Хөгжлийн хурд хөгжилтэй орнуудаас “зугтаж” эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хөгжлийн хурд хөгжилтэй орнуудаас “зугтаж” эхлэв

Дэлхийн санхүүгийн зах зээлд ноёрхогч Голдмэн Сакс банкны ерөнхий эдийн засагч Жим О Нил эдийн засгийн үзүүлэлтүүд нь үсрэнгүй хурдаар урагшилж байгаа байгаа хөгжингүй орнуудын ДНБ-ий хэмжээ ойрын 15 жилд өндөр хөгжилтэй орнуудын бүтээж байгаа ДНБ-ий хэмжээнээс давж гарах магадлал дэвшүүлсэн нь бодитой зүйл гэж олонхи шинжээчид үзэж байгаа аж. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түүхэнд шинэ үзэгдэл болох энэ өөрчлөлтийн гол эзэд нь үнэхээр ч хөгжлийн хурдцаараа гайхагдаж байгаа БРИК хэмээх эвслийн орнууд болж байна. ( Энэ эвсэлд Бразиль, Орос, Энэтхэг, Хятад багтдаг) Тэгэхдээ энэ бүхэнд нөлөөлж байгаа өөр нэг шалтгаан нь дэлхийн хойд хэсгийн өндөр хөгжилтэй орнууд эдийн засгийн бодит хямралтай нүүр тулгарч байгаатай холбоотой юм. Өрнөдөд бэлэн мөнгөний хомсдол үүссэнээс үнэт цаасны арилжаа багасан хөрөнгө оруулагчид санхүүгийн хямралын хоёрдахь үеийг хүлээн тэвдэцгээж байгаа юм.

Гэхдээ нүүрлэж болзошгүй энэ хямралыг дэлхий нийтийнх болно гэж зарлах хэрэггүй бөгөөд энэхүү хямрал бараг л дэлхийн хойд бүсийн АНУ, Канад зэрэг өндөр хөгжилтэй барууны орнуудыг л зөвхөн дайрч өнгөрөх бололтой байна. Бусад улс орнуудын хувьд хямралын эхний үеийг дотоодын амаргүй цочролтойгоор давж гарсан ч энэ удаад айх зүйл багатай гэж шинжээчид үзжээ. Тухайлбал, Орос гэхэд л эдийн засаг нь бусдаас илүү хүндхэн цохилтыг давсан ч одоо бараг л хэвийн байдалдаа орж байгаа аж. Тэгвэл  Хятад болон Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хурд огт буурсангүй.

Үүгээр ч зогсохгүй хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн ашигтай төслүүдэд хувьцаа гарган хөрөнгө босгож байгаа хэмжээ нь далайцаараа хөгжилтэй орнуудыхыг хэдийнэ гүйцэж түрүүлсэн байна.  Нэг л жишээ хэлэхэд өнгөрөгч зургадугаар сард Хятадын Хөдөө аж ахуйн банкинд хувьцаагаар хөрөнгө оруулалт босгосон мөнгөн дүн нь 22 тэрбум ам.долларт хүрсэн нь гайхалтай том амжилт байлаа. Энэ нь хөгжиж буй орнуудын зах зээлд хөрөнгө оруулж байгаа хэмжээ нь үнэт цаасны үнэлгээгээрээ өрнөдийн зах зээлд орж байгаа хөрөнгө оруулалтаас давж гарсныг харуулжээ.

Энэ онд хувьцааны зах зээлээр дамжуулан босгож байгаа хамгийн томоохон хөрөнгө оруулалтууд Азийн орнууд болон хөгжиж байгаа орнуудад л гарч байсан гэнэ. Үзүүлэлтээрээ хамгийн том 10 хөрөнгө оруулалт нь ( IPO ) Хятад, Орос, Польш болон Энэтхэгийн компаниудаар хийгдсэн байгаа бол тэдний дотор АНУ-ын нэг ч компани байхгүй байгаа юм. Харин баруун Европоос Испанийн ганцхан компани л багтсан аж. Хувьцаагаар дамжуулан хөрөнгө байршуулах үзүүлэлтийн манлайллыг одоогоор Хятадын Хөдөө аж ахуйн банк хадгалж байгаа ч өрсөлдөгчид бас бий. Тухайлбал, Оросын хөнгөнцагаан төмөрлөгийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани “РусАл” мөн л энэ үзүүлэлтээр энэ оны хоёордугаар сарын дээд амжилтыг 3,2  тэрбум ам.долларын хөрөнгө байршуулснаар тэргүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт Лондон юм уу Нью-Йоркийг зорихын оронд зүүн зүг рүү урсах болсон нь мэдэгдэж байна.

Дээр нэр дурдагдсан “РусАл” компани гэхэд өөрийн хувьцааг Гонконгийн биржид байрлуулахаар сонгож байсан нь хувьцааны зах зээл өрнөдөөс зугатаж байгаагийн тод жишээ болох аж.

Гэвч хувьцааны хөрөнгө оруулалт нь орчин үеийн зах зээлийн давамгайлал өрнөдөөс зугатаж байгаа жишээний зөвхөн өнгөн хэсэг нь гэхэд болно. Цаашилбал, энэ оны сүүлийн хагаст өрнөдийн томоохон зах зээлээс хөгжиж байгаа дорнод хэсгийн зах зээл рүү ихээхэн хөрөнгө мөнгө урсан орж ирэх болсныг эдийн засгийн шинжээчид мэдээлсээр байна. Хөгжиж байгаа орнуудын хөрөнгө оруулалтын сангууд хөгжилтэй орнуудынхыг сүүлийн арван жилийн дотор хөнгөхөн гүйцэж түрүүлсэн төдийгүй энэ байдлаараа цаашид улам тасрах төлөвтэй байгаа юм.

Хэдий тийм боловч бүх зүйл сайн байсангүй. Хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн макро үзүүлэлтүүдийн өсөлт нь өндөр байгаа хэдий ч тус орнуудын зах зээл дэх тогтворгүй байдлаас шалтгаалан сүүлийн хагас жилийн байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгө багагүй алдагдал хүлээжээ. Нөхцөл байдал таагүй болмогц хөрөнгө оруулагчид юуны өмнө хөгжиж буй орнуудын хувьцаанаас салахаа боддог болоод байгаа гэнэ. Зөвхөн энэ онд л гэхэд дээр нэр дурдагдсан эвслийн ( BRIC ) дөрвөн орны хөрөнгийн зах зээл 9 хувийн алдагдал хүлээсэн байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчид эдийн засгийн хэт халалт болон валютын хатуу зохицуулалтаас нь болгомжилсонтой холбоотойгоор Хятадын хөрөнгийн биржүүдийн хүлээсэн 26 хувийн алдагдлаас улбаалсан цохилт байжээ.

Гэсэн хэдий ч хөгжиж буй орнуудад орж буй хөрөнгө оруулалт хэмжээний хувьд бусдыг тэргүүлсээр байгаагийн дотор хамгийн их ашиг олж байгаа нь Оросын хөрөнгө оруулалтын сангууд болж байна. Зөвхөн энэ оны эхний хагаст БРИК-ийн орнуудаас хамгийн их хөрөнгө татсан нь Орос байсан бөгөөд харин дараа нь Хятад улс удаалж байсан билээ. Нөгөө талаар үйлдвэрлэлийн хурдцаар БРИК-ийн орнууд Европын холбооны хамгийн өндөр хөгжилтэй орнуудаас хэдийнээ илүү гарч байгаа аж. Өнгөрөгч наймдугаар сард гаргасан дүнгээр бол Хятад болоод Оросын үйлдвэрлэлийн өсөлт улам бүр нэмэгдсэн дүнтэй байхад харин баруун Европын орнуудых буурсан дүнтэй гарчээ. Эндээс ч харсан хөгжиж байгаа орнуудаас хөгжилтэй орнууд хоцрох болсныг харж болохоор байгаа билээ.

Эх сурвалж: World with IPO`s/Now Russia

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж