Орос, Хятад улсууд өнгөрсөн Мягмар гаригт /2025.09.02/ удаан хугацаагаар хойшилсон "Сибирийн хүч 2" хийн хоолойг барих тохиролцоонд хүрчээ. Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх уг хоолой ашиглалтад орсноор дайнаас болж барууны худалдан авагчдаа алдсан Москвагийн өмнө байгалийн хийн экспортын чухал зах зээл нээгдэх юм. Нөгөөтэйгүүр Хятад улс геополитикийн эрсдэлээс хамгаалагдана.
БИДНИЙ МЭДЭХ ЗҮЙЛС
ОХУ-ын "Газпром", БНХАУ-ын "CNPC" компаниуд "Сибирийн хүч 2" хийн хоолойг барих хууль ёсны хүчин төгөлдөр санамж бичигт гарын үсэг зурсан гэдгийг "Газпром"-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер мэдэгдсэн. Хоёр талын худалдаа зогсонги байдалд орж, хийн хоолойн нөхцөл маргаантай байсан цаг үед энэхүү мэдэгдлийг хийсэн нь харилцаагаа гүнзгийрүүлэх Орос, Хятадын амлалтыг бататгав.
Түүнчлэн энэ мэдэгдэл нь Кремлийн хувьд улс төрийн ялалт болж байна.
2020 оноос эхлэн боловсруулж буй уг төслийн дагуу баруун Сибирийн нөөцөөс байгалийн хийг Монголоор дамжуулан Хятад руу тээвэрлэх юм. "Сибирийн хүч 2" хийн хоолой, Монголоор дамжин өнгөрөх "Союз Восток" дамжуулах хоолой болон Хятадад хийн тээвэрлэх байгууламжуудыг барих нь байгалийн хийн салбарын хамгийн том, хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан төсөл байх болно.
"Сибирийн хүч 2" ашиглалтад орсноор Оросын дамжуулах хоолойн сүлжээнд жилд 50 тэрбум шоо метр экспортын хүчин чадлыг нэмж, зүүн Сибирийн анхны шугамаар тээвэрлэж буй 38 тэрбум шоо метрийг орлох юм.
"Газпром" компани шинэ замаар 30 хүртэлх жилийн хугацаанд байгалийн хий нийлүүлэх боломжтой гэдгийг Алексей Миллер мэдэгджээ.
БИДНИЙ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛС
Талууд тохиролцоонд хүрч, төслийн ногоон гэрэл ассан ч тодорхойгүй зүйлс байсаар байна. Дамжуулах хоолойн албан ёсны гэрээ хараахан гараагүй байгаа билээ. Албан ёсны гэрээг энэ оны сүүлээр байгуулж магадгүй гэж таамаглаж буйгаа ОХУ-ын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн Эрчим хүчний ерөнхий захирал Алексей Громов хэлжээ.
Нэгдүгээрт, Хятад улс байгалийн хийг тогтсон тоо хэмжээгээр авах уу, эсвэл илүү уян хатан нөхцөлтэй байх уу гэдэг тодорхойгүй байна.
Хоёрдугаарт, "Газпром" компани одоо хэр нь нийлүүлэлтийн үнээ тодорхой зарлаагүй байна. Ямартай ч ОХУ-ын Европын худалдан авагчдад нийлүүлж буй үнээс доогуур байх болно гэдгийг мэдэгдсэн. Оросын дотоодын тариф буюу 1000 шоо метр тутамд 120-130 ам.доллараар үнийг тогтоовол зүгээр гэдэг саналыг Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн Эрчим хүчний ерөнхий захирал Алексей Громов дэвшүүлжээ.
Гэхдээ ОХУ-ын зүгээс "Сибирийн хүч 1″-тэй төстэй нөхцөлийг хүсч буй. Тодруулбал, Ази тивд түгээмэл худалдаалагддаг нефтийн бүтээгдэхүүний үнэтэй ойролцоо буюу 265-285 ам.долларын хооронд барихыг хичээж байна. Ерөнхийлөгч Путин Лхагва гаригт шинэ хоолойгоор нийлүүлэх хийн үнийг зах зээлийн зарчмаар" тогтооно гэсэн ч цааш нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Гуравдугаарт, ОХУ барилгын ажлын хуваарь болон албан ёсны өртгийг хараахан зарлаагүй байна. Нийт өртөг 13.6-34 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж үзэж байна. Хятадын ахлах шинжээч Алексей Маслов "ОХУ хийн хоолойн дотоод хэсгийг санхүүжүүлнэ, харин Хятад өөрийн сегментийн зардлыг өөрөө хариуцна гэж найдаж байна" гэжээ. Харин "Коммерсант бизнес" хэвлэлд "Уг төслийн Хятадын санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна" гэж мэдээлсэн юм.
Барилгын ажлын тухайд Оросын талд хоолойг барихад гурван жил орчим хугацаа шаардагдана гэж Алексей Громов хэлжээ. Харин Хятадын сегментийн хугацаа тодорхойгүй хэвээр байна.
ТАЛУУДАД ЯМАР АШИГ ТУСТАЙ ВЭ?
ОХУ-ын хувьд Хятад руу хий экспортлох хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлснээр сүүлийн хэдэн жилийн алдагдлаа нөхөх боломжтой. ОХУ 2021 онд Европт 157 тэрбум шоо дөрвөлжин метр хий экспортолж байсан бол энэ онд 39 тэрбум хүрч буурсан. Европын ихэнх орон Оросын хийг худалдан авахаа зогсоосон билээ. Энэ нь Оросын байгалийн хийн олборлолтыг 3.2 хувиар буюу 2025 оны эхний хагаст 334.8 тэрбум шоо метр болж буурахад хүргэсэн.
Украины нутгаар дамжин Европ руу хий тээвэрлэдэг гэрээ энэ онд дуусгавар болсон нь ч үүнд нэрмээс болсон.
Далайн замаар Азийн зах зээлд нийлүүлдэг газрын тосноос ялгаатай нь хий дамжуулахад хийн хоолойноос бүх зүйл хамаарна. Тэгэхээр хэмжээг нэмэгдүүлье гэвэл шинэ дэд бүтэц зайлшгүй шаардлагатай болох юм.
"Сибирийн хүч 2" ашиглалтад орсноор жилд 2.5-4.3 тэрбум ам.долларын орлого орж ирэх боломжтой гэж ОХУ-ын Эрчим хүчний шинжээч Сергей Вакуленко хэлжээ. Өмнө нь ОХУ Европтой хийсэн худалдаанаас жилдээ 20 тэрбум ам.доллар олдог байжээ. "Сибирийн хүч 2"-ын орлогыг үүнтэй харьцуулшгүй боловч чамлахаар чанга атгах хэрэгтэй гэдгийг тэр анхааруулсан юм.
Бээжингийн хувьд Ойрхи Дорнодод байдал тогтворгүйтэх, барууны орнуудтай харилцаа хурцдах тохиолдолд үүсч болзошгүй цочролоос хамгаалагдлаа гэсэн үг. 2025 оны эхний долоон сарын байдлаар Хятад улс Орос, Катар, Австрали, АНУ-аас хамгийн их хэмжээгээр байгалийн хий импортолжээ.
3,595.72






















































Холбоотой мэдээ