Байр суурь: Тэтгэврийг 6 биш 10-15 хувь нэмбэл өөрчлөлт гарна

Хуучирсан мэдээ: 2025.09.03-нд нийтлэгдсэн

Байр суурь: Тэтгэврийг 6 биш 10-15 хувь нэмбэл өөрчлөлт гарна

Байр суурь: Тэтгэврийг 6 биш 10-15 хувь нэмбэл өөрчлөлт гарна

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 6 хувиар нэмэхээр тусгасан. Энэ асуудлаар ахмад настнуудын байр суурийг хүргэж байна.


АХМАД НАСТАН Т.НЯМАА:

-Тэтгэврийн мөнгө амьдрал ахуйд хүрэлцэхээргүй бага байгаа. Өнөөдөр эдийн засаг өссөн мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ямар үнэтэй байгаа билээ. Талх, махны үнэ нэмэгдсэн энэ үед цөөхөн хэдэн төгрөгөөр амьдрахад хүнд байна. Би улсад 10 гаруй жил ажиллаад 680 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэврээ өөртөө болон үр хүүхдүүддээ зарцуулахаас гадна эм тариа, хоол хүнсэнд ихэвчлэн зарцуулдаг. Миний хувьд тэтгэврийг нэмээсэй гэж хүсэж байгаа. Тэтгэврийг 6 хувиар нэмж байхаар нэг мөсөн 10-15 хувь нэмбэл өөрчлөлт гарна гэж бодож байна.

Тэтгэврийг нийтэд нь 6 хувиар нэмэгдүүлнэ гэдэг нь угтаа тэтгэвэр өндөр тогтоолгосон хүмүүст л ашигтай.  Тэтгэвэр нь бага тогтоогдсон ахмадуудад 6 хувь нэмсэн ч бага нэмэгдэнэ.

Угтаа 400-689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудын амьдралын түвшинг судалж, жинтэй нэмэгдүүлбэл сайн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд эм тарианы үнэ хүртэл нэмэгдсэн цагт 600 гаруй мянган төгрөгийг сард хүргэхэд үнэндээ хэцүү чардайлгаж л дараа сарынхаа тэтгэвэртэй залгадаг. Миний хувьд анх тэтгэвэрт гарахдаа 350 мянган төгрөгөөр тогтоолгож байсан. Жил бүр бага, багаар нэмэгдсээр 680 гаруй мянгад хүрсэн. Одоо харин 6 хувь нэмэхээр  ойролцоогоор 36 мянган төгрөг нэмэгдэхээр байна. Энэ нь өнөөдрийн энэ үнийн өсөлтийн дэргэд юу ч биш хоёрын хооронд шүү дээ.

АХМАД НАСТАН Л.ДУЛАМЖАВ:

-Миний хувьд тэтгэврийг ирэх оны 2026 оны нэгдүгээр сараас 6 хувиар нэмэгдүүлнэ гэдгийг ахмадуудыг ялгаварлан гадуурхаж байна гэж ойлгож байгаа. Эрт тэтгэврээ тогтоолгосон ахмадууд бол олон жил хохирч ирлээ.  Энэ нэмэгдэл тэтгэврээ өндөр тогтоолгосон ахмадуудад бол болно. Харин тэтгэвэр нь бага тогтоогдсон ахмадын хувьд буруу, дахиад л хохирно.  Тухайн үед бага цалинтай ажил хийж байсан ахмадууд олон. Эдийн засаг тухайн үед одоогийнхоос хүнд гээд төр төрийн албан хаагчдынхаа цалинг нэмдэггүй байсан. Төрөөс өгч байсан цалинг нь авч цаг наргүй ажиллаж ирсэн ахмадууд бага тэтгэвэр авах нь хэцүү шүү дээ. Гэтэл нөгөө талдаа хэсэг ахмадад давуу эрх олгож ирсэн юм шиг санагддаг.  Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөд тэтгэвэрт гарах, насаараа улсад ажиллаж, шимтгэл төлөөд тэтгэвэрт гарах хоёрын дунд асар их ялгаа бий. Судалгаа, шинжилгээ зөв хийх хэрэгтэй, тэгж байж ахмадуудад нөлөөлж чадна. Тэтгэврийн хэмжээг хүртээмжтэй нэмэгдүүлээд өгвөл ахмадуудын амьдралд хүрэлцээтэй болно. Ахмадуудын хувьд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм, тариа авч хэрэглэдэг. Тиймээс тэтгэврийн мөнгө өндөр байх хэрэгтэй. Тэтгэвэр нэмбэл ядаж хүүхдүүдийн гарыг хараад байхгүй өөрөө эм тариагаа худалдан авах боломжтой болно. Тэтгэврийг нэмэх нь угтаа бол зөв. Сайн нэмэх хэрэгтэй. Гэхдээ харилцан өөр өөр тэтгэвэрт ижил тэнцүү 6 хувь нэмэх нь ялгаа гарахгүй. Нэмж л байвал ахмад настнууд үр хүүхдийнхээ гарыг харахгүй байх боломж бүрдэж байна гэсэн үг юм.

АХМАД НАСТАН Н.ЗОЛЗАЯА:

-Миний хувьд 30 гаруй жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Одоогоор тэтгэвэр гэж сардаа 800 гаруй мянган төгрөг авдаг. Харин сүүлд тэтгэвэртээ гарсан хүмүүсийн тэтгэвэр харьцангуй өндөр байсан. Багш нар гэхэд сүүлийн хэдэн жилд тэтгэвэр нь 1 сая төгрөг гарч авч байгаа. Тиймээс тэтгэврийн хэмжээг адилхан байлгах үүднээс 1.5 сая болгох ёстой. Ажилласан жилээр нь тэгшитгэж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон ахмад настнууд байхад ажил хөдөлмөр эрхлээгүй хэрнээ шимтгэл нөхөн төлсөн гээд бараг ижил шахуу тэтгэвэр авдаг нь ч олон байна. Ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэлээ төлсөн нь өндөр авдаг байх хэрэгтэй шүү дээ. Миний хувьд 30 гаруй жил төрийн байгууллагад ажиллачихаад 20 гаруй жил ажилласан хүнтэй адил тэтгэвэр авч байгаа нь надад таагүй санагддаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж