"Өндөр цалинтай цагийн ажил" гэх сурталчилгаанд хууртагдаж, мансууруулах бодис тээвэрлэх гэмт хэрэг Өмнөд Солонгосын залуус дунд олширч, торны цаана сууж байна. Энэ оны хоёрдугаар сард, 21 настай Пак хувцас болон биедээ хар тамхи нууж, хил давуулдаг зөөвөрлөгч гэх ажлыг хийх гэж байснаасаа болж 10 жилийн хорих ял авчээ. Тэрээр мөн уг ажлаасаа 7,48 сая вон буюу 5,400 ам.доллар олж чадсан боловч шүүх түүнийг 100 сая гаруй воны торгууль төлөх шийтгэл өгсөн байна. Үүнээс гадна, 29 настай Ким гэх эрэгтэй өнгөрсөн аравдугаар сард метамфетамин болон синтетик марихуаныг олон улсын шуудангаар хүлээн авч, дараа нь хүргэж өгөх үүрэг гүйцэтгэсэн хэргээр долоон жилийн хорих ял авсан юм. Хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа ч тэрбээр мөн 326 сая воны торгууль төлөхөөр болжээ. Түүний бодит орлого ойролцоогоор 31.5 сая вон байсан ч эмийн нэмүү өртөг нь торгуулийн хэмжээг огцом өсгөжээ.
Тус улсын цагдаагийн байгууллагын Пүрэв гаригт (2025.09.04) гаргасан мэдээлэлд энэ оны эхний хагаст хар тамхины хэрэгт холбогдсон хэргийн 59.8 хувийг 20-30 насны хүмүүс эзэлж байна.
Хар тамхи хэрэглэгчээс эхлээд ханган нийлүүлэгчээс тариаланч хүртэл бүх төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг багтаасан байдаг гэж статистик мэдээлэлд онцолсон байв. Харин 20-30 насны хүмүүсийг хамгийн доод түвшний буюу борлуулагчийн ажилд авдаг болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтан Пак Жинсил хэлэхдээ, "Эдийн засгийн хувьд эмзэг залуучууд цагийн ажил хайж байхдаа ийм саналтай тулгардаг. Олон хүмүүс гэмт хэргийн ноцтой байдлыг бүрэн ойлгохгүйгээр ажиллахыг зөвшөөрч байна" гэж тайлбарлажээ. Тус улсын шүүх хар тамхи борлуулагчдад үүрэг хариуцлагаас үл хамааран хүнд ял оноодог байна.
"Хар тамхины гэмт хэрэг нь бие махбод, оюун санааны аль алиныг нь устгаж, нийгмийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, цаашдын гэмт хэргийг өдөөж болно" гэж шүүхийн шийдвэрт тайлбарласан байдаг аж.
Анх удаа хэрэглэж байгаад баригдсан, ихэнхдээ тэнсэн харгалзах ял авдаг хэрэглэгчдээс ялгаатай нь борлуулагчид зөвхөн хорих ял авдаг байна. Баригдсан хүмүүс ихэвчлэн хүнд байдалд цочирддог байна. "Шүүгдэгчид хожим нь шийтгэл нь хэр хатуу болохыг мэдсэн бол үүнийг хийхгүй байсан гэж хэлдэг" гэж Пак онцлон тэмдэглэжээ.
Хэрэв хар тамхины үнэ 50 сая воноос давсан тохиолдолд онц ноцтой, хүндрүүлсэн ялын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байна.
Энэ нь илүү хүнд шийтгэл ногдуулдаг гэсэн үг юм. Мөн өөрсдийгөө юу үүрч яваагаа мэдээгүй байсан гэх мэдүүлэг шүүх дээр төдийлөн амжилт олдоггүй байна. Мансууруулах бодистой холбоотой мөрдөн байцаагч хэлэхдээ, ажилд орсон хүмүүсийг гэмт хэргийн удирдагчид амархан сольж, хөлсийг нь бүрэн өгдөггүй. Баригдсан хүмүүсийн ихэнх нь мөнгөний төлөө амьдралаараа хохирдог гэжээ. Мөрдөн байцаагч мөн “Хэдийгээр тэд цалингаа авч чадсан ч мөнгийг нь хурааж, хорих ялын хамт шийтгэгдэх болно. Одоогоор борлуулагчид нэг ажил тутамд 20,000 вон авч байна. Үүний төлөө амьдралаа хаях нь үнэ цэнтэй зүйл биш" гэж анхааруулжээ.
3,595.72





















































Холбоотой мэдээ