Лионель Мессигийн их спортоосоо зодог тайлах цаг хугацаа бага багаар дөхсөөр байна. Гагцхүү хэзээ гэдэг нь тодорхойгүй ч эхний алхмуудаа хийж эхлэв. Тэрбээр орон нутгийн цагаар есдүгээр сарын 4-ний өдөр Аргентины өмсгөлтэй сүүлийн удаа эх орондоо тоглоно.
Аргентины шигшээ баг ирэх оны ДАШТ-ий эрхийн төлөөх урьдчилсан шатны ээлжит тоглолтоо Венесуэлийн эсрэг хийнэ. Тус тоглолт Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын алдарт Монументаль цэнгэлдэхэд болох хуваарьтай.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д Лигүүдийн цомын финалд Орландо Сити багт хожигдсоныхоо дараа Месси ярихдаа "Миний хувьд тун онцгой тоглолт болох гэж байна. Учир нь хамгийн сүүлийн урьдчилсан шатны тоглолт болох гэж байна" гэжээ.

Аргентины шигшээ баг хэдийнэ ирэх оны дэлхийн аваргын эрхээ авсан бөгөөд одоо Венесуэль болон Экуадортой хийх тоглолтууд үлджээ. Үүний дараах албан ёсны тоглолтууд гэвэл 2026 оны дэлхийн аварга л тэднийг хүлээж байна. Хэрэв Месси дэлхийн аваргын дараа шигшээ багаасаа зодог тайлвал ирэх Венесуэлийн эсрэг тоглолт түүний ард түмнийхээ өмнө, эх орондоо хийж буй сүүлийн тоглолт болох гэнэ.
2030 оны ДАШТ-ий урьдчилсан шат 2027 онд эхлэх үед Месси 40 настай байх болно.
Месси үргэлжлүүлэн "Венесуэлийн эсрэг тоглолтын дараа дахин нөхөрсөг эсвэл өөр тоглолт байгааг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан миний хувьд онцгой тоглолт байх болно. Миний эхнэр, хүүхдүүд, аав ээж, хамаатан садан гээд бүгд л тэнд байх болно. Ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй байна" гэв.
Одоогоор Аргентины шигшээ багийн 2026 онд гэртээ хийх нөхөрсөг тоглолтуудын хуваарь гараагүй байна.
Дээрх мэдэгдлийн дараа Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны цахим хаягт "Сүүлийн бүжиг айсуй" гэсэн утгатай Мессигийн Аргентины өмсгөлтэй зургийг нийтэлжээ. Түүнчлэн Аргентины хөлбөмбөгийн холбоо ч амьд домгийнхоо гэртээ хийх сүүлийн тоглолтын тасалбарыг үнэд оруулсан аж. Аргентин-Венесуэлийн тоглолтын хамгийн хямдхан тасалбар 100 ам.доллараас эхэлж байгаа бол үнэтэй нь 500 ам.доллар орчим байна.

3,569.17






















































б 2025-09-03 66.181.184.101
Ямар ч байсан Дэлхийн аваргаар харах л юм байна.