Энэтхэг улс дотоодын худалдан авалтаа нэмэгдүүлэхийн тулд зарим хэрэглээний бараа бүтээгдэхүүний татварыг бууруулжээ. Энэ нь хэрэглээгээ нэмэгдүүлж, АНУ-ын импортын тарифын нөлөөллийг бууруулах зорилготой юм. Тодруулбал, Сангийн сайд Нирмала Ситараман Лхагва гаригт (2025.09.03) мэдэгдэхдээ, өмнө нь дөрвөн төрлөөр хуваагддаг байсан Бараа, үйлчилгээний татвар (GST) 5 болон 18 хувь гэсэн хоёр ангилалтай болно гэжээ.
Харин тамхи, согтууруулах ундаа зэрэг бараанд 40 хувийн татвар ногдуулах болсон байна.
Тухайлбал, хүнс, сургуулийн хэрэгсэл, даатгал зэрэг нь хямд үнэтэй болох бол импортын архи, дарс, өндөр зэрэглэлийн автомашины үнэ нэмэгдэх болно. Энэхүү мэдэгдлийн дараа тус улсын хөрөнгийн зах зээл огцом өссөн байна. Гэсэн хэдий ч татварыг бууруулснаар засгийн газар зургаан тэрбум ам.долларын алдагдалд орох магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Энэтхэгийн засгийн газар найман жилийн өмнө татварын нарийн, төвөгтэй байдлыг арилгахын тулд "GST"-ийг нэвтрүүлсэн. Ерөнхий сайд Нарендра Моди наймдугаар сарын 15-нд болсон Тусгаар тогтнолын баярын үеэр хэлсэн үгэндээ энгийн иргэн болон жижиг бизнес эрхлэгчдэд татварын томоохон хөнгөлөлт үзүүлэхээ амласан. Улмаар бараа бүтээгдэхүүний татварыг хоёр хуваах болсон нь амлалтаа биелүүлж байгаа гэж харж байна. Моди нийгмийн сүлжээнд эдгээр татварын өөрчлөлтүүд нь тариалан эрхлэгч, дундаж орлоготой гэр бүр, эмэгтэйчүүд, залуу бизнес эрхлэгч, жижиглэнгийн худалдаачдад тусална гэж онцлон тэмдэглэсэн байна.
Шинэ тариф есдүгээр сарын 22-ноос буюу Энэтхэгийн баярын улирлаас өмнө хэрэгжиж эхэлнэ. Баярын үеэр тус улсын цахилгаан бараа болон гэр ахуйн эд зүйлсийн худалдан авалт эрс нэмэгддэг байна. Улмаар бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах нь худалдан авалтыг нэмэгдүүлнэ гэж Сангийн яам үзэж байгаа юм. Шинэ журмын дагуу тус улсын төв банк зээлийн хүүг мөн адил бууруулсан байна. Үүнээс гадна, энэ оны эхээр тус улсын засгийн газар мөн 12 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт олгосон байдаг.
"Kotak Securities"-ийн Шрипал Шах хэлэхдээ, татварын бууралт нь зардлыг нэмэгдүүлэх болно гэжээ.
Хэрэглээний зардал нь Энэтхэгийн эдийн засгийн 60 хувийг бүрдүүлдэг тул барааны үнийг бууруулах нь чухал ач холбогдолтой гэж тэрбээр үзэж байна. Шах мөн тарифыг буулгах нь эрэлтийг нэмэгдүүлж, бизнесүүдийн борлуулалт, компанийн ашгийг ихэсгэж, инфляцыг бууруулж чадна гэж итгэж байна.
Гэвч зарим мужууд "GST"-ийн орлогоос хамааралтай тул тарифыг багсгадаг тул санаа зовж байна. Гэхдээ хэрэглэгчид илүү их зардал гаргах нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх замаар богино хугацааны алдагдлыг нөхөх боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь Энэтхэгт АНУ-ын дарамтыг даван туулахад туслах юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Энэтхэгт 50 хувийн татвар ногдуулсан. Энэтхэгт өндөр татвар ногдуулсанд Оросоос газрын тос худалдан авсан нь нөлөөлсөн байна. Цаашид ч Энэтхэг Оросын нефтийг худалдан авахаа зогсоохгүй бол нэмэлт торгууль ногдуулна гэж Трамп анхааруулсан байна.
3,600.44





















































Холбоотой мэдээ