Л.Оюун-Эрдэнийн хөөж яваа олон туулай!

Хуучирсан мэдээ: 2025.09.08-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн хөөж яваа олон туулай!

Л.Оюун-Эрдэнийн хөөж яваа олон туулай!

Ардчилсан намыг арван жилийн турш хагалан бутаргасан Женко.Баттулгын бяр, мэх барагдаж, түүний улс төрийн цаг тоолол үндсэндээ дуусч байна.  Анх удаа Ардчилсан нам хэрүүл, зодоонгүйгээр тамга солилцсон нь намынхаа эв түнжинг сахисан Л.Гантөмөрийн улстөрчийн зангараг, эр хүнийх нь ёс жудагтай мэдээж холбоотой. Хамгийн чухал нь Ардчилсан нам нөхөр-дайснаа таньж, ороо, жороогоороо ялгарсан нь цаашдаа институци болж төлөвшихөд эергээр нөлөөлөх нь гарцаагүй. Ямартай ч Ардчилсан нам хүүхэд, нохойн тоглоом биш болсныг энэ удаагийн даргын сунгаа харуулсан. Одооноос Л.Гантөмөрийн ачаа хөнгөрч, О.Цогтгэрэлийн ачаа нэмэгдэнэ.

О.Цогтгэрэл байдаг л нэг арилжааны наймаачин уу, аль эсвэл Ардчилсан нам манлайлагч, ардчиллын манаач уу гэдгийг цаг хугацаа харуулна.

Гэвчиг баас хатавч үмхий тавихгүй гэж үгтэй. Ардчилсан намаас жийгдсэн хэдий ч Женко.Баттулга МАНЖ дахь эрх мэдэлтэйгээ яваа. Л.Оюун-Эрдэнэ хэзээ “херо” Б.Баатараас, “херо” Б.Баатар Женко.Баттулгаас салахгүй. “Алим модноосоо хол унадаггүй”  гэдэг. Тиймээс Д.Амарбаясгалангийн чихэнд “чихэр шиг нялуун” үг шивнэж яваа Л.Оюун-Эрдэнийн хүсэл бол Женко.Баттулгын найруулж буй сценари.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын улс төрд амьд үлдэх сүүлчийн оромж МАН-ын цагаан байр болох нь эрх баригчдын сөргөлдөөн, зөрчилдөөнөөс  илтэд уншигдаж, харагдаж байна.

Хана хүртэл чихтэй гэгчээр Л.Оюун-Эрдэнэ хаана, хэнтэй уулзаж яваагаа бусдаас, тэр тусмаа намын нөхдөөсөө нууцлах ямарч боломжгүй.  Улс төрд нууц гэж байдаггүй наймаа л бий. Ийм урвалт улс төрд байдаг үзэгдэл гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайн мэднэ. Тэр тусмаа инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан бишийг тэр өөрийн биеэр нотолсон. Н.Энхбаяраас, М.Энхболдоос урвасан тэрбээр эцэстээ сумын жижүүрээс Гүйцэтгэх засаглалын тэргүүн болгосон нутгийн ахаасаа урвасан нь болсон явдал ч, бодит үнэн ч мөн.

Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд парламентаас “итгэл үзүүлэх”-ийг гуйсан ч УИХ хүлээж аваагүй тул тэрбээр засгийн тамгаа Г.Занданшатарт тушаасан. Тиймээс  УДШ-д бүртгэлтэй намын дүрмээрээ тэрбээр МАН-ын даргаас огцорсон нь де-факто. Де-юре нь тэрбээр нам дахь эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө олон туулай хөөж явна.

Нэг.

Хоржоонтой нь, наанаа андгай тангараг ярьж, цаанаа Д.Амарбаясгаландаа нүүрсний хулгайч гэх нэр хоч зүүсэн хүн бол анд найз Л.Оюун-Эрдэнэ. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд анд нөхрийнхөө эсрэг херопаганда хийсэн нь хэнд ч ойлгомжтой л байсан. Хорлонтой нь, Женко.Баттулгын Ардчилсан намд ашигласан технологийг МАН-д нутагшуулснаараа Монголын төрд итгэх итгэлийг сулруулсан.

Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлээ хадгалаж үлдэх боломж нь Д.Амарбаясгалан гэж харж, тооцсон байх. Тиймээс ч намын даргын сунгаанд оролцохыг ил, далдаар шахаж буй гэх хэвлэлийн мэдээ оргүй хоосон сэвээ биш нь тодорхой. Сэвээ болгоны цаана хэн нэгний нууцхан ашиг сонирхол нуугдаж байдаг нь гэм биш.

Гэвчиг тэрбээр Д.Амарбаясгаландаа бүрэн дүүрэн итгэж чадахгүй байх учир шалтгаантай. Нэгд, өнгөрсөн хугацаанд Д.Амарбаясгаланг өрсөлдөгчөө гэж үзсэн, нүүрсний хулгайн хэрэгт болон ногоон автобусны дуулианд холбож нэр зүсгүй нэгэн болгосон.

Хоёрт, Д.Амарбаясгалангийн хамар дороос хотын МАН-ын хороог Х.Нямбаатарт аваад өгчихсөн. Гуравт, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан хоёр хэзээнээсээ таарамж муутай. Д.Амарбаясгалан намын дарга болбол Х.Нямбаатар хотын МАН-ыг түүнд өгөхөд хүрнэ. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн хүлээж буй үр дүн биш. Дөрөвт, Д.Сумъяабазар Д.Амарбаясгалан хоёр хонь, чоно. Д.Амарбаясгаланг намын даргаар сонгохыг Д.Сумъяабазар лав дэмжихгүй. Тавд, Д.Амарбаясгалан бол Женко.Баттулгын үгээр хөдлөх хүн биш. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөртөө эрх ашиг нэгдэвч, маргааш зам салах нь баараггүй. Мөнхийн холбоотон гэж байхгүй, мөнхийн эрх ашиг гэж бий.

Хоёр.

Л.Оюун-Эрдэнийн хоёр дахь хувилбар нь Г.Занданшатартай тохирч, Д.Сумъяабазарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгохыг зорьж байж мэднэ. Д.Амарбаясгаланг бодвол Д.Сумъяабазар Л.Оюун-Эрдэнэ, Женко.Баттулга нарын утсан хүүхэлдэй болоход амархан. Дүү асашёорюү Д.Дагвадоржийн хувьд Х.Баттулгын асар, басарын нэг. Тиймээс Д.Сумъяабазарын хувьд Х.Баттулгатай эртний “дотносол” бүхий харилцаатай. Нөгөө талаар нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатартай ч хэл, ам ойлголцоно. Энэ өнцгөөс харвал намын гал тогоогоо Д.Сумъяабазарт хариуцуулах нь тамгаа Д.Амарбаясгаланд өгснөөс илүү ашигтай хувилбар гэж тооцсон байж мэднэ. Гээд Д.Сумъяабазар генсек болох шаанс бага. Д.Амарбаясгалан мэдээж дэмжихгүй. Харин өөрийг нь хулгайч, луйварчин болгосон Д.Сумъяабазартай нэгэн цагт  тооцоо бодохгүй гэх газаргүй. Д.Сумъяабазар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон тохиолдолд "нөхөр-дайсан" Д.Амарбаясгалангийн фракцийг цагаан байрнаас хамгийн түрүүнд жийнэ.

Гурав.

Л.Оюун-Эрдэнийн хувьд хамгийн бэст хувилбар нь Х.Нямбаатарыг МАН-ын дарга болгох. Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёр бол "сиамын ихэр"-үүд. Ураг төрлийн холбоотой улстөрчдийн хувьд Л.Оюун-Эрдэнийн хуурай ах Женко.Баттулгаас Х.Нямбаатар ял асууж чадахгүй. Тиймээс У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарыг хооронд зөрчилдүүлж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг зөөлчилж байгаад Х.Нямбаатарт МАН-ын тамгаа “өвлүүлэх” чин хүсэл МАНЖ мафид байгаа нь мэдээж. Өмнө нь нийслэлийн МАН дээр ашигласан энэ арга тактик Д.Амарбаясгалан хууртаж байвал ёстой л "тавилан" юм даа. Гээд Х.Нямбаатарыг намын дарга болгох хүсэл Д.Амарбаясгаланд бий юу гэдэг нь асуултын тэмдэг. Х.Нямбаатар МАН-ын дарга болбол Д.Амарбаясгалангийн хувьд улс төрийн таагүй өрсөлдөөн үүснэ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлийн төлөө олон туулай хөөх тусмаа хоосон үлдэх магадлал нь өндөр байна даа. Гэх мэтчилэн!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж