УИХ-ын дэд дарга орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга орон нутагт ажиллаж байна

УИХ-ын дэд дарга Г.Батхүү энэ сарын 2-ноос эхлэн Өвөрхангай аймгийн сумдад ажиллаж байна. Дэд даргын томилолт Арвайхээр сумын дөрөвдүгээр дунд сургуулийн интернэт танхимын нээлтэд оролцсоноор эхэлсэн юм. Тэрбээр тус сургуулийн сурагчдад хандаж хэлсэн үгэндээ, мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй эрин зуунтай хөл нийлүүлэн алхахын тулд цахим ертөнцтэй танилцах нь чухлыг онцлоод эрдэм мэдлэг эзэмших их үйлсдээ амжилт гаргахыг захилаа.  Мөн орон нутгийн удирдлагуудтай уулзаж, төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, цаг үеийн ажлын явцтай танилцав. Өдгөө хөдөө орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ид өрнөж буй. УИХ-ын дэд дарга нутгийн удирдлагуудтай уулзах үеэрээ намрын налгар өдрүүдэд хадлан тэжээлээс эхлээд бэлтгэлээ сайтар базааж, өвлийг өнтэй давахад анхаарахыг санууллаа.

Үүний зэрэгцээ Арвайхээр сумын ард иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсон, тулгамдсан асуудлын талаар санал солилцож, шаардлагатай мэдээллийг өгсөн нь хүмүүсийн хүсэн хүлээсэн арга хэмжээ болж чадсан юм. Иргэдийн зүгээс илүүтэй сонирхон асууж байсан зүйл нь УИХ-ын хаврын чуулганаар улс орны хөгжил, ард олны амьдрал ахуйд нааштай өөрчлөлт гаргах ямар хууль, тогтоол баталсан тухай байв. УИХ-ын дэд дарга Г.Батхүү 2010 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоомжийн талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ олон жил хүлээгдсэн Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрхийг Засгийн газарт олгосон, “Монгол мал” хөтөлбөрийг гаргаж ойрын 5-10 жилд 100 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барихаар шийдвэрлэсэн нь онцгой ач холбогдолтой, үр өгөөжтэй юм хэмээн тодотголоо. “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр малчдын орлого нэмэгдэж, амьдрал ахуй нь дээшилж, малын гаралтай түүхий эдийг үнэгүйдлээс сэргийлэх, дэлхийн зах зээлд гаргах нөхцөл бүрдэх юм. Тиймээс ч малчдын хувьд УИХ эл хөтөлбөрийг баталсныг талархан хүлээж авч буй. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хувьд шууд ба шууд бусаар олон мянган ажлын байр бий болно. Хөдөөд ажилгүй байгаа залуусын хувьд энэ нь таатай мэдээ. Ерөөс Оюутолгой, Тавантолгойн зэрэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас эхлээд ойрын ирээдүйд уул уурхайн салбарт бий болох ажлын байрууд монгол залуусыг хүлээж байгаа. Энэ ч утгаар Өвөрхангайн залуус уул уурхайн ордуудад ажиллаж, эх орныхоо хөгжилд гар, бие оролцох хүсэлтэй нь иргэдийн уулзалтын үеэр харагдаж байсан юм.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү мөн эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд зүтгэж яваа цэргүүдтэй уулзав. Тэрбээр байлдагчдад УИХ-аас шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын бодлого, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай, Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох тухай зэрэг хуулийг тайлбарлан мэдээлэл өглөө. Монгол цэргүүд дотооддоо алба хаахын зэрэгцээ НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын хамт олон улсад энхийг сахиулж, дэлхийн тавцанд нэр хүнд нь өсч буйг дэд дарга энэ дашрамд сонирхуулж ярьсан юм.

Харин өчигдөр УИХ-ын дэд дарга Өвөрхангай аймгийн Өлзийт суманд хүрэлцэн очиж ажиллалаа. Тус суманд нар, хур тэгширсэн сайхан зун болж, газрын гарц сайн байснаар мал тарга тэвээрэг сайн авч чаджээ. Тэрчлэн малчид, иргэд хадлан тэжээлээ хангалттай хурааж, өвлийн хатуу цагийг айхгүй давахаар бэлтгэлээ базаасан нь УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс магтаалын үг сонссон. Тэрбээр мөн сумын удирдлагуудтай санал бодлоо солилцож, орон нутагт шийдвэрлэх шаардлагатай асуудал, төсвийн хөрөнгө оруулалт үр дүнтэй хэрэгжсэн эсэх талаар тодрууллаа. Дараа нь Өлзийт сумын төвд байгуулж буй интернэт төвийн нээлтэд оролцсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж