Хичээлийн шинэ жил эхлэхээр замын түгжрэл эрс нэмэгддэг учир өнгөрсөн сарын 27-ноос эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулж өгсөн. Уг зохицуулалт энэ сарын 16-н хүртэл үргэлжилнэ. Тэгвэл өчигдөр /2025.09.10/нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай тэрбээр, "Иргэд цаашдаа тэгш, сондгойгоор явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Замын ачаалал ч буурч, үр дүнд хүрсэн" гэжээ. Түүний санаагаар бол иргэд энэ зохицуулалтыг дэмжээд байгаа учир цаашид ч энэ зохицуулалтаа хэрэгжүүлье. Тэгвэл бүгдээрээ түгжрэхгүй хаа хаанаа амар шүү гэж байгаатай агаар нэг. Манай төрийн ганц хэрэгжүүлж чаддаг, санаачилдаг зүйл нь хаана, хорино, торгоно гэхээс өөрөөр судалгаатай, бодитой шийдвэр, шийдэл нэгээхэн ч үгүй гэж хэлэхэд дэгсдүүлсэн болохгүй. Уг зохицуулалт нь угтаа иргэдийн эрхэд халдаж буй хэрэг гэж хэлж болох юм. Түр хугацааны, үндэслэлтэй зохицуулалт байвал эрх зөрчигдсөнд тооцохгүй боловч байнгын хэрэглээ нь өмчлөх эрх, хөдөлгөөний эрх зөрчих, шударга бус байдлыг бий болгох юм. Мөн машинаараа ажлаа бүтээж, амьжиргаагаа залгуулдаг өрхүүдэд хөдөлмөрийн боломж хязгаарлагдах эрсдэл бий болно. Тэгэхээр иргэд өөрсдийн хувийн унаагаа унах эсэх нь тэдний асуудал.
Нэгдүгээрт, бид машин унаж байгаагийнхаа төлөө авто машины албан татвар болон авто зам ашигласны төлбөрт жилд багагүй мөнгө төлдөг. Уг татварыг энэ оны нэгдүгээр сард 3-5 дахин нэмэгдүүлсэн.
Өөрөөр хэлбэл, приус машинтай иргэн жилд 36.000 төгрөгийн албан татвар төлдөг байсан бол 108.000 төгрөг, лексус 570 маркийн машин унадаг иргэн 188.100 төгрөг төлж байсан бол 564.300 төгрөг, портер машинтай иргэн жилд албан татварт 30.000 төгрөг улсад тушааж байсан бол 75.000 төгрөг улсад төлж байгаа.
Харин ланд круйзер-200 тээврийн хэрэгсэлтэй иргэн 151.800 төгрөгийн албан татвар улсад төлдөг байсан бол 455.400 төгрөг төлөхөөр болсон.
Харин авто зам ашигласны төлбөрийг моторын хэмжээнээс хамаарч 250 мянга төгрөг хүртэл нэмэгдүүлээд байгаа юм. Тэгвэл тус шийдвэрийг иргэдэд танилцуулж мэдээлэл өгөөгүй, цахимаар санал авахад хоёр иргэн дэмжсэн нэг үгээр хэлбэл татвар нэмсэн нь хууль бус байна гэж үзээд УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Тус ажлын хэсгийн зүгээс, "2013 оноос хойш тус татваруудыг нэмээгүй байж энэ жил ийнхүү 3-5 дахин нэмсэн нь учир дутагдалтай. Мөн шалтгаан, шаардлагаа иргэдэд мэдээлэхгүйгээр нэмсэн нь буруу" гэж үзсэн байдаг.
Гэтэл энэ шийдвэрийг яах эсэх нь тодорхойгүй өнөөдрийг хүртэл иргэд нэмэгдсэн дүнгээр татвараа төлж байгаа.
Хэрвээ иргэд тээврийн хэрэгслийн тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцвол нэг иргэн жилд 182-183 өдөр замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Ингэснээр зарчмын хувьд одоо төлж байгаа тээврийн хэрэгслийн татвар, авто зам ашигласны татварынхаа талыг нь төлөх зохицуулалтыг ярих ёстой.
Хоёрдугаарт, Монголд нийтийн тээврийн хүртээмж муу, иргэд нь автобусандаа багтдаггүй, ид өвлийн хүйтэнд олон цагаар хүлээдэг гээд машин унахгүй байснаар маш олон асуудал тулгардаг. Дээрээс нь байнга түгжрэхгүй явах баталгаа байхгүй. Ингээд тус зохицуулалт үргэлжилснээр нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдэж, хүрэлцээ улам муудна. Тиймээс өвлийн хүйтэнд хүүхдээ дагуулаад автобус хүлээж зогссоноос түгжрээд ч болов өөрийн унаатай, дулаахан явахыг ямар ч хүн хүснэ. Тиймээс иргэд дахин машин авах шаардлага үүсэх юм. Улмаар тээврийн хэрэгслийн тоо улам нэмэгдэж эргээд нөгөө утаа, түгжрэл нэмэгдэх, иргэдийн санхүүд дарамт болж бухимдал нэмэгдэнэ. Тиймээс уг зохицуулалт нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр богино хугацаанд үр дүнтэй байж болох ч урт хугацаандаа олон асуудлыг дагуулах эрсдэлтэй юм.
• Мехико хот: 1989 оноос хэрэгжүүлсэн ч богино хугацааны дараа иргэд хоёр дахь, бүр хуучин машин авах болсон тул бохирдол, түгжрэл улам нэмэгджээ.
• Бээжин: Олимпийн өмнө түр хугацаанд хэрэгжүүлж, түгжрэлийг багасгасан ч тогтмол арга хэмжээ болгоход иргэдийн эсэргүүцэл нэмэгдсэн байна.
• Парис: Зөвхөн онцгой утааны үед богино хугацаагаар хэрэгжүүлдэг ажээ.
3,595.72





















































Холбоотой мэдээ