Персийн буланд орших Арабын чинээлэг орнууд хэдэн 10 жилийн турш мөргөлдөөнд автсан бүс нутаг дахь тогтвортой байдлын баян бүрд болсоор ирсэн билээ. Эдийн засгийн боломж, татваргүй амьдралын хэв маягт татагдсан гадаадын иргэд сая саяараа тэдгээр улсыг зорьсон. Тиймдээ ч тэдний хүчээр хурдацтай хөгжиж буй эдийн засагтай гял цал нийслэлүүд сүндэрлэн боссон юм.
Гэвч энэ жил хоёр удаагийн халдлагаас болж бүс нутагт аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхлэв. Хоёр жилийн өмнө хэдэн мянган километрийн цаана эхэлсэн Газын зурвасын дайн Арабын орнуудыг доргиож эхлээд буй нь энэ.
Тодруулбал, АНУ өнгөрсөн зургадугаар сард Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхөд Иран хариуд нь Катар дахь Америкийн агаарын баазыг онилсон. Дараа нь өнгөрсөн долоо хоногт Израилийн арми Доха дахь Хамасын удирдлагуудыг онилон цохилт өгөв.
Катарын хувьд цаашид хариу цохилт өгөх цэргийн боломж багатай улс. Гэхдээ Израилийн цохилтод бүс нутгийн хэмжээнд хамтын хариу арга хэмжээ авахаа амлаад байна. Чухам ямар арга хэмжээ авахаа түншүүдтэйгээ хэлэлцэж, зөвлөлдөж байна гэж Катарын ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани мэдэгджээ. Энэ долоо хоногийн сүүлээр Дохад болох Араб, Исламын дээд хэмжээний уулзалтын үеэр шийдвэр гарна.
Израильтай хамгийн ойр харилцаатай Персийн булангийн улс бол Арабын нэгдсэн Эмират. Тус улс хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлсэн юм. Тодруулбал, тус улсын ерөнхийлөгч Мохаммед бин Заед Аль Нахаян халдлага болсноос хойш 24 цаг хүрэхгүй хугацааны дараа томоохон төлөөлөгчдийн хамт Дохад хүрэлцэн ирсэн байна. Мөн Абу Дабид суух Израилийн төлөөлөгчийн дуудан уулзаж, халдлагыг буруушаажээ.
Шинжээчдийн хэлж буйгаар, Арабын орнууд бүс нутгийн эв нэгдлийг харуулах, Израилийн цаашдын цохилтыг зогсоох хувилбаруудыг авч хэлэлцэнэ. Гэхдээ тэдний хувилбарууд хязгаарлагдмал гэдэг нь онцлог.
ДИПЛОМАТ СОНГОЛТУУД
Арабын нэгдсэн Эмират улс Израильтай тогтоосон дипломат харилцаагаа бууруулах юм уу, Израиль болон Арабын гурван улсын хооронд байгуулсан Абрахамын хэлэлцээрт оролцох оролцоогоо багасгаж магадгүй. Тус хэлэлцээрийг Дональд Трампын анхны бүрэн эрхийнхээ хугацаанд гаргасан гадаад бодлогын хамгийн том амжилт гэлцдэг.
Дохад цохилт өгөхөөс ч өмнө Арабын нэгдсэн Эмират улс Израильд дургүйцлээ илэрхийлж байв.
Энэ долоо хоногт тус улсын өндөр албан тушаалтан Лана Нусейбех Баруун эрэг орчмыг өөртөө нэгтгэх Израилийн төлөвлөгөөг Абрахамын хэлэлцээрийг эвдсэн урвалт болно гэжээ.
Персийн булангийн орнууд өмнө нь Олон улсын шүүхийн өмнө Израилийн эсрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төдийлөн оролцдоггүй байсан. Тэгвэл цаашид энэ байдал өөрчлөгдөж магадгүй гэдгийг Бахрейн дахь Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн Ойрхи Дорнодын бодлого хариуцсан ахлах ажилтан Хасан Альхасан хэлэв.
Ямартай ч хариу арга хэмжээг хуулийн хүрээнд, тэр дундаа олон улсын эрх зүйн хүрээнд авна гэдгийг Катарын ерөнхий сайд мэдэгджээ.
Дараагийн боломжит хувилбар бол Катар улс АНУ болон түүний зарим дайснуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээсээ татгалзаж магадгүй аж.
АХ ДҮҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Персийн булангийн орнууд дотооддоо маргалдаан, сөргөлдөөнтэй байдаг ч олон жилийн өмнө байгуулсан харилцан батлан хамгаалах гэрээгээ сахисан хэвээр. Өдгөө тус гэрээгээ идэвхжүүлбэл аливаа гадны дайралтаас сэргийлж чадна гэж Саудын Арабт төвтэй Персийн булангийн судалгааны төвийн дарга Абдулазиз Сагер хэлжээ.
Тус гэрээ нь 1980-аад онд байгуулсан "Хойгийн бамбай хүчин" цэргийн гэрээ юм. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн Ойрхи Дорнодын бодлого хариуцсан ахлах ажилтан Хасан Альхасаны хэлснээр тус гэрээний заалтууд өнөөг хүртэл онолын шинжтэй байжээ. Өдгөө Персийн булангийн нэгдсэн командлалыг бий болгож, агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэгтгэж, илүү бие даасан чадавхтай болвол "Хойгийн бамбай хүчин" цэргийн гэрээ идэвхжинэ.
Персийн булангийн долоон улсын ихэнх нь АНУ-ын цэргийн техник хэрэгслээс хамааралтай. Мөн Америкийн цэргийн баазууд ч эдгээр улсад бий. Гэтэл сүүлийн үед америкчууд бүс нутаг дахь өөрсдийн өмчөө хамгаалж чадахгүй байгаа нь Арабын улс орнуудад өөр сонголт хийх сэжүүр өгч байна. Эсвэл АНУ-аас аюулгүй байдлын илүү хатуу баталгаа шаардаж магадгүй юм.
Гэсэн ч АНУ бол Израилийн хамгийн том дэмжигч. Тэгэхээр Персийн булангийн орнууд АНУ-тай харилцаагаа эрсдэлд оруулахаас зайлсхийх магадлалтай. Дотоодын ашиг сонирхлоос нь шалтгаалаад тэдний хүчин чармайлт мөн л хязгаарлагдмал байна гэсэн үг.
ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ
Бүс нутгийн газрын тос, байгалийн хийн экспортоос жил бүр олдог олон их наяд ам.долларыг дэлхий даяар стратегийн хөрөнгө оруулалтад зарцуулдаг. Үүнийг бүс нутгийн зөөлөн хүч гэдэг.
Тэгвэл Катар, Саудын Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмират зэрэг оронд асар их баялгийн сангаа ашиглаад Израилийн эсрэг зогсох сонголт байж болно. Тодруулбал, тэд өөрсдийн хөрөнгөө Израилийн эдийн засагт томоохон хувь эзэмшдэг компаниудыг бойкотлоход ашиглаж болох аж.
Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд бүс нутагт айлчлаад амжсан. Айлчлалын үеэр Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар улсууд АНУ-ын эдийн засагт гурван их наяд орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалт өгсөн билээ. Энэ их хөрөнгө оруулалтын үр шим нь найдвартай, аюулгүй Персийн булан байж болох юм.
3,593.62




















































Нэргүй 2025-09-15 43.242.242.59
Эв нэгдэлгүй Арабын орнууд өчүүхэн Израйлийг номхотгож чадхгүй байна.
иргэн 2025-09-15 103.229.122.204
Алсдаа Араын ертөнц, Ойрхи Дорнод, Персийн булангийн орнууд Оросуудыг түших нь гарцаагүй болно, Израйлыг зогсоох ганц хүч бол Оросууд,
Ovgon 2025-09-15 192.82.65.103
эмээ уу илжигээ
Нэргүй 2025-09-15 192.82.65.175
Израйл дэлхийг удирддаг юм даа