“Эрдэнэт”-ийн зөвлөл ирэх сард хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн зөвлөл ирэх сард хуралдана

Монгол-Оросын хам­тарсан уул уурхайн баяжуулах “Эр­дэ­нэт” vйлдвэрийн хамтарсан зөв­лөл буюу олны хэлж заншсанаар “совет"-ийн хурлын тов олны анхаарлын төвд байна. Гол нь манай улстөрчдийн саалийн үнээ гэгддэг энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирал нь солигдоно гэсэн жиг жуг улстөрчдийн сонирхлыг татаад байгаа. Энэ асуудлаар тун ойрын, нэ­лээд баттай байж болох эх сурвалжаас тодруулахад “Эр­дэнэт”-ийн захирлыг солих тухай яриаг үгүйсгэж, огт тийм зүйл байхгүй гэлээ. Ха­рин “Эрдэнэт”-ийн совет ирэх аравдугаар сар гаргаад хурал­дахаар товлоод байгаа гэнэ.

“Эрдэнэт” үйлдвэрийн дүр­мийн сангийн 51 хувийг Мон­гол Улсын Засгийн газар, 49 ху­вийг ОХУ-ын Засгийн газар эзэмш­дэг. Ерөнхий захирлаар Үйлд­­вэр худалдааны сайд асан Ч.Ганзориг ажиллаж бай­­­гаа. Үйлдвэрийн зургаан ор­логч захирлын нэгээс бусад нь монголчууд. Ерөнхий за­хир­лын нэгдүгээр орлогч за­хи­рал Фоменка Александр Пет­рович, Үйлдвэрлэл эрхэлсэн ор­логчоор З.Ганбаатар, Эдийн за­саг эр­хэлсэн орлогчоор Д.Болд­баа­тар, Худалдааны асуудал ха­риуц­­сан орлогч захирлаар Х.Оюун­цэцэг ажилладаг. Ха­рин энэ үйлдвэрийн хамгийн нө­лөө бүхий албан тушаал гэгд­дэг Хөгжлийн асуудал эр­хэл­сэн орлогчоор “Симба” хочит УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн дүү Ц.Бат-Энх, Нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Сонгуулийн ерөн­хий хорооны дарга асан Б.Бат­­тулга нар ажиллаж бай­гаа. 2008 оны сонгуулийг буди­луулж, долдугаар сарын 1-ний үймээнийг өдөөсөн гол бу­руу­тан гэгддэг Б.Баттулгыг Улсын дээд шүүхээс “Албан ту­шаа­лаа хэтрүүлэн ашиглаж, ихээхэн хэмжээний хор хохирол учруулсан” гэж үзсэн боловч тэр үед МАХН мань хүнийг аль хэдийн “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлын орлого ихтэй албан тушаалд “дэвшүүлэн зайлуулаад” байсан тул арга хэмжээ авахуулалгүй өнгөрсөн билээ.

Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлд­­вэр нь зэс, молибден, хүд­рийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогд­дог үйлдвэр. 1978 онд хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулсан, нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойш 60 км, ОХУ-ын хилээс 140 км-т байрладаг. Дорнод-Сибирийн тө­мөр замын сүлжээтэй Наушка өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож байгаа. Гэвч 1990-ээд оноос хойш бол хойд чиглэлд ачаа тээвэрлэлт бараг хийгээгүй. 1980-аад оны сүүлээр тэр үеийн ЗХУ-ын зарим бүгд найрамдах улсад зэсийн баяжмал экспорт­лох гэж үзсэн боловч тэр нь дэндүү өндөр өртөгтэй, үр ашиггүй наймаа байсан тул болиулж, одоо зөвхөн Хятад руу бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, гурав орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Мөн ирэх жилээс “Эрдэнэт” үйлд­­­вэрийг түшиглэн зэс бо­ловс­руулан эцсийн бүтээг­дэ­хүүн үйлд­вэрлэх шинэ үйлд­вэр бай­гуулахаар яригдаж буй. 

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж