Шинэ нэр: Хөгжимчин хүнд сэтгэл, мэдрэмж чухал

ШИНЭ НЭР

Шинэ нэр: Хөгжимчин хүнд сэтгэл, мэдрэмж чухал

"NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор авьяаслаг төгөлдөр хуурчийг онцолж байна. Түүнийг Б.Ерөөлт гэдэг. Тэрбээр одоо 23 настай бөгөөд Соёл урлагийн их сургуульд концертмейстр мэргэжлээр суралцаж буй гуравдугаар дамжааны оюутан. Б.Ерөөлт хүү аутизмтай ч олон төрлийн авьяастай. Түүний хувьд хөгжмөөс гадна 10 настайгаасаа хойш ширээний теннис тоглож, Монгол Улсаа төлөөлөн тусгай олимпод амжилттай оролцож байжээ. Ингээд түүнтэй танилцъя.


БАТБАЯРЫН ЕРӨӨЛТ: 2002.08.30

Төгссөн сургууль:

Нийслэлийн 55 дугаар сургууль,

"The Village Edication" төв

"Дойче Шуле" Герман сургууль

Мэргэжил:

Төгөлдөр хуурч
Одоо эрхэлж буй ажил:

СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан

Сошиал хуудас: Еroolt batbayr /фэйсбүүк/

БАГААСАА ХӨГЖМИЙН СОНСГОЛ САЙТАЙ, ОНЦГОЙ ЧАДВАРТАЙ ХҮҮ БАЙСАН ГЭСЭН. АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ХӨГЖИМ ТОГЛОЖ СУРАВ?

-Тийм ээ би багаасаа л хөгжим сонсох дуртай, нот их сайн ялгадаг байсан тухай ээж маань ярьдаг юм. Анх хоёр настайдаа "Twinkle, Twinkle, Little Star" дууг хөгжим дээр тоглож сурч байлаа. Тэгээд л аав ээж хоёр маань ярилцаад "Намайг хөгжим тогловол илүү тохирох юм байна" гэж зөвлөж, хөгжимчин болох зам руу хөтлөн оруулсан. Харин төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж эхэлсэн нас гэвэл долоон нас.

Хөгжмөө тоглож сурсны дараагаар оролцож байсан тэмцээн гэвэл 2016, 2017, 2018 онд хийлч Ч.Дэлгэрцэцэгийн хөгжмийн сургуулийн нэрэмжит тэмцээнд оролцож, 2018 онд гуравдугаар байранд орж байлаа. Тэр жилдээ "Forte and piano" гэдэг нэртэй улсын уралдаанд орж, нэгдүгээр байр эзэлж байсан юм.

АНХНЫ АМЖИЛТ

-Би анхны бие даасан тоглолтоо 21 настайдаа 2023 оны гуравдугаар сарын 17-нд Монгол Улсын консерваторит хийж байсан. Тухайн үедээ тоглолтод 7-8 сонгодог бүтээл тоглож байлаа. Миний тоглолтыг үзэх гэж маш олон хүн ирж, надад баяр хүргэсэн нь маш сайхан санагдсан. Тэр үедээ тоглолт эхлэхийн өмнө сандарч байсан ч сүүлдээ бие халаад маш сайхан байсан.

Мөн би хөгжмөөр хичээллэхийн хажуугаар усан сэлэлт болон ширээний теннисээр хичээллэдэг.

Миний хувьд 2015 оны долдугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон тусгай олимпын зуны наадамд ширээний теннисээр ганцаарчилсан төрөлд оролцож, хүрэл медаль хүртэж байсан. Тухайн үед сэтгэл маш догдолж, баярласан. Спортоор хичээллэхэд тухайн хүнээс маш их тэсвэр хатуужлыг шаарддаг. Аливаа зүйлийг даван гаран гарахын тулд маш их тэсвэр тэвчээрийг гаргаж амжилтад хүрдэг гэж боддог. Би одоо ч спортоо орхилгүй, хичээллэж байгаа.

СУИС-ИЙН ҮҮДЭЭР ОРОХОД Л ЭНД ТЭНД ХӨГЖИМ ДУУГАРЧ УГТЛАА. МЭДЭЭЖ УРЛАГИЙН СУРГУУЛИЙН ОНЦЛОГ ЭНЭ. БАГШ НАР, АНГИЙНХНАА ХЭР САНАВ? 

-Ер нь зуны амралт урт хугацаатай байдаг болохоор багш нар, ангийнхнаа маш их саналаа. Хичээл эхлэсэн чинь маш сайхан байна. Хурдхан шиг л найзуудтайгаа уулзаж, хөгжмөө тоглох гээд сургуулийн зүг яарчихдаг.

ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН БОЛОХОД ЯМАР НЭГЭН ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ ГАРЧ БАЙВ УУ. ӨДРИЙН ХЭДЭН ЦАГ ХӨГЖИМ ТОГЛОДОГ ВЭ?

-Надад их сургуульд суралцахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл байгаагүй. Урлаг хүнд илүү наалдацтай гэж боддог. Дуу хуураар дамжуулан хүмүүст аз жаргалыг бэлэглэдэг. Их гоё мэдрэмжийг өгдөг. Тэр утгаараа мэргэжлээ энэ чиглэлээр сонгосон. Ер нь мэргэжлийн сургууль учраас анги ахих тусам хүнд программ, зохиолууд тоглодог. Хичээлийн ачаалал их шүү.

Хөгжим тоглох нь математиктай маш холбоотой. Миний хувьд хөгжимчин хүнд сэтгэл, мэдрэмж, тогтмол хичээллэх нь чухал гэж боддог.

Мэргэжлийн сургуульд суралцаж байгаа учраас хамгийн багадаа дөрвөн цаг төгөлдөр хуур хөгжмөө тоглоно. Цаг гарвал өдөр шөнөгүй л тоглоно. Өдрийн 6-7 цагийг хөгжмийнхөө ард өнгөрүүлнэ.

Б.ЕРӨӨЛТИЙГ "АЯЫГ ТАА" НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦСОНООР НЬ ХҮМҮҮС САЙН МЭДДЭГ ШҮҮ ДЭЭ?

-Хөгжим сайн сонсдог, багаасаа дуу хөгжимтэй холбоотой байсан учраас хүмүүст дуу хөгжмийг сайн мэддэг гэдгээ харуулахыг хүссэн. Ер нь бүх төрлийн дуу сонсоно. Орчин цагийн уран бүтээлчдээс гэвэл амьд хөгжмийн "The Royalheartaches" болон "Vandebo", "Камертон" зэрэг хамтлагийн дууг сонсч, тоглох дуртай бол нийтийн дуучдаас залуу уран бүтээлч Г.Даваадалай, Ардын жүжигчин С.Жавхлан нарын дууг сонсоно. Харин дэлхийн оддоос  Фрэдди Мэркүри сонсох дуртай.

Миний тоглодог бүтээлүүд 100 арай хүрэхгүй байх. Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчид болох Н.Жанцанноров, Б.Шарав нарын "Сэрсэн тал", "Сэтгэлийн эгшиг", "Мандухай сэцэн хатан" бүтээлүүдийг тоглоно.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?

-Манай гэрт урлагийн хүн байхгүй. Би аав, ээж, дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Аав маань хуульч мэргэжилтэй бол ээж маань Аутизмын холбоонд ажилладаг.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Миний хувьд ихэнх цагийг төгөлдөр хуур хөгжмийн бэлтгэлдээ зарцуулдаг. Мэдээж бэлтгэлийн хажуугаар чөлөөт цаг гарвал найзуудтайгаа уулзаж цагийг хамт өнгөрүүлэх дуртай. Бас шинэ гоё кино үзнэ. Спортын төрлөөс гэвэл өмнө нь усан сэлэлт, ширээний теннисээр хичээллэдэг байсан учраас хааяа биеийн чилээгээ гаргана.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тусгай хэрэгцээт уран бүтээлч хүүхдүүдийг дэмжих зорилгоор БНСУ-ын “Ж-Арт” хамтлагтай хамтарсан “Ирээдүй-Бидний оролцоо-тэнгэр-од-салхи” тоглолтыг 2025 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулах гэж байна. Миний хувьд энэ тоглолтод урилгаар оролцож, уран бүтээлээ тоглоно. Ойрын хугацаанд энэ хамтарсан тоглолтод оролцохоор бэлтгэлээ базааж байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Би төгөлдөр хуур хөгжмөөрөө дагнаж, ур чадвараа улам сайжруулахыг хүсч байна. Бүр цаашилбал хөгжмийн олон улсын томоохон уралдаан тэмцээнд оролцохыг хүсдэг. Жишээлбэл, Польш улсад таван жил тутамд Фредерих Шопены нэрэмжит уралдааныг зохион байгуулдаг. Польшийн хамгийн алдартай хөгжмийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурчийн нэрэмжит энэ уралдаан бол төгөлдөр хуурчдын хүсэн хүлээсэн тайз байдаг. Тэр утгаараа эх орныхоо нэрийг гаргахыг мөрөөддөг. Үүнээс гадна мэдээж өөрийн бие даасан тоглолтоо хийнэ.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Зарим хүмүүсийн харилцаа, хандлага их онцгүй байдаг бол нөгөө хэсэг нь ойлгохыг хичээдэг. Ер нь янз бүр л байдаг. Хамгийн гол нь эцэг эх тухайн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээс маш их хамаардаг. Нийгэмд онцгүй харилцаатай хүмүүс бага байгаасай гэж хэлмээр байна. Зарим эцэг эх аутизмтай хүүхдүүдээ ойлгохгүй загнах тохиолдол ч бий. Хүүхдээ аль болох ойлгож, дэмжиж хөгжүүлээсэй гэж хүсч байна. Аав, ээж нар хүүхдээ их сайн ажигладаг байх хэрэгтэй. Янз бүрийн юм хийлгэж үзэх, оролдож үзэх хэрэгтэй шүү.

Үе тэнгийн залуустаа хандаж хэлэхэд, та нар зорилгынхоо төлөө эцсээ хүртэл хичээгээрэй. Өөрийн сонирхсон урлаг, спорт, авьяасаа тууштай хөгжүүлж чадвал амжилт ойрхон байна. Тэгэхийн тулд маш сайн бэлтгэл сургуулилалт хийж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Ахмад хүнээ хүндэлж, бусдын үгийг сайн сонсож байгаарай. Өмнөө зорилго тавьсан бол битгий бууж өгөөрэй. Шантрахгүйгээр дахин дахин оролдоод л байгаарай. Бүгдэд нь амжилт хүсье.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-09-12 202.179.27.215

Хөөрхөн хүүхдийн ирээдүй шэрэл гэгээгээр гялалзаж, ажил амьдралын зам чинь үргэлжийн мөнхөд шулуун дардан, аз жаргалтай байг ээ. Авьяас чинь гол мөрөн шиг үргэлийн мөнхөд ундарч байг. Үргэжийн мөнхөд гэрэл гэгээ цацруулж, хайртай хүмүүсээ баярлуулж байгаартай хүү минь .

Avatar

Аутист хүүтэй ээж 2025-09-12 66.181.179.242

Онцгой авьяастай хүүгээ тултал хөгжүүлдэг эцэг эхэд нь баяр хүргэе! Аутистик болгон ийм гоц биш болохоор бас ч гэж азтай хүү шүү. Амжилт!

Эрүүл саруул төрчихөөд эцэг эхээ зовоодог үр хүүхэд зөндөө. Хүмүүс бие биеэ жаахан зөөлөн өрөвч нүдээр хараад, туслахгүй ч бухимдаж аашаа гаргахгүй1 минут тэсэхэд л манай улс гоё энергитэй болоод аяндаа амьдрахад таатай жаргалтай болох юм…уг нь амьдрал их энгийн, хүмүүс өөрсдөө л төвөгтэй болгодог гэж нэгэн япон зохиолч хэлсэн байсан нь тун үнэн үг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж