Хулио Веласко: Энэ Италийн шигшээ баг ирээдүйд домог гэж дуурсагдана

Хуучирсан мэдээ: 2025.09.08-нд нийтлэгдсэн

Хулио Веласко: Энэ Италийн шигшээ баг ирээдүйд домог гэж дуурсагдана

Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайландын нийслэл Бангкок хотноо өчигдөр/2025.09.07/ өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр хүрэл медалийн болон финалын тоглолтууд дараалан болов. 


ЯПОН 2 – 3 БРАЗИЛ

Бангкок хотын Хуамарк цэнгэлдэхэд болсон таван ээлжийн гайхалтай, өрсөлдөөнтэй тоглолтын эцэст 3-2 (25-12, 25-17, 19-25, 27-29, 18-16) гэсэн харьцаатай Өмнөд Америкийн шилдгүүд хожжээ. Тэд ийнхүү 18 удаа дэлхийн аваргад оролцохдоо дөрвөн мөнгөн медаль  (1994, 2006, 2010, 2022), хоёр хүрэл медаль (2014, 2025) хүртлээ.

Энэхүү тоглолтод Бразилын ахлагч Габриэла Гимарайнс буюу Габи урьдын сайн тоглолтоо гаргаж, нийт 35 оноо авчээ. Өдгөө 31 настай, олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальтай тэрбээр тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа "Бид үүнийг хүртэх эрхтэй. Бид медалийн тавцанд зогсохгүйгээр, медальгүйгээр Тайландаас явж чадахгүй. Үүнийг л тоглолтын турш мэдэрлээ. Манай багийнхан ч тийм байлаа. Хүрэл медалийн төлөөх тоглолтод төвлөрч чадсан багаараа бахархаж байна. Өчигдөр Италид шийдвэрлэх мөчид хожигдоход хэцүү байлаа. Гэхдээ нэг нэгнийхээ төлөө тэмцэж чадлаа. Хэцүү мөчид өөрсдийгөө харуулж, үүнийг хийх сэтгэл зүйн хүчтэй гэдгээ мэдрүүллээ" гэжээ.

Японы багаас Ёшино Сато 34 оноо авч, багаа тэргүүлжээ.

ИТАЛИ 3 – 2 ТУРК

Италийн эмэгтэйчүүдийн волейболын алтан үе гэгдэж буй бүсгүйчүүд өчигдөр дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэд боллоо. Тэд финалд тивийн ривал Туркийг  3-2 (25-23, 13-25, 26-24, 19-25, 15-8) гэсэн харьцаатай буулган авч, 23 жилийн дараа дахин алтан медаль хүртэв.

Италийн эмэгтэй шигшээ баг жил гаруй хугацааны дотор дөрвөн том тэмцээнд түрүүллээ. Тэд Үндэстнүүдийн лигт хоёр удаа түрүүлснээс гадна Парисын олимпийн аварга болсон билээ. Харин түүхэндээ 2002 онд анх удаагаа дэлхийн аварга болж байв.

Италийн эмэгтэй шигшээ баг сүүлийн 15 сарын хугацаанд 36 тоглолтод хожигдсонгүй.

Тоглолтын дараа Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хулио Веласко "Энэ ялалт бидний хувьд үнэхээр сэтгэл хөдөлгөм байна. Дэлхийн аварга, олимп, хоёр ч Үндэстнүүдийн лигт түрүүлсний дараа энэ багийг ирээдүйд домог гэдгээр дуурсагдана гэдэгт итгэлтэй байна. Би тэднээр бахархаж байна. Сүүлийн хоёр өдөр хоёр хүнд тоглолт хийлээ. Тэд өдөр бүр бэлтгэл дээр хамгийн сайнаараа хичээдэг. Энэ бүхнийг хүртэх эрхтэй" гэжээ.

Харин Италийн шигшээ багийн од Паола Эгону "Үнэхээр итгэж чадахгүй байна. Багаараа бахархаж, маш аз жаргалтай байна. Энэ мөчийг би хэзээ ч мартахгүй. Магадгүй манай зарим тамирчдын сүүлийн дэлхийн аварга байх. Миний зүрх одоо л дүүрлээ" гэв.

Туркийн багаас Мелисса Варгас 33 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ.

  • Дэлхийн аварга "MVP" буюу Үнэ цэнтэй тоглогч: Алессиа Орро /Итали/
  • Шилдэг довтлогч: Мелисса Варгас /Турк/
  • Шилдэг хаагч: Анна Данеси /Итали/, Эда Эрдем/Турк/
  • Шилдэг либеро: Моника Де Женнаро /Итали/
  • Шилдэг холбогч: Алессиа Орро /Итали/
  • Шилдэг туслах довтлогч: Маюү Ишикава /Япон/, Габи /Бразил/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж