Беларусийн удирдагч Александр Лукашенко, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын байгуулсан гэрээний хүрээнд Беларусийн шоронгоос 52 улс төрийн хоригдлыг суллажээ. Тэдний дунд үйлдвэрчний эвлэлийн удирдагчид, сэтгүүлчид, идэвхтнүүд багтсан. Гэсэн ч дахин 1000 гаруй улс төрийн хоригдол шоронд хоригдсоор байна.
АНУ хариуд нь Беларусийн "Belavia" агаарын тээврийн компанийн хориг арга хэмжээг сулруулж, эд анги худалдан авах боломж олгож байна.
Беларусийн нислэгийн удирдагчид Грекээс Литва руу явж байсан "Ryanair" онгоцыг 2021 онд Минск хотод газардуулах захиалга өгсний дараа "Belavia" компани хориг арга хэмжээнд өртсөн.
Александр Лукашенко Пүрэв гаригт /2025.09.11/ Беларусийн нийслэл Минск хотноо Трампын тусгай төлөөлөгч Жон Коалтай уулзсан. Эл уулзалтынхаа дараа тэрбээр хоригдлуудыг суллаж байгаагаа хүмүүнлэгийн үйлдэл гэж тайлбарлажээ.
Мөн тэд хоёр улсын худалдааны харилцааг сэргээх, Минск дахь АНУ-ын Элчинг дахин нээх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. ОХУ 2022 онд Беларусийн нутаг дэвсгэрээс Украинд халдан довтолсны дараа АНУ тус улсын нийслэл дэх Элчин сайдын яамаа хаасан билээ. Элчин сайдын яамыг дахин нээх огноо тодорхойгүй ч тун ойрын хугацаанд гэдгийг Жон Коал хэлэв.
Дашрамд дурдахад, Беларусь улс 2023 оны долдугаар сараас хойш 314 улс төрийн хоригдол суллажээ. Энэ нь Беларусийн Европын холбоо, АНУ-тай тогтоосон харилцааг эерүүлэх зорилготой байв. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд АНУ-ын тусгай төлөөлөгчийн айлчлалын үеэр 14 хоригдол сулласны нэг нь Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановскаяагийн нөхөр Сергей Тихановский байв.
Сүүлд суллагдсан 52 хоригдлын тоонд 69 настай философич Владимир Мацкевич, сэтгүүлч Игорь Лосик, 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн сөрөг хүчин Микола Статкевич, Их Британийн дипломат ажилтны эхнэр бөгөөд их британи-беларусь давхар иргэншилтэй Жулиа Феннер нар багтжээ.
3,548.92




















































Холбоотой мэдээ