Пакистаны Пунжаб мужид үерийн улмаас хоёр сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Үндэсний гамшгаас хамгаалах албаны дарга Инам Хайдер Маликын хэлснээр цаашид дахин олон хүнийг нүүлгэн шилжүүлэх магадлалтай байгаа аж. Гэхдээ эд хөрөнгөө хамгаалахын тулд үерийг үл харгалзан гэртээ үлдэхийг сонгож буй хүмүүс олон байна.
Өнөөдөр гаргасан шинэчилсэн мэдээллийг харвал, Пакистан улсад зургадугаар сарын сүүлчээс хойш борооны улмаас 900 гаруй хүн амиа алджээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад тус улсад их хэмжээний бороо орсон нь гол мөрний урсацыг өөрчилж, үерийн гамшгийг улам дордуулав. Гэхдээ засгийн газрын хөрөнгө оруулалт, тэр дундаа илүү сайн дохиоллын систем, дэд бүтэц байхгүй байгаа нь гамшгийг улам даамжруулж буйг олон нийт хэлж байна. Тус улсын хүн амын 40 хувь нь амьжиргааны түвшин доогуур, ядуурлын түвшинд амьдарч буй. Тэдгээр хүн амын ферм, байшингууд үерт хамгийн их өртөж, сүйдэж байна.
Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа ч эрсдэл ихтэй үргэлжилж байна. Жижиг завьнууд хүчтэй урсгал сөрж дийлэхгүй учир есөн хүн нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн Мягмар гаригт гарсан билээ.
Пакистаны Үндэсний гамшгийн удирдлагын газар Пунжаб мужийн үерт нэрвэгдсэн айл аймгуудад хөнжил, майхан, ус шүүх төхөөрөмж зэрэг тусламж илгээжээ. Мөн НҮБ энэ долоо хоногт Пакистаны үерийн хариу арга хэмжээг дэмжихэд таван сая ам.доллар төсөвлөсөн байна. Уг санхүүжилтыг АНУ-ын Төрийн департмент баталж, гамшгийн үед хариу арга хэмжээ авах боловсон хүчнийг байршуулсан нь Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд анх удаа ийм төрлийн тусламж үзүүлсэн явдал болжээ.
Үерт автсан талбайн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхийн тулд газар бүрэн хатахыг хүлээх ёстой. Үүнд хэдэн долоо хоног шаардагдана гэдгийг мөн албаны хүн хэллээ.
3,593.62






















































Холбоотой мэдээ