Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа… гэх дуу эгшиглэж, хонхны дуу жингэнэж, хүүхдийн инээд цалгисан хичээлийн шинэ жил эхэллээ. Нам гүмхэн байсан нийслэл догдлол, инээд, баяр хөөр хосолсон хүүхдүүдийн хөлд дарагджээ. Хаашаа л харна өнгө, өнгийн даашинзаар гоёж, цагаан тууз үсэндээ зүүж цэцгийн баглаа тэвэрсэн цэцэрлэгийн багачууд ээж аавынхаа гараас хөтлөлцөн алхаж, дүрэмт хувцастай охид хөвгүүд нааш, цааш гүйлдэнэ. Зуны гурван сарын уртыг гайхаж найзуудтайгаа уулзах мөчийг хоног тоолон хүлээсэн тэд зуны амралтын сонин сайхнаа ам уралдан ярина.
Шавь нартайгаа уулзахыг тэсэн ядан хүлээсэн багш сурагчдынхаа өндөр болсныг гайхаж хүүхэд бүрийг тэврэн үнсэнэ. Хүүхдийнхээ цүнхийг үүрч, аяыг харан зогсох эцэг, эхчүүд. Тэд хүүхдүүдээсээ дутахгүй догдолж, утсаа гарган тэднийхээ баярт мөчийг дурсамж болгон дарж харагдана. Жил жилийн хичээлийн шинэ жилээр нэгдүгээр ангид анхлан элсэгч, цэцэрлэгийн хоёр настнууд хамгийн хайр хүрэм байдаг. Тэд шинэ найз, шинэхэн орчинтой танилцаж ёстой л нөгөө үргэсэн янзага гэдэг шиг юугаа ч мэдэхгүй уйлах нь уйлж, гайхаж зогсох нь өхөөрдөм. Тэдний зарим нь нүдэндээ нулимстай зогсох бол зарим нь эвшээж, залхсан, дүрэмт хувцас, цүнхэндээ түүртсэн байдалтай харагдана.
"Анх удаа сургуульд орох гэж байгаа болохоор ямар байхыг сайн мэдэхгүй л байна. Сургуульд өдөр унтдаггүй гэж ах маань хэлсэн. Тэгэхээр жаахан ядрах л байх гэж бодож байгаа. Ээж, аав маань шинэ цүнх, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас гээд зөндөө гоё юм авч өгсөн.
Тэгээд таарсан хүмүүс онц сураарай л гэх юм. Би одоохондоо яаж сурах аа сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ хичээнэ ээ. Тэгээд том болоод эмч болно" гэж хэвлүүхэн ярих түүнийг Г.Ирмүүн гэдэг.
Тэрбээр энэ жил нэгдүгээр ангид элсэн орж буй. Түүний хажууд "Spiderman" хүүхэлдэйн киноны баатрын зурагтай том хөх өнгийн цүнх мөрлөн зогсох эмэгтэй түүний ээж Т.Нандин-Эрдэнэ. Тэрбээр," миний хүү их хөдөлгөөнтэй, сууж сураагүй. Хүүгээ сургуульд ороход нь догдолж байгаа ч жаахан айдастай л байна. Эхний долоо хоног ч яахав тэгэсгээд өнгөрөх байх. Үсэг үзэж, тоо нэмж хасаад эхлэхээр бид хоёр үзэж тарах байхдаа л гэж бодож байна. Хүүдээ аль болох эвээр хичээлийг нь заана даа" гэж биднийг хуучлах зуур багш нь тэднийг ангидаа орохыг сануулж ээж, хүү хоёр сургууль руугаа оров. Өнөөдөр бол есдүгээр сарын нэгэн ерөөсөө тэдний баяр…
Нэг сар болоод л хүүхэд орчиндоо дасч эхэлдэг
Улсын хэмээнд 2025-2026 оны хичээлийн жилд бүх түвшний 2458 боловсролын сургалтын байгууллагад 1 сая 283 мянга 986 суралцагч хамрагдаж байгаа гэж Боловсролын яамнаас мэдээлсэн. Үүнээс энэ хичээлийн жилд 78597 хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна.
Нийслэлийн 289 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Б.Бямбацэцэг, бүх сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж шинээр цэцэрлэгт хүүхдээ оруулж буй ээж аавуудад зөвлөгөө өгөв. Тэрбээр, хүүхэд цэцэрлэгтээ дасах хугацаа гэж байдаг. Эхэндээ олон хүүхэд дунд ороод ханиад хүрэх ч юм уу эсвэл жаахан уйлахаар нь манай ээж, аавууд явуулахаа больчихдог.
Уйлсан ч явуулаад байх хэрэгтэй. Нэг сар болоод л хүүхэд орчиндоо дасч эхэлдэг. Тиймээс эцэг эхчүүд маань сэтгэл санаагаа бэлдээд хүүхэдтэйгээ, багштайгаа хамтарч ажиллах нь чухал гэдгийг сануулсан юм.
Охиноо тэврэн зогсох аав нүдэндээ нулимстай харагдана. Учир нь түүний охин хоёр настан анх удаа цэцэрлэгт орж буй. Чанга орилохгүй ч багштайгаа үлдэхгүй гэж зөрүүдэлсэн учир аав нь яах аа мэдэхгүй дэмий л сандран зогсоно. Тэрбээр, болохгүй бол аваад явдаг юм билүү гэж бодож байна. Уг нь багш нь алзахгүй ээ гээд хэлээд байгаа. Манай энэ үлдэхгүй гээд байна. Ингэж уйлаад байвал өнөөдөртөө аваад харьдаг юм билүү гэсээр эхнэр лүүгээ нэг харж, охиноо царайчлангуй нэг харах нь хайр хүрэм. Ингэх зуур цэцэрлэгийн хүүхдүүд анги руугаа орж эхлэхэд охиных нь багш "зүгээр ээ" аавууд ингээд хүүхэд уруу татаад байдаг юм гээд анги руу нь өргөн оров. Ингэж баяртай, догдлолтой, нулимстай есдүгээр сарын 1 эхэллээ.














Нөгөө талд хүүхдүүдээ эрдэм өвөртлөх аяны их харгуйд үдэж хоцорсон ээж хөдөөдөө хүүгээ, охиноо санан алсыг ширтэн байгаа. Их хөлийн газар яажшуухан байгаа бол гэж бодон намрын шар наранд гэрийнхээ үүдэнд нэгэн аав тамхилан суугаа. Сургууль эхлэхэд хөдөөд хамгийн гунигтай байдаг. Хайртай бүхэн минь бүгд тэнд бөртийж хоцордог болохоор сэтгэлээс нэг л юм уяатай аймаг, хотын төв бараадна гэхээс уйтай байдагсан. Гэсэн ч ижии, аав нь эрдмийн мөр хөөлгөхөөр хүүгээ, охиноо алсын замд үдэж өөрсдөө тэд бууриа сахин үлддэг. Ингэхдээ тэд өлсөж байгаа болов уу, байр нь бүтсэн болов уу, мөнгөтэй байгаа болов уу гэж дотогшоо санааширна. Миний хүүхэд хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирнэ гэж сэтгэлээ тайтгаруулан буй.
3,593.62




















































Нэргүй 2025-09-01 66.181.161.134
заада хоног тоолон хүлэадэг нь хэд юм бол миний болон эргэн тойрныхон багадаа хоног тоолон бачимддаг байлаа гэж
Нэргүй 2025-09-01 202.9.41.83
Тиймээ 9 сарын 1 бол ерөөсөө бидний баяр мөн дөө. Сэтгүүлч Б.Нарантуяа сэтгэл хөдөлгөхөөр их сайхан бичжээ. Баярлалаа
Нэргүй 2025-09-01 103.212.116.213
алтан навч хийсэх ээ л больж дээ. хэхэ
Нэргүй 2025-09-01 43.242.242.59
Хүний амьдралын хамгийн дурсамжтай баярт үйл явдлын нэг бол анх сургуульд орсон тэр мөч буюу 9 сарын 1-ний өдөр байдаг. Энэ өдөр бол хүн бүрийн баярын өдөр юмаа. Энэ мэдээг уншаад анх сургуульд орж байсан үе болон хүү минь сургуульд орж байсан үеэ дурсан саналаа. Монголын үрс маш олон болж мэдлэг боловсролтой сайн иргэд болж хүмүүжээсэй гэж ерөөх байна. Заавал үнэтэй сургуульд ороод хэрэггүй. хүний амьдрал зурсан зургаараа л явна. Үнэтэй хувийн сургууль төгсөөд л сайн явна гэсэн үг биш юм.
t 2025-09-01 169.133.250.254
_ # ; +& –
y 2025-09-01 169.133.250.254
oz
Нэргүй 2025-09-01 66.181.185.222
Энэ мэдээг хөөхөн бичсэн бна. Баяр хүргэе !