргэн 2025-09-15 66.181.179.179

Хотын төв замын дагуу явган хүний замыг шинэ хавтангаар бүрсэнийг хараад ингэх нь зөв юм байна гэж бодогдлоо аргагүй л хуучнаасаа илүү цэвэрхэн үзэмжтэй харагдаж байна. Ийм болохыг хотын дарга маань олж харж чадсан нь гайхамшигтай. Сольсон хавтангуудаа гэр хорооллуд аймгийн төвүүдэд зөөж ашиглаж байгаа дуулдана бас л зөв санаа дэмжиж байна. Нийлэлийн маань гудамж зам сайхан болж байгаад сэтгэл хангалуун байнаа.

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.190.139

дээгүүр нь машин давхиад эвдээд байнадаа

Avatar

Нэргүй 2025-09-15 103.229.123.161

Дахин ашиглаж болж байгаа хавтанг хуулж шинэ хавтангаар сольж байгаа нь ердөө мөнгө угаалт. Заавал хавтан тавихгүй бктонон зуурмагаар нэг мөр хийж болдоггүй юм байх даа. Бээжингийн гудамжны гүүрнээс 100 айлын гүүр хүртэл ийм зам тавьсан ядаж халтирч гулгахгүй овон товонгүй дажгүй зам байна

Avatar

Нэргүй 2025-09-15 43.242.242.59

Хотынхоо үзэмжийг нэмж бүтээн байгуулалт хийх нь зөв юм. Юу ч хийхгүй мөнгө идэж сууснаас дээр дээ

Avatar

Ок 2025-09-15 202.55.188.124

Энэ өвөл цас арилгаж байгаа гээд бүгдийг нь хага цохичихно

Avatar

Нэргүй 2025-09-15 202.55.188.124

Өвөл цас арилгахдаа бүгдийг нь хага цохино.

Avatar

Нэргүй 2025-09-15 202.131.245.34

Энэ том хавтангууд эхнээсээ хагараад эхэлсэн байна лээ шүү, төв зам дагуу

Avatar

Нэргүй 2025-09-15 66.181.186.181

"Монгол хүнд өстэй хотын дарга л гэж харж байна" – гоё хэллээ

Avatar

Бадарч тахар 2025-09-15 66.181.180.162

Хойтон энэ тавьсан замаа дахиж хуулж аваад 20 мм зузаантай хавтан тавих юм гэсэн Нямбаатар !

Avatar

Potentiality 2025-09-15 202.70.43.34

Хотын даргыг санал санаачилгатай ажиллаж байгаад талархдаг гэвч удирдлаган дор нь ажиллаж байгаа өчнөөн албаууд, Мэргэжлийн хэлтэсүүд, өчнөөн нарийн "Мэргэжилийн" гэх тодотголтой Төрийн Албан Хаагчид мэргэжлийн ажлууддаа Зөв Оновчтой Хяналт, Удирдлага тавьж ажиллаж Мэддэггүйгээс Чаддагүйгээс өнөөгийн ундуй сундуй ноохойрсон УБ хот бий болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж