Өмнөговьд эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжив

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Өмнөговьд эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжив

Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдын эмч нарын чуулга уулзалт, эрүүл мэндийн нэгдсэн арга хэмжээ 2010 оны 8 сарын 16-20-ны өдрүүдэд амжилттай хэрэгжлээ.

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газар, Цогтцэций сумын хүн эмнэлэг, Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн үеэр Улсын Клиникийн төв эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, Эх нялхас эрдэм шинжилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дотор, зүрх судас, мэдрэл, эмэгтэйчүүд, ЭХО, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нарийн  мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд Цогтцэций сумын хүн эмнэлэгт ажилласан. Хөтөлбөр хэрэгжсэн 5 хоногийн хугацаанд Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд, Манлай, Цогт-Овоо сумдын давхардсан тоогоор нийт 1500 гаруй иргэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамрагдаж, зөвлөгөө авсан юм. Тэрчлэн урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр сумдын эмч нар дадлагажуулах сургалтанд хамрагдсан нь орон нутаг дахь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг сайжруулахад бодитой түлхэц үзүүлэх нь дамжиггүй. Үзлэгт хамрагдсан нийт 40 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авахад 92.5 хувь нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд сэтгэл хангалуун гэж үнэлсэн байна. Энэ хөтөлбөр нь Энержи Ресурс компаниас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн нэгдсэн хөтөлбөрийн зөвхөн нэг хэсэг бөгөөд 2010 оны туршид орон нутгийн иргэдэд хандсан, эрүүл аж төрөх ёсны хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэх юм байна.

Бид уг хөтөлбөрийг тус компанитай хамтран хэрэгжүүлсэн Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргалтай ярилцсан юм.

-Эрүүл мэндийн  хөтөлбөр хэрхэн болж өнгөрсөн талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? Мөн хөтөлбөрийн ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Энэ хөтөлбөр ямар их ач холбогдолтой болсныг 3 зүйлээр дүгнэн хэлж болно. Нэгдүгээрт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг сумын эмч нар маань ур чадвараа сайжруулж, шинээр мэдлэг, туршлага олж авлаа. Хоёрдугаарт, алслагдсан сумдын иргэдэд тэр бүр хүрдэггүй нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд 1500 гаруй хүн хамрагдаж чадлаа. Гуравдугаарт, эрүүлийг хамгаалах төсөл, хөтөлбөрт эмнэлэг, эрүүл мэндийн бус чиглэлийн байгууллагууд хэрхэн хамтарч оролцож, зохион байгуулж болдогийг Энержи Ресурс компани тод жишээгээр харуулж чадлаа. Цаашдаа байгууллага, компаниуд эрүүл мэндийг дэмжих чиглэлд энэ жишгээр ажиллах суурь дэвсгэрийг тавьж өглөө гэж бодож байна.

-Ер нь аймгийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлд сүүлийн үед нэн тулгамдсан ямар асуудлууд байдаг вэ? Цаашид ямар чиглэлд хамтран ажиллавал илүү үр дүнтэй бол?

-Нийгмийн онцлогоо дагаад хүн амын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа шүү дээ. Ийм ч учраас сумд болон аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламжийн хүрээг өргөтгөх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Эмнэлгүүдийг хүний нөөц, багаж төхөөрөмж, дэд бүтцийн хувьд чадавхижуулж, богино хугацаанд ахиц гаргах шаардлага бидний өмнө тулгарч байгаа. Сумын эмнэлгүүдийн чадавхийг тухайн сумын хүн амын тоогоор хязгаарлах биш, дамжин өнгөрч буй явуулын хүмүүст ч эмнэлгийн тусламж үзүүлдэг гэдгээр нь тооцож дэмжих ёстой юм. Мөн сум думдын эмнэлгүүдийн тоог олшруулах гээд тулгамдсан асуудлууд олон бий. Сая болж өнгөрсөн эрүүл мэндийн хөтөлбөр дээрх асуудлуудыг хурдан хугацаанд шийдэх боломжтой гэдгийг харуулсан бас нэгэн тод жишээ боллоо гэж ойлгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж