АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Чөлөөлөх өдөр”-ын хүрээнд бусад улс орны импортын бараа бүтээгдэхүүнд тариф тогтоох болсон. Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн зарим орон АНУ-тай тарифын хэлэлцээр байгуулж чадсан бол Хятад улс хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Ингэснээр тарифын дараах Азийн тивийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх нь бүс нутгийн улс, орнуудын анхаарлыг татаж байна.
Хадсоны хүрээлэнгийн Япон дэх салбарын дэд захирал Уильям Чоугийн хэлснээр, Трампын ерөнхийлөгчийн суудалдаа эргэн суусан эхний зургаан сар "маш эрч хүчтэй" байлаа. Трампын тариф үнэн бодитойгоор хэрэгжинэ гэдэгт АНУ-ын түнш орнууд нь эхэндээ эргэлзэж байсан гэж тэрбээр үзэж байна Чоу хэлэхдээ, "Миний бодлоор дөрөвдүгээр сард АНУ-ын түнш орнууд Трамп тариф тогтооно гэдэгт эргэлзэж, бүр итгээгүй. Трампын зорилгодоо хүрч чадна гэж бодохгүй байсан. Харин одоо бараг бүхий л улс орон Трампын хүсэлт, шаардлагын дагуу хэлэлцээ байгуулж, зарим нь худалдааны хэлэлцээр байгуулсан. Анх АНУ-ын тариф хэрэгжинэ гэдэгт итгэлгүй байснаас болж тарифын хэлэлцээрүүд сунжирч байсан. Харин Трамп энэхүү алхамдаа сэтгэл хангалуун байгаа. Энэ оны зургадугаар сард л гэхэд АНУ-ын тарифын бодлого 20 тэрбум ам.долларын ашиг орлого олсон байна. Энэ нь Трампын төлөвлөгөө бүтэж байгааг илтгэж байна" гэжээ. Чоу мөн импортын тариф нь эцэстээ АНУ-д сайнаар нөлөөлнө гэв.
Тус улсын сангийн сайд Скотт Бессентийн саяхан хийсэн мэдэгдэлд, тарифын бодлогын тусламжтайгаар энэ оны төгсгөл гэхэд АНУ 300 тэрбум ам.долларын ашиг олно.
Харин Брукингсийн хүрээлэнгийн Азийн бодлого судлалын төвийн захирал Мирея Солис үүнд эргэлзэж байна. Тэрбээр хэлэхдээ, "Хамгийн чухал асуулт бол хэн тарифыг төлөх вэ? Хэн тарифын нэмэгдлийг мэдрэх вэ? Ихэнх эдийн засагчид үүний хариулт нь худалдан авагчид байх болно гэж үзэж байна" гэжээ.
Шинэ тарифын дэглэмээс болж АНУ-ын хэрэглэгчид илүү өндөр дүнтэй худалдан авалт хийх болно.
Энэ нь бараг бүхий л компани, пүүс болон худалдан авагчдад дарамт учруулна гэж Солис тайлбарлаж байна. Тэрбээр хэлэхдээ, "Энэ нь олон улсын эдийн засгийн системийн хувьд цочирдом хэвээр байна. Жишээ татан авахад, маш олон төрлийн үйлдвэрүүд металл ашигладаг. Металлд өндөр тариф тогтоох нь эрсдэл дагуулж, үйлдвэрүүд үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрнэ. Мөн тарифыг өөр зорилгоор ашиглаж эхэлбэл гаднын хөрөнгө оруулалтыг алдагдуулах болно" гэжээ.
АЗИ ДАХЬ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨВ
Солисын үзэж байгаагаар, улс орнуудад өөр өөр түвшний тариф тогтоосон нь тухайн орны олон улсад өрсөлдөх чадварт нөлөөлнө. Тэрбээр хэлэхдээ, "Япон болон АНУ-ын хэлэлцээ нь Азийн эдийн засгийн дотоодын өрсөлдөөний бүтэц хэрхэн өөрчлөгдөхөд чухал нөлөө үзүүлнэ" гэв. Харин Чоугийн үзэж буйгаар Вашингтон-Бээжингийн хооронд явагдаж буй хэлэлцээ нь дэлхий нийтийн анхаарлыг татах чухал мөч юм. Чоу болон Солис нарын аль аль нь, Трампын засаг захиргаа эдийн засгийн ашгаас гадна Бээжинг хязгаарлах зорилгоор Ази тивийн бусад улс оронтой аюулгүй байдлын холбоогоо бэхжүүлэх гэж оролдож байгаад санал нэгдэж байна. Тийм ч учраас Япон, Өмнөд Солонгос зэрэг оронтой хийсэн хэлэлцээ нь хурдан батлагдсан гэж үзэж байна.
Солис "Ерөнхийлөгч Трампыг эдийн засгийн асуудлаа аюулгүй байдлын асуудлаас тусгаарлаж үзэхгүй байгааг буруу гэж бодож байна" гэжээ.
Тэрбээр мөн олон орнууд худалдааны хэлэлцээрийг батлан хамгаалах салбараас тусдаа байлгахыг хүсдэг ч, Трамп АНУ-ын зэвсгийг хэр их худалдан авч, батлан хамгаалах зардалдаа хэчнээн хэмжээний мөнгө зарцуулж байна гэдэгтээ анхаарч байна гэж үзэж байна. Энэ тал дээр Чоугийн үзэж буйгаар, Трампын засаг захиргаа холбоотнуудаа хүчирхэг, бие даасан батлан хамгаалах чадвартай гэдгийг нь үнэлсэн тул одоогоос эхлэн эдгээр улс орон АНУ-д туслалцаа үзүүлж, цэцэглэн хөгжсөн бүс нутгийн дэг журмыг бий болгоход дэмжих ёстой гэж үзэж байгаа бололтой гэжээ. Чоу хэлэхдээ, Хятад улс АНУ-ын тарифын тодорхойгүй байдлыг ашиглан АНУ болон Зүүн өмнөд Азийн түншүүдийн харилцааг султгах оролдлого хийж байна.
Гэхдээ АНУ Японтой хэлэлцээр байгуулсан нь Вашингтон Хятадын эдийн засгийн эсрэг зогсоход гол анхаарлаа төвлөрүүлнэ гэж тэрбээр үзэж байна.
АНУ-ын авч буй арга хэмжээнүүдээс жишээ татвал, Хятадаас Вьетнам руу дамжин ирж, дараа нь АНУ руу гарч буй бараанд 40 хувийн татвар ногдуулах болсон. Энэ нь Хятадын компаниуд Вьетнамын хямд тарифыг ашиглан өөрсдийн бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд хямд үнээр борлуулахыг зогсоох зорилготой юм. АНУ мөн никелийн үйлдвэрлэлд Хятадын ажилчид оролцдог Индонез улстай гэрээ байгуулсан. Тус гэрээ нь Шинжаан дахь уйгаруудад тохиолдож буй албадан хөдөлмөрийн асуудлыг хөндөж байгаа. Мөн Хятад хэт их ган үйлдвэрлэж, үүнийг хямд үнээр бусад зах зээл рүү нийлүүлж байгааг хязгаарлах арга хэмжээ тусгагдсан.
Чоу хэлэхдээ, өсөж буй эдийн засагтай олон орнуудын хувьд ган бол чухал баялаг. Гэвч Хятад хэт хямд үнэтэй ганг их хэмжээгээр нийлүүлснээр эдгээр улсуудын дотоод үйлдвэрлэл хохирч байна. Харин одоо илүү хүчтэй гэрээнүүдийн ачаар Хятадын нөлөө суларч магадгүй гэжээ. Харин Солис хэлэхдээ, шинэ гэрээнүүдийн заалтуудыг анхааралтай ажиглах хэрэгтэй гэсэн байна. Түүний хувьд жинхэнэ сорилт нь эдгэр орнууд АНУ-д өгсөн амлалтынхаа хамт Хятадтай харилцах харилцаагаа уялдуулах ёстой. "АНУ эдгээр орнуудаас ямар амлалт хүлээж байгааг, тэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харах нь чухал. Учир нь Хятад үүнд эергээр хандахгүй нь тодорхой" гэж Солис анхааруулжээ.
3,548.92






















































Нэргүй 2025-09-04 66.181.185.144
200 гаад жилийн өмнө дэлхийн эдийн засгийн 20% ийг энэтхэг, 30% ийг хятад буюу чин улс эзэлж байсан. тэглээ гээд азийнхан далайд ч дэлхийд ч ноёлж чадаагүй