
“Эрдэнэт” үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг. Ерөнхий захирлаар Үйлдвэр худалдааны сайд асан Ч.Ганзориг ажиллаж байгаа. Үйлдвэрийн зургаан орлогч захирлын нэгээс бусад нь монголчууд. Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч захирал Фоменка Александр Петрович, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор З.Ганбаатар, Эдийн засаг эрхэлсэн орлогчоор Д.Болдбаатар, Худалдааны асуудал хариуцсан орлогч захирлаар Х.Оюунцэцэг ажилладаг. Харин энэ үйлдвэрийн хамгийн нөлөө бүхий албан тушаал гэгддэг Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор “Симба” хочит УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн дүү Ц.Бат-Энх, Нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Б.Баттулга нар ажиллаж байгаа. 2008 оны сонгуулийг будилуулж, долдугаар сарын 1-ний үймээнийг өдөөсөн гол буруутан гэгддэг Б.Баттулгыг Улсын дээд шүүхээс “Албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, ихээхэн хэмжээний хор хохирол учруулсан” гэж үзсэн боловч тэр үед МАХН мань хүнийг аль хэдийн “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлын орлого ихтэй албан тушаалд “дэвшүүлэн зайлуулаад” байсан тул арга хэмжээ авахуулалгүй өнгөрсөн билээ.
Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь зэс, молибден, хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр. 1978 онд хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулсан, нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойш 60 км, ОХУ-ын хилээс 140 км-т байрладаг. Дорнод-Сибирийн төмөр замын сүлжээтэй Наушка өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож байгаа. Гэвч 1990-ээд оноос хойш бол хойд чиглэлд ачаа тээвэрлэлт бараг хийгээгүй. 1980-аад оны сүүлээр тэр үеийн ЗХУ-ын зарим бүгд найрамдах улсад зэсийн баяжмал экспортлох гэж үзсэн боловч тэр нь дэндүү өндөр өртөгтэй, үр ашиггүй наймаа байсан тул болиулж, одоо зөвхөн Хятад руу бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, гурав орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Мөн ирэх жилээс “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ үйлдвэр байгуулахаар яригдаж буй.
Б.БЯМБАА