Нялх хүүхдээ салхилуулж, ахмад настнууд хөлөө амрааж суух газар Улаанбаатар хотод тун цөөн. Хотын төв хэсэгт ногоон зүлэгтэй, усан толиотой, газар доор авто зогсоолтой энэ газар бол хуучнаар Урт цагааны гудамж. Өмнө нь энд алт мөнгөний дархан, оёдол, гуталчин, хүнсний дэлгүүр ажилладаг байсныг хүмүүс сайн мэднэ.
Харин одоо тохь тухтай цэцэрлэгт хүрээлэн болж хувирсанд иргэд ам сайтай байна.
Ахмад настан Р.Цогзолмаа "Өмнө нь Урт цагаан орчмоор их явдаг байсан. Тэр үед энэ хавиар архи уусан хүмүүс их таарна. Тухайн үедээ хуучны ахуй үйлчилгээний төвийг нураах нь буруу гэж бодож байсан ч өнөөдөр байгуулсан ногоон цэцэрлэгт хүрээлэнг хараад сэтгэл хангалуун байна. Улаанбаатар хотод ийм л газар олон байгуулаасай гэж хүсдэг юм" гэв.
Урт цагаан ахуй үйлчилгээний төвийн дахин төлөвлөлт олон жил яригдсаар 2024 онд хэрэгжсэн.
Нийслэлийн удирдлагууд цэцэрлэгт хүрээлэн болон газар доорх автомашины зогсоолын бүтээн байгуулалт 2025 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэж мэдээлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт бүтээн байгуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Одоогоор цэцэрлэгт хүрээлэн буюу ногоон байгууламж, усан толио, амрах талбай, задгай театр нь бүрэн хийгдэж дуусчээ.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 4 ДАВХАР БАРИЛГА НЬ ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дуусчээ. Харин үйлчилгээний дөрвөн давхар барилга нь 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд ашиглалтад орох гэнэ. Уг барилгад аялал жуулчлалыг татах сувинер, бэлэг дурсгал, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, кофе шот гэх мэт үйлчилгээ ажиллах аж.
Албаныхны мэдээлснээр нийт бүтээн байгуулалтын 80 орчим хувийг гүйцэтгээд байгаа бөгөөд цаашид цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хариуцах юм.
Ингэснээр үйлчилгээний зориулалттай обьектод түрээслэгчдийг сонгон шалгаруулах юм байна.
Урт цагааны нураасан барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Гэвч түрээслэгчдийн зүгээс эсэргүүцэж, тус дахин төлөвлөлтийн ажлыг удаа дараа хойш татаж байсан нэг бус тохиолдлууд бий.
Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу "Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгч "Бодь пропертийз" ХХК-тай 38.9 тэрбумаар гэрээ байгуулсан байдаг.
Гүйцэтгэгч компаниар сонгогдсон "Бодь пропертийз" ХХК нь "Бодь групп"-ийн охин компани. Зөвхөн ногоон байгууламж, газар доорх авто зогсоолоос гадна тус газарт жуулчдад зориулсан хэсгийг мөн багтааж байгаагаар онцлог. Тодруулбал, B1 давхартайгаа нийлээд нийт дөрвөн давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгыг зураг төсөлд багтаасан. Одоо баригдаж буй барилга нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх аж.
Анх Урт цагааны үйлчилгээний төвийн буурин дээр 196 автомашины далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнг барихаар төлөвлөсөн талаар албаныхан мэдээлж байсан бол одоо зогсоолын тоо 109 болж цөөрчээ. Учир нь дээрх газарт хөрсний ус ихтэй байснаас 200 шахам тээврийн хэрэгсэл хүлээн авах чадалтай барих байсан автомашины далд зогсоолын тоог ийн бууруулжээ.
"СҮХБААТАР ДҮҮРЭГТ УРТ ЦАГААНЫ ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫГ БАРЬЖ БАЙНА"

Хотын дарга Х.Нямбаатар энэ бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхдөө "Урт цагааны нэг га газарт ногоон байгууламжийн тохижилтыг хийж, доод талд нь автомашины зогсоол хийхээр төлөвлөсөн. Ногоон байгууламж нь сайхан ургажээ. Удахгүй цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг хариуцах захиргааг байгуулахаар төлөвлөж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн доод хэсэгт 109 автомашины граж хийсэн. Учир нь хуучны 4-5 давхар байрууд машины зогсоолгүй байдаг.
Бид газар доор нэлээд гүнзгий авто зогсоол хийх гэж үзсэн боловч хөрсний ус ихтэй газар. Их хүрээ гэж нэрлэдэг байхад Усны гудамж нэртэй, баруун талаараа гол горхи урсдаг байсан гэдгийг хуучны хүмүүс хэлдэг юм билээ.
Бид геологийн хэд хэдэн шинжилгээ хийж үзсэн. Яах аргагүй нэг давхар зогсоол хийхээр зураг төслийг нь зуруулж, ажлыг нь хийлгэсэн. Сүүлд энэ бүтээн байгуулалтыг маш өндөр өртгөөр хийж байна гэж шүүмжилж байсан. Нэгдүгээрт, газар доор маш том байгууламж барьж байгаа учраас өртөг зардал нь тэгж гарсан болов уу. Бид аливаа барилга байгууламжийн өртөг зардлыг нийслэлээс зохиодоггүй, энэ бол Барилга, хот байгуулалтын сайдын баталсан стандартын дагуу төсвийг зохиодог" гэдгийг онцолсон юм.
Мөн тэрбээр "Ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байрыг хадгалах үүднээс нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Урт цагааны шинэчилсэн хувилбарыг барьж байгуулж байгаа.
Тэнд гар урлал, уран дархчуул, хувцас загварынхан ажиллах боломжтой. Шинэ бүтээн байгуулалт энэ оны арьваннэгдүгээр сарын сүүлчээр ашиглалтад орж, хуучнаар Урт цагаанд үйл ажиллагаа явуулж байсан уран дархчуулаа урьж ажиллуулахаар төлөвлөж байна" гэв.
МОНГОЛЫН 2 ТОМ АРХТЕКТОРЫН НЭГ Б.ДАМБИЙНЯМ ОРЧИН ҮЕИЙН ХУДАЛДААНЫ БАРИЛГЫГ БАРЬСАН

Судлаач Г.Очбаяр өмнө нь энэ барилгын түүхээс хуваалцахдаа "300 гаруй жилийн өмнө Хүрээнд анх худалдаа үүссэн. 1727 онд Орос, Хятад хоёр гэрээ хийгээд Монгол нутаг дээр анх хүрээнд худалдааг зөвшөөрсөн. Хүрээнд худалдаачдын гудамж нүүж явж байгаад Урт цагаан байгаа газар албан ёсоор суурьшаад, суурьшмал байдалтай бий болсон. Хятад, орос, түвд, швед, америк, дани, япончууд худалдаа хийдэг гудамж бий болсон. Олон улсын шинж чанартай худалдааны гудамж бий болсон. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй, Монголын хамгийн их хүн ам цугладаг худалдааны гудамжийг бий болгосон.
Модны, чулууны, төмрийн, барааны, хүнсний, дархны, эмийн сангуудтай, маш олон төрөлжсөн гудамжтай. Худалдааны гудамжинд худалдаа наймаа хийхээс гадна мэдээллийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үеийн хүмүүс зах дээр ирээд мэдээлэл солилцдог. Мэдээллийн маш том хэрэгсэл болж байсан.
1950-иод оны үед ил задгай худалдааг орчин үеийн барилгад оруулъя гээд Монголын анхны хоёр том архтекторын нэг Б.Дамбийням орчин үеийн худалдааны барилгыг барьсан. Худалдааны гудамжинд пүүсүүдийн загварыг ашиглаад сүм хийдийн загвартай барилга барьсан. Энэ нь орчин цагийн хот байгуулалтын хамгийн анхны модернист барилга болсон.
Урт цагаан бол социализмын үеийн Монгол Улсын хамгийн анхны худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилга юм. Урт цагаантай холбогдуулж, жуулчны гудамжийг яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр эргэн тойрон нь түүхэн олон барилгууд бий. 1936 онд баригдсан шар дэлгүүр, 1961 онд баригдсан Урт цагаан, 1946 онд баригдсан Туул ресторан, 1914 онд баригдсан Занабазарын нэрэмжит музей, 1909 онд баригдсан хамгийн анхны эмийн сангийн барилга энэ бүхэн тэр чигээрээ Богдын хүрээ болон социализмын дүр төрхийг харуулдаг. Архитекторч Б.Дамбийням гуайн барилга нь хөндлөн баригдсан тул Урт цагаан гэж нэрлэгдсэн. Үйлдвэрлэл хоршоодын нэгдсэн төв гэж нэрлэж байсан. Буулгавал Урт цагаан гэдэг нэр алга болно. Урт цагаан бол Улаанбаатар хотын таних тэмдэг. Урт цагаан дээр уулзая гэхэд бүгд мэддэг. Ийм нэр томъёо 80-100-гийн хооронд хэлбэлзэж байгаа" гэдгийг өмнө нь хэлж байсан юм.


















Гэрэл зургийг Л.Энх-Оргил
3,595.72






















































Холбоотой мэдээ