Вакцинжуулалт энэ сарын 15-наас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Вакцинжуулалт энэ сарын 15-наас эхэлнэ

Өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгт суралцагч хүүхдүүд томуу томуу төст өвчин, хоолны хордлого, гар хөл амны өвчнөөр олноороо өвчилж байсан. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй ч цэцэрлэг сургуулиудын ачаалал их байгаа тул Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс хийж буй урьдчилан сэргийлэх ажлуудын талаар тус төвийн дэд захирал Г.Сүрэнхандтай уулзлаа.

-Сургууль цэцэрлэг эхэлж байгаатай хол­боотойгоор халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна?

-Боловсролын яам­ны харъяа сургууль, цэцэр­лэгүүдэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар  гурван чиглэлийн зөвлөмж хүргүү­лээд байна. Тодруул­бал, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорил­гоор хоол хүнсний аюул­гүй байдлыг хангах, томуу томуу төст өвчнөөс сэргийлж, суралцагч хүүх­дүүдийн хувцаслалтад ан­хаарч цаг агаартайгаа тохирсон хувцас өмсөж байгаа эсэхэд хяналт тавих, гар хөл амны өвчин зэргээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгсөн. Саяхан шувууны “ньюкасль” өвчин гарсантай холбогдуулан  шувууны аж ахуйтай ойр сургууль цэцэрлэгүүдэд нэмэлт зөвлөмж өгсөн байгаа.  Ерөнхийдөө хичээл сургууль, цэцэрлэг эхлэнгүүт шууд халдварт өвчин дэгдэнэ гэж ойлгож болохгүй. Гэхдээ гэдэсний халдварт өвчин, хордлого зэрэг өвчлөлүүд буураагүй байгаа. 

-Хичээл эхлэхээр хүүхдүүдийн дунд хамгийн халдварлах магадлалтай өвчлөл юу вэ?

-Хүүхдүүд олноороо цугласан үед Гепатит А буюу халдварт шар өвчин ихэсдэг. Тиймээс хамт олноор нь дархлаажуулах ажлыг энэ сарын 15-наас эхлэх гэж байна. Ингэхдээ жил бүр дараалан голомтолж халдвар гардаг сургууль цэцэрлэгүүдэд вакцинийг хийнэ. Гэхдээ бүх хүүхдүүдэд хийх боломжгүй, харин уг голомтод нь шинээр орж  ирж байгаа бага насны хүүхдүүдийг дархлаажуулна. Мөн Саа өвчний дархлаажуулалтын 10 хоногийг тохиолдуулаад 0-5 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

-Халдварт өвчний голомттой бүсэд ямар сургууль цэцэрлэгүүд багтах вэ?

-Бидний гаргасан сүүлийн таван жилийн судалгаагаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нилээдгүй сургууль цэцэрлэг халдварт шарын голомттой.  Голомттой бүс гэдэг нь тухайн сургууль цэцэрлэг нэг хүүхэд өвчлөхөд хэд хэдэн хүүхэд дараалан өвчилсөн, эсвэл  жил бүр тэнд хүүхэд өвчилж байсан газруудыг сонгодог. Гепатит А-гийн вакцин нь тухайн хүүхдийг орчноос нь хамгаалж, дархлаа үүсгэдэг.  Гэвч уг вакцин нь өндөр өртөгтэй тул бүх хүүхдийг хамруулах эдийн засгийн боломжгүй байна.

-Өнгөрсөн хичээлийн жил “Үдийн цай”, “Үдийн хоол”-той холбоотойгоор сурагчид хоол, цайндаа хордсон цөөнгүй тохиолдол гарч байсан.  Энэ  чиглэлээр ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Хоол хүнсний баталгаат байдлыг хангах үүднээс, аль болох сав баглаа боодолтой, нэг удаагийн хэрэглэгдэхүүнтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн. Энэ ажлын хэргэжилтийг Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих ёстой. Хяналтаа сайжруулахгүйгээр эрүүл орчин, эрүүл сурч боловсрох орчин бүрдэхгүй. Сургууль цэцэрлэг эхэлсэн эхний хоёр гурван сард  үйл ажиллагаа тогтвортой болтол нь хяналт тавих нь аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж буй том алхам. Энэ хугацаанд тухайн сургууль, цэцэрлэг сурагчдад өгөх хоол хүнсний бүтээгдэхүүний орц, худалдан авах газар, нйилүүлэлт зэрэг нь цөм тогтвортой үйл ажиллагааны горимд орсон байдаг.

-Сургуульд дөнгөж орж буй зургаан настнууд болон цэцэрлэгт хоёр, гурван настануудыг хүлээн авахад сургууль цэцэрлэгийн хүртээмж муутайгаас хэт олон хүүхэд нэг ангид суралцаж  байна.  Энэ нь эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангах боломжийг багасгаж, халдварт өвчин үүсэх нөхцөл болох уу?

-Нэг ангид суралцагч хүүхдийн тоог нэмэг­дүүлэхгүй байхад Боловс­ролын яам болон сургууль цэцэрлэгийн захиргаа анхаа­рах ёстой. Ачаалал өндөр байна гэдэг нь тухайн сургууль цэцэрлэгийн эрүүл ахуйн дэглэмийг алдаг­дуулдаг. Тиймээс эрүүл ахуйн дэглэмийг сайжруулах буюу угаалтуур, суултуурын тоог нэмэгдүүлж байж хүүхэд нэмэх асуудлыг ярих ёстой. Ингэхгүйгээр хүүхдээ цэцэрлэгт сургуульд өгөхөөр ирсэн болгоны хүсэлтээр хүүхдийг нь бүртгэж аваад байх нь буруу. Өнгөрсөн  жилүүдийн гашуун туршлагууд байна. Хүүхэд олноороо байгаа үед бие биедээ өвчлөлийн маш хурдан тараадаг. Хэт олуулаа хичээллэж сурч байгаа орчинд эцэг эхчүүд онцгой анхаарч, эрүүл ахуйн талаас нь шаардлага тавих хэрэгтэй. Эрүүл ахуй гэдэг нь тухайн орчинд амьсгалах агаарын куб метрээр хэмжигдэх ёстой.  Нэг өрөөнд  хичээллэх ёстой хүүхдийн тоог норм хэтрүүлж болохгүй.

П.НАРАНДЭЛГЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж