
Ардчилсан нам өнгөрөгч УИХ-ын сонгуулиар нэг сая төгрөгийн Эрдэнийн хувь буюу ашигт малтмалын ордоос иргэддээ хувьцаа эзэмшүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаж, тэр үеийн МАХН-ын дарга үүнийг нь давж гарахын тулд сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө 1,5 сая төгрөгийг бэлнээр өгөхөөр амлаж, 1,5 сая төгрөгийн батламж гэгчийг тараасан билээ. Урьд өмнөх сонгуулиудын түүхэнд гарч байгаагүй, хэрэгжүүлэх боломж ч үгүй ийм их хэмжээний мөнгөн амлалт авсныхаа шанд хоёр нам урьд өмнөх шиг бие биенээ татаж унагаах биш дэмжиж ажиллахаар болж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан гэж ойлгогддог. Үгүй ядахдаа л сонгуулийн дүнг үл харгалзан “стандарт бус”-аар Засгийн газраа байгуулсан шалтгаанаа намын дарга нар нь олон нийтэд ингэж ухуулсан билээ. Гэвч нөгөө 1,5 саяын Эх орны хишиг, нэг сая төгрөгийн Эрдэнийн хувь хаачсан бэ?
Ерөнхийдөө энэ мөнгийг Хүний хөгжлийн санд байршуулан энэ сонгуулийн хугацаанд буюу 2012 он хүртэл өгч барагдуулах, ингэхдээ 500 мянгыг бэлнээр, үлдсэн нэг саяыг нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон нийгмийн даатгалд зориулахаар шийдвэрлээд байгаа. Энэ жилээс эхлэн их, дээд сургуульд сурч буй оюутнууд сургалтын төлбөрийнхөө 50 хувийг өөрөө хийж, үлдсэн 50 хувь буюу 500 мянгыг нь Хүний хөгжлийн сангаас олгохоор болсон. Харин үлдсэн 500 мянган төгрөгийг хэзээ хэрхэн юунд ашиглах нь тодорхойгүй. Эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалд зарцуулна гэсэн боловч Засгийн газраас энэ талаар одоо хэр нь ямар нэг зохицуулалт хийгээгүй л байна.
Монголын хүн ам 2,7 саяулаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон төрийн өмчийн 170 гаруй их дээд сургуулиудад жилдээ 160 мянга орчим оюутан суралцдаг. Тэд л Хүний хөгжлийн сангийн 500 мянгыг сургалтын төлбөртөө зарцуулах эрхтэй болоод байгаа. Үлдсэн 2,5 сая гаруй хүн Эх орны хишгийн гадна үлдлээ гэсэн үг. Нэг хүүхэдтэй залуу гэр бүл байлаа гэж бодъё л доо. Аав, ээж хоёр нь их сургуулиа төгсчихсөн, Хүүхэд нь дунд сургууль, эсвэл цэцэрлэг яслид явдаг учир энэ гэр бүл лав боловсролын асуудалдаа Эрдэний хувь, Эх орны хишгээс горьдох эрхгүй болж байна. Аягүй бол хүүхэд нь хувийн дунд сургуульд сурдаг, хамгийн багаар бодоод жилийн төлбөр нь 400 ам.доллар байгаа. Гэвч хуулинд “дунд боловсролыг үнэ төлбөргүй олгоно” гээд заачихсан учраас Хүний хөгжлийн сангийн тухай хууль энэ өрхөд үйлчлэхгүй. Дээр нь “Сургалтын төлбөрийг Хүний хөгжлийн сангаас хийнэ” гэсэн энэ хуурмаг амлалтаас болж энэ жил хэчнээн олон оюутан ажил, амьдралаа хаян хөдөөгөөс хотод орж ирсэн бол. Үүнээс болж сургалтын төлбөрийн нэмэгдлийг инфляцитай уялдуулан 13 хувьд бариулахаар Засгийн газраас сануулга өгснийг ч үл тоон хамгийн доод талын нэмэгдэл 25 хувьд хүрчихээд байгааг бас дуулгах хэрэгтэй болов уу. Хамгийн гол нь 2012 оны сонгууль хүртэл ганцхан удаа олгох Хүний хөгжлийн сангийн 1,5 сая дуусахаар хэн тэдний төлбөр төлөх вэ гэдэг бас нэг асуулт.
Дараагийнх нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудал. Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 1,3 сая иргэн бий гэж бодъё. Сонгуулийн санал өгөх эрхтэй иргэдийхээ тоогоор багцаалахад шүү дээ. Үүнээс 800 мянга нь ажил эрхэлдэг гээд бодохоор тэд ямар нэг хэмжээгээр нийгмийн даатгалд хамрагддаг байх нь. Энэ 800 мянган хүн лав Хүний хөгжлийн сангаас харалгүйгээр нийгмийн даатгалаа төлчихдөг гэсэн үг. Эрүүл мэндийн даатгал ч мөн адил. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийн гуравны нэг нь дахиад л Эх орны хишгээс хувь хүртэх аз дутаж байна. Нийгмийн даатгалын мөнгийг зөвхөн огт ажил эрхлээгүй, эсвэл ажилласан жил нь тэтгэвэрт гарах насанд нь хүрэхгүй байгаа хүмүүсийн нийгмийн даатгалыг нөхөн төлөхөд зориулна гэж байгаа шүү дээ. Харин бусад нь яах вэ.
Тэгэхээр манай эрх баригчдаас, нарийндаа яривал татвар төлөгчид, төрийн сан хөмрөгөөс өгч байгаа Эх орны хишиг болоод Эрдэнийн хувь гээч зүйл Монгол Улсын иргэн бүрт хүрч чадахгүй нь ээ гэсэн үг. Хүргэхгүйн тулд ч нөхдүүд Хүний хөгжлийн сангийн хуулийг санаачилсан юм байна. Угаасаа тооцоо судалгаагүй, цээжний бангаар явсны гай энэ. Хэрвээ Монгол Улс иргэн бүртээ 1,5 сая төгрөгийг бэлэн мөнгөөр өгнө гэвэл жинхэнэ “банкрот” болно. Оны эхэнд иргэн бүрт өгсөн 70 мянган төгрөг үндсэндээ Эрээний зах зээлийг дэмжсэнээс илүү үр дүн гараагүй. Үндэсний статистикийн газраас өнгөрөгч долдугаар сард гаргасан тооцоогоор иргэн бүрийн 70 мянгад нийтдээ 174,7 тэрбум төгрөгийг Хүний хөгжлийн сангаас гаргасан байна. Энэ мөнгийг наймдугаар сараас эхлэн иргэн сар бүр 10 мянгаар өгч байгаа. Зөвхөн наймдугаар сард энэ 10 мянгыг өгөхөд зориулж 30-аад тэрбум төгрөгийг банкуудад байршуулсан байсан. Сар бүр л энэ хэмжээний мөнгө гарах нь л дээ.
Энэ мөнгөөр хүмүүс хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг аваад л өнгөрсөн байх л даа. Гэхдээ манайд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний 70 хувь БНХАУ-аас импортоор орж ирдэг. Бидний орлогын төдий чинээ хувь нь Эрээн лүү гардаг гэсэн үг. Хэрвээ энэ мөнгийг аль нэг үйлдвэрлэл, ашигтай бизнесийг дэмжихэд зориулсан бол үр дүн арай л өөр байсан нь лавтай. Бүр 1990-ээд оноос манай ардчилагчид ярьж байсан нэг зарчим бий. Ажлын байрыг яаж бий болгох вэ гэдэг дээр. Нэг хэсгээр нь нүх ухуулаад нөгөөгөөр нь түүнийг булуулж, аль алинд нь мөнгө төлбөл эдийн засгийн цусны эргэлт болно гэж.
Одоо ч гэсэн дээ. Таван ам бүлтэй айл оюутны сургалтын төлбөрт Хүний хөгжлийн сангаас зарцуулах 500 мянган төгрөгөө нийлүүлж нэг дансанд хийгээд оюутан хүүхдийнхээ хоёр жилийн сургалтын төлбөрийг төлж яагаад болохгүй гэж. Эсвэл гадаадад бөөрний хагалгаанд ороход нь 10 сая төгрөг хэрэгтэй бол ах дүү нарынхаа 10 хүний эрүүл мэндийн төлбөрийг Хүний хөгжлийн сангаас аваад хагас төлбөрийг нь ч гэсэн хийж яагаад болохгүй вэ. Энэ л жинхэнэ иргэн бүрийн хэрэгцээ. Үүний тулд Хүний хөгжлийн санд хаяглаад байгаа тэр 1,5 сая төгрөгийг ямар ч тохиолдолд хөрвөх чадвартай, хүн бүр өөрсдийн хэрэгцээгээр ашиглах боломжтой үнэт цаас, эсвэл ваучер маягаар иргэддээ хүргэсэн бол намуудын амлалт жинхэнэ ёсоор биелэх байлаа. Харамсалтай нь одоогийн нөхцөл байдлаас харахад нөхдүүд Эх орны хишиг, Эрдэнийн хувь гээчийг хувь хүртээхийн тулд бус, харин ч хүртээхгүйн тулд л хуваарилсан нь байна. Тийм биш гэж үү.
Б.СЭМҮҮН