Том төсөлд хуулийн зөвлөх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Том төсөлд хуулийн зөвлөх хэрэгтэй

Сүүлийн жилүүдэд төрөөс дэд бүтэц, уул уурхай, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж эхлээд байгаа билээ. Гэвч эдгээр төсөлтэй холбоотойгоор маргаан гарч болзошгүйг харгалзан Монгол Улсын эрх ашгийг төлөөлөн, гадаад орны шүүх, арбитрт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох,  цаашид шинээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн  хүрээнд гэрээ, хэлэлцээр байгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг олон улсад нэр хүнд бүхий туршлагатай зөвлөх компаниар гүйцэтгүүлэх  шаардлага байгааг харгалзан, Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр зөвлөх компани сонгон шалгаруулах тухай тогтоол гаргасан байна. Ингэхдээ зөвлөх компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллах, хийж буй ажлыг нь тухай бүрт Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгажээ. Эл асуудлаар тэрбээр дараах мэдээллийг хийлээ.

Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтын томоохон төслүүд тухайлбал, Оюутолгой, Тавантолгой, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн паркийг үүнд хамааруулан нэрлэж болно.

Энэ томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхэд бидний хувьд яах аргагүй хуулийн зөвлөх компанитай хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Мөн олон улсын стандартад нийцсэн, олон улсын гэрээгээр зохицуулагддаг бизнесийг Монгол Улс байгуулж явах шаардлагатай болж байгаа юм.

Тиймээс олон улсын төвшинд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай Монгол Улс нэг төвшинд гэрээ хэлцэл хийх, гэрээ байгуулах, гэрээтэй холбоотойгоор үүсэх маргаантай асуудлыг шийдвэрлэж байх зорилгоор хуулийн зөвлөх компанийг Засгийн газар хөлсөлж авъя гэж шийдлээ. Ингэж ажиллах нь ирээдүйд гарах хохирлыг багасгах, алдаа гаргахгүй байхад чухал гэж үзсэн юм.
Өмнө нь Монгол Улсын Засгийн газар “Алтандорнод Монгол”, “Марубени” зэрэг ком­паниудаас болж, олон улсын шүүхэд дуудагдаж,  сая сая ам. долларын төлбөр төлж, гаднын хуулийн зөвлөх компанийг авч ажиллаж байсан. Үүнийгээ л больё гэж байгаа юм. Оронд нь дэлхийд нэр хүндтэй компанитай гэрээ байгуулчихъя, шаардлагатай үед нь хамтраад ажилладаг байя гэж шийдлээ.  

Үүний тулд эхний ээлжинд ийм компанитай хамтарч ажиллана гэдгээ ойлгомжтой болгоод авах юм. Дараа нь тухайн үеийн нөхцөл байдалд нь тохируулаад  хөлс мөнгийг нь өгнө. Хамгийн гол нь тэрхүү шалгаруулалтаар орж ирэх компани нь Монголын талаар мэддэг, хууль эрх зүйн орчныг судалсан, Засгийн газарт маш сайн зөвлөгөө өгдөг байгаасай л гэж хүсч байна” гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж