Онцлох ярилцлагууд: "Иргэдийг залилсан компанийн хар жагсаалтыг гаргах шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2025.09.06-нд нийтлэгдсэн

Онцлох ярилцлагууд: "Иргэдийг залилсан компанийн хар жагсаалтыг гаргах шаардлагатай"

Онцлох ярилцлагууд: "Иргэдийг залилсан компанийн хар жагсаалтыг гаргах шаардлагатай"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна


Сүүлийн жилүүдэд цахим хэрэгсэл ашиглан орон сууц зарах, түрээслэх, захиалга авах зэргээр зар сурталчилгаа явуулж, залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгуулагаас сэрэмжлүүлж буй. Иймд иргэд байр худалдан авахдаа юуг анхаарах шаардлагатай талаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед залилах гэмт хэрэг тэр дундаа орон сууцны гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө иргэдээс залилж буй хэрэг нэмэгдэж байгааг албаныхан анхааруулж, сэрэмжлүүлж байна. Гэсэн ч байртай болохыг хүссэн иргэд хамаг мөнгөө шавхан барилгын компаниудад өгдөг ч эцэстээ хохирогч болж үлддэг байдал газар авлаа. Иргэдийн зүгээс ихэвчлэн ямар гомдлыг хэлж, мэргэжлийн хуульчид хандаж байна вэ?

-Орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн холбогдох хоёр зүйл заалтаар зохицуулдаг. Зарим нь хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, нөгөө хэсэг нь худалдах болон худалдан авахтай холбоотой гэрээг хийдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд зөвхөн иргэний маргаан нь залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж, шүүхийн шатанд орж ирж байна. Энэ он гарснаас хойш иргэний 180 орчим маргаан шийдвэрлэгдсэн бол зөвхөн орон сууцны залилангийн 79 маргаан эрүүгийн хэргээр шийдэгдсэн байна. Оны эцэст шүүхийн шийдвэрийн сангийн дүн судалгааг харахаар маш өндөр хувьтай гарна.

Иргэдийн хууль эрх зүйн зөвлөгөө авч буй маргаан, кейсүүд харилцан адилгүй.

Барилгын ажил гүйцэтгэгч компани хугацаандаа байраа ашиглалтад оруулаагүй, урьдчилгаа төлбөр авчихаад орон сууцаа бариагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, хашаа байшинг буулгачихаад түрээсийн төлбөр давхар нэхэмжлэх гэх мэтээр олон асуудлаар ханддаг. Үүнээс гадна 100 м.кв талбайтай орон сууцны захиалга өгтөл 85 м.кв талбайтай байна гэдэг асуудлыг тавьдаг. Хууль эрх зүйн тусламж авч буй иргэдийг болж өгвөл шүүхийн хаалга татуулахгүй байх талаас нь зөвлөж, тухайн гэрээнүүдэд дүгнэлт хийхийг зорьдог. Мөн энэ төрлийн маргаан, хэргүүд дээр яаралтай шүүхэд хандах тохиолдол ч бий.

Ер нь орон сууцны захиалга авч буй барилгын компаниуд орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйн улмаас тодорхой алданги бодогдож байдаг. Тэр алдангийг төлөхгүйн тулд захиалагч иргэдэд "Та гэрээгээ аваад ир. Дахин гэрээгээ шинэчлэх шаардлагатай байна" гэх байдлаар гэрээг засдаг.

Хоёрт, "Удахгүй орон сууц улсын комисст орно. Тийм учраас шатахуун, эрчим хүчний үнэ нэмэгдсэн" гэдэг шалтгаанаар байрны м.кв-ыг анх тохирсон үнэ дээр хамгийн багадаа 500 мянгаас нэг сая төгрөгөөр нэмдэг. Гуравт, "Бид үл хөдлөхийн гэрчилгээг удахгүй гаргаж өгнө. Та түр хүлээж байгаарай" гээд ББСБ-д барьцаалж, тэр зээлээ төлөлгүйгээр иргэдэд түлхүүрийг нь өгч оруулдаг. Ингэж иргэдийг хуурч, байртай болгосон мэт ойлголтыг төрүүлдэг. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэн өмчлөгч нь болсон гэж ойлгох хэрэгтэй. Дөрөвт, байрны м.кв-ын зөрүүтэй байр хүлээлгэж өгдөг. Дээр нь "Манай 3 дахь блок удахгүй ашиглалтад орох гэж байна. Та нэг м.кв талбайг 1.5-2.5 сая төгрөгөөр худалдан авах боломжтой. Барилга бүрэн дуусахад 4 сая төгрөгөөр зарагдана" гэдэг байдлаар иргэдээс урьдчилгаа төлбөр авч, хотын өөр захад барьж байгаа шинэ төсөл рүү хийж, гацааж иргэдийг хохироож, тухайн барилга нь олон жил гацаж, удааширдаг нөхцөл байдал харагдаж байна. Энэ асуудлаас болж олон мянган иргэн хохирч байна.

-Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо гэж байдаг юм билээ. Тэр холбооноос байртай болохоор залилуулсан иргэдийн тоо улсын хэмжээнд албан бусаар 70 мянгад хүрсэн гэж мэдээлж байсан. Хэдий албан бус тоо ч энэ бага тоо биш шүү дээ?

-Уг нь 70 мянган иргэн гэдэг чинь энэ тооны байшин хорооллын иргэд яндангаа буулгаж, аюулгүй орчин руу шилжих хүсэлтэй байна гэсэн үг. Тиймээс энэ асуудалд төрөөс хатуу бодлого баримтлах шаардлагатай байна. Энэ олон замбараагүй барилгын туслан гүйцэтгэгч компаниудыг цэгцлэх хэрэгтэй. Нэг томоохон ажлын ард гарчихаад, шинэ компани байгуулан барилгын төсөл хэрэгжүүлж эхэлдэг. Барилгын салбарт хийж бүтээсэн ажлын туршлагагүй, хөрөнгө оруулалтгүй гэдэг шалтгаанаар иргэд олон нийтийг хохироож буй  компаниудыг хар жагсаалтад оруулах шаардлагатай.

Салбар яам болон холбогдох байгууллагуудаас нь хариуцлагагүй компанийн эцсийн өмчлөгч нь тэр гэдэг бүртгэлийг хийж, барилгын зөвшөөрөл гаргахгүй, техникийн нөхцөл өгөхгүй, өмнөх барилгуудаа барьж, иргэдийн хохирлыг барагдуулаагүй бол дахин төсөл хэрэгжүүлэхгүй байх хязгаарлуулалтыг хийх хэрэгтэй байна.

Иргэд энэ асуудлаар шүүхийн хаалга татаад эхлэхээр маш урт хугацаанд маргаан үүсгэж, их зардал гаргах болдог. Ингэснээр зарим иргэд үл хөдлөх хөрөнгөө олж авч чаддаг бол нөгөө хэсэг нь байгуулсан гэрээгээ цуцалж, төлбөрөө буцааж авья гэдэг. Ийм нөхцөл байдал руу орж байгаа нь иргэдийг санхүүгийн маш их эрсдэлд оруулж байна. Тиймээс барилгын салбарт тодорхой хэмжээний эрх зүйн зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу

 ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУХАЛ ИНДЭР ГЭЖ ҮЗДЭГ

ШХАБ: Олон талт хамтын ажиллагааны чухал индэр гэж үздэг

Өнгөрсөн долоо хоногт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж өндөрлөлөө. ШХАБ-ын гишүүн орнууд жил бүр Орос цагаан толгойн дарааллаар даргалан хуралдуулдаг. Өнгөрсөн жил буюу 2023-2024 онд Бүгд найрамдах Казахстан улс даргалсан бол 2024-2025 онд даргалах ээлжийг БНХАУ хүлээн авсан. Энэхүү хуралдааны талаар Хятад судлаач доктор Х.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-ШХАБ-ын XXV дугаар хуралдааны онцлогийг та хэрхэн дүгнэж байна вэ?

–ШХАБ-ын XXV дугаар дээд хэмжээний уулзалтыг гурван онцлогтой боллоо гэж харж байна. Нэгдүгээрт, ШХАБ-аас 2015 онд ОХУ-д болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар баталсан 10 жилийн хөгжлийн стратегиа дүгнэж байна. Мөн ирээдүйн 10 жилийн стратегиа баталж олон нийтэд түгээж байна. Хоёрдугаарт, ШХАБ + гэсэн форматаар зохион байгуулагдаж байна. Энэ нь ШХАБ бусад олон талт хамтын ажиллагааны боломжит хувилбарууд, оролцогчдод илүүтэй үүд хаалгаа нээж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. ШХАБ-ын олон талт хамтын ажиллагаанд ойртох  бүхий оролцогчдод нээлттэй гэсэн санааг гаргасан анхны тохиолдол болж байна. Гуравдугаарт, ШХАБ байгуулагдсан цагаас хойш хамгийн олон оролцогч оролцож байгаагаараа онцлогтой боллоо. ШХАБ + форматын хувьд зөвхөн Төв азийн гэлтгүй Европын, Өмнөд ази, Африк тивийн оролцогчдын хүрээ өргөжиж байна. Одоогоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нийт 10 гишүүн, 2 ажиглагч, 14 яриа хэлэлцээрийн түнш нийт 26 улсыг хамарч байна. Энэ жилийн дээд хэмжээний уулзалтаар Лаос улс яриа хэлэлцээний түнш болсноор 27 улс болж байна.

-Монгол Улс 2004 оноос хойш ШХАБ-ын ажиглагч орны нэгээр нэрлэгдэж байна. Цаашид энэ байр сууриа хадгалах төлөвтэй байна уу. ШХАБ-ын Монгол Улсын хамтын ажиллагааны ач холбогдол юу байна?

-Монгол Улсын хувьд байр сууриа маш тодорхой илэрхийлсээр ирсэн. Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статустай  оролцогч гэдэг байр сууриа хадгалсаар ирсэн. Энэхүү байр сууриа олон удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Монгол улсын төрийн тэргүүн нотлон илэрхийлсээр ирсэн. ШХАБ-ын олон талт хамтын ажиллагааг зөвхөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өнцгөөс нь харах нь өрөөсгөл. Тус байгууллагыг анх 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан зэрэг улс орнуудын оролцоотойгоор албан ёсоор байгуулагдсан түүхтэй. Тус байгууллагын үүсэл нь 1996 оноос анх хил, хязгаар дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой яриа хэлэлцээрийн механизм байсан бөгөөд улмаар бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны байгууллага болон өргөжсөн. Тиймээс анх байгуулагдсан зорилго талаас нь харах нь зүйтэй байх.

Монгол Улсын хувьд ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нь  олон талт хамтын ажиллагааны чухал индэр гэж үздэг. Тиймээс Монгол Улсын өөрийн байр суурь дуу хоолойг энэ бүс нутаг ШХАБ-ын индэр дээрээс байнга илэрхийлж, идэвхтэй оролцож ирсэн.

Монгол Улс 20 жилийн турш ажиглагчийн статусаа үргэлж нотолж, баталсаар ирсэн. Одоо ч энэ байр сууриа хэвээр нотолж бас хадгалж байна.

-ШХАБ-ын үйл ажиллагааны ирээдүйн арван жилийн стратеги, бас шинэ дэвшүүлсэн санаачилга нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

– “ШХАБ-ыг 2015-2025 он хүртэл хөгжүүлэх стратегид ШХАБ-ыг цэрэг-улс төрийн эвсэл биш харин олон чиглэлийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болгох 10 жилийн зорилт тавьсан. Энэ удаагийн ШХАБ-ын хуралдаанаараа энэхүү 10 жилийн зорилтын хэрэгжилтээ дүгнэхээс гадна ирэх 10 жилийн шинэ зорилт стратегиа тодорхойлно гэдгээрээ илүү онцлог хуралдаан боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж