МАН-ын даргын марафон ширүүсэв!

МАН-ын даргын марафон ширүүсэв!

МАН-ын даргын марафон ширүүсэв!

Найр, наадам аялал, зугаалга гэж нам гүм байсан Монголын улс төр халж байна.  МАН-ын дарга хэн болох вэ гэдэг марафон дундуур хуулийнхны баривчилгаа Тусгаар тогтнолын ордноос эхлээд яам тамгын газрыг онилсон нь олны анхаарлыг татаад байна.

Тухайлбал, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны холбогдох албан тушаалтнуудыг энэ сарын 10-нд Авлигатай тэмцэх газраас саатуулсан бол өчигдөр /2025.09.11/ Эрүүгийн цагдаагийн газраас Эрчим хүчний яаманд шалгалт хийж, тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцыг шалгаж эхэлжээ. Тэднийг саатуулах болон шалгахын өмнө гэр болон ажлын байрт нэгжлэг хийсэн.

Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр Тавантолгойн бүлэг ордод хэрэгжсэн томоохон төслийг шалгах, тендерийн үйл явц сонгон шалгаруулалт санхүүгийн зарцуулалттай холбоотой асуудлыг шалгах хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу шалгах ажиллагаа явагдаж байна гэжээ.

Тавантолгойн ордын Бор тээгийн уурхайд шаардлага хангаагүй компанийг олборлогчоор шалгаруулж хууль зөрчсөн гэдэг асуудлыг гурван жилийн өмнө нүүрсний сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хөндөж байв.

Энэхүү олборлолт хийх түншлэлд шалгарсан компанийн нэг нь МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын хамаарал бүхий этгээдийнх нь “Админерал” ХХК юм.

Нөгөөтэйгүүр, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нэг их наяд орчим төгрөг зарцуулан нүүрс угаах үйлдвэр барьсан ч уурхайгаасаа хол 12 км зайд байрладаг,  дээр нь тус үйлдвэр шахааны үйлдвэр болсон тул шалгуулахаар хуулийн байгууллагад асуудлыг шилжүүлсэн зэрэг ноцтой асуудал ч хөндөгдсөн.

Тэгвэл Тавантолгойн ордтой холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газрынхан шалгах хүрээнд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 48 цагийн хугацаатай саатуулаад байна.

Харин Эрчим хүчний яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцыг авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж эхэлсэн нь бас л улс төр үү, аль эсвэл ингэж таарав уу гэдэг асуулт ч тавигдаж буй. Хэрэг явдлыг тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Дулааны цахилгаан станцыг улсын комисст хүлээн авахдаа авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутган мөрдөх ажиллагаа явуулж эхэлсэн байна. "Энергосервис монтаж" ХХК тус ажлыг гүйцэтгэсэн бөгөөд албан тушаалтнуудад авлига өгсөн байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тус аймгийн МАН-ын гишүүн Ц.Сайхандэлгэр зэрэг албан тушаалтнууд ч хахууль авсан хэрэгт холбогдож шалгагдах болжээ. Эрүүгийн цагдаагийн албаныхан энэ хэргийг шалгах ажлын хүрээнд С.Цэрэнжамц, Ц.Сайхандэлгэр, В.Ганзориг нарын гэр, албан тасалгаа зэрэгт прокурорын хяналт дор нэгжлэг хийж эд мөрийн баримтууд хураан авсан байна.

Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг ч мөн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Засгийн газрын нэр бүхий хоёр ч сайдын асуудал хүндэрч буй.

Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өчигдөр /2025.09.11/мэдээлэл хийх үеэрээ БНХАУ-тай алдагдалтай гэрээ байгуулсан Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан огцрох ёстой гэж мэдэгдсэн. Тэгвэл Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтан авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутгагдан шалгагдах болсноор сайдынх нь суудал ганхаж эхэллээ.

Авлигатай тэмцэх газраас МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг саатуулсан үйл ажиллагааг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргын өрсөлдөөнөөс гаргах гэсэн сануулга гэж хардсан хэсэг олон бий.

Тэдний хувьд Ардын намынхан Ардчилсан намынхан шиг намын даргаа сонгох сонгуулийг нээлттэй, ардчилалтай зохион байгуулах ёстой. Хуулийнхныг бороохой болгон ашиглаж шившигтэй байдалд орж болохгүй гэж үзэж байна.

Харин нөгөө талд хуулийнхан "Админерал" компанийг эртнээс шалгаж эхэлсэн. Цаг хугацааны хувьд МАН-ын Бага хурал зарлагдахын өмнө саатуулах ажиллагаа болсон нь гал дээр тос нэмлээ ч гэж тайлбарлаж байгаа юм.

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай ойр нөхөрлөж ирсэн. МАН 2020, 2023, 2024 оны УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад тэдний гүйцэтгэсэн үүрэг их.

Тэр ч үүднээс хамгийн ойрын хүнийг нь саатуулсан байж болох талтай.  Учир нь Авлигатай тэмцэх газар улстөрчдийн зодуур болоод удаж байгаа. Гэвч УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн МАН-ын даргад өрсөлдөх хүслийг дээрх саатуулах ажиллагаа мохоосонгүй, албан ёсоор нэр дэвшихээ зарлав. Харин энэхүү намын даргын сунгаанд эртнээс орох нь тодорхой байсан Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд хараахан улс төрийн мэдэгдлээ хийгээгүй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-12 202.9.40.153

МАН-ынхан АН-ынхан шиг нэг их хоорондоо алалцаад ширүүсээд байсан юм байхгүй. Намын гишүүдээсээ санал аваад л нэг нь дарга болох нь гарцаагүй. бусад намд ямар ч хамаагүй юм

Avatar

Зочин 2025-09-12 202.179.18.241

Д.Амарбаясгалан МАН-ын дарга сонгогдвол МАН 2027, 2028 оны сонгуульд гарцаагүй ялагдана. Тэр Л.Оюун-Эрдэнэ шиг шударга, зоримог хүн,биш хуйвалдагч, бөрөнхийлөгч нөхөр дөө.

Avatar

Нэргүй 2025-09-12 103.10.23.120

Одоо зартай авилгач Админерал компаны далд эзэн Амарбаясгаланг баривчил.

Avatar

Нэргүй 2025-09-12 202.70.34.115

ХҮҮКийн эсрэг тэмцэж бгаа эр зоригийг нь үнэлж дэмжиж байна……………тгхээс МАН-д хайртайдаа биш

Avatar

Зочин 2025-09-12 45.117.35.32

Амарбаясгалан Хүк-тэй яаж тэмцэлдээв?!!

Avatar

Зочин 2025-09-12 59.153.114.165

Хулгайч нар аль л унцтай газар л шавншдэ ..Одоохондоо хамгийн унцтай газар нь МАН л байна шд

Avatar

Зочин 2025-09-12 103.229.122.88

энэ улсыг тэртээ тэргүй ши дарга хянаж байдаг хойно нэг хүүхэлдэй нь л дарга болно шдээ

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.160.22

Дарга сонгохдоо улиг болсон өнөөх л мэддэг хэдэн ухна дотроо хайгаад байвал ганц ч алхам ахихгүй, харин ч лавтай ухрна!!! Энэ бол аль ч салбарын кадр олж сонгох зарчим шүү!!! Олонд танил болоогүй ч гэсэн өсөх ирээдүйтэй, боловсрол, ХҮМҮҮЖИЛ сайтай, шинэ залуу хүн олох хэрэгтэй!!! Хэрэв мөхъе гэж хүсээгүй л бол!!

Avatar

Нэргүй 2025-09-12 66.181.185.222

1937 он шиг л санагдаад явчихлаа шүү ! Энд тэндгүй л баривчилгаа гэнээ….Амин хувийн бусармаг санаагаа гүй цэлдүүлэх гэж төрийн хүчний байгууллагыг татан оролцуулдаг нь ч их буруу даа ! Тэд нар нь ч бууны нохой шиг гүйцгээх нь ч их шившигтэй юм !!!

Avatar

Нэргүй 2025-09-12 202.126.90.191

Элэнцгийн чинь 37 он наад хоцрогдсон үзлээ таягдан хая орк минь ард түмэн тэсэрч авилгачдыг непаалдахад тун ойрхон байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж