Олны нэрлэж заншсан Багшийн их сургууль орчмын уулзварт хүмүүс гэрлэн дохио солигдохыг хүлээн зогсоно.
Ногоон гэрэл асмагц цахилгаан скүүтер унасан 15 орчим насны хүү замын голоор хурдлан орж ирэв. Толгойдоо малгайгүй, хамгаалах хэрэгсэлгүй тэрбээр гэнэт тоормослохдоо тэнцвэрээ алдан замын бордюр мөргөх шахсан ч тоосон шинжгүй цааш давхилаа.

Ийм дүр зураг нийслэлийн гудамж, талбайд өдөр бүр давтагддаг. Хотын түгжрэлээс зайлсхийх хамгийн амархан гарц мэт санагдах скүүтер, суррон, цахилгаан дугуйг хүүхэд, залуус олноороо хэрэглэж байгаа ч тэдэнд зориулсан аюулгүй зам, талбай хангалтгүй хэвээр байгаа юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн энэ төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээ улам нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс энэ төрлийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдэд ямар зохицуулалт үйлчлэх талаар сурвалжиллаа.
ЗОРЧИХ ХЭСГИЙН БАРУУН ГАР ТАЛААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ЁСТОЙ
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд цахилгаан скүүтер, мопедыг зөвхөн унадаг дугуйн зам эсвэл явган хүний замаар бусдад саад учруулахгүйгээр зорчино гэж заасан байдаг.
Тухайлбал, 10 нас хүрээгүй хүүхэд эцэг эхийн хараа хяналт дор явган хүний зам дээр унадаг дугуй унахыг зөвшөөрдөг. Гэр хороололд хашаан дотор, байр орон сууцны орчимд хүүхдийн зориулалтын тоглоомын талбайд унадаг дугуй болон скүүтер унахыг зөвшөөрнө. Харин 10 наснаас дээш насныхан зөвхөн явган хүний зам, унадаг дугуйн тэмдэгтэй замаар зорчих ёстой.
Хэрвээ 14 наснаас дээш насны хүүхдүүд дээр хэлсэн зориулалтын замгүй газраар замын хөдөлгөөнд оролцох болвол зорчих хэсгийн баруун гар талаар хөдөлгөөнд оролцох шаардлагатай.
Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтертэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй.
Тэгэхээр унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалт бий. Мөн зам хөндлөн гарахдаа тухайн тээврийн хэрэгслээсээ буугаад явган хүний замаар унадаг дугуй болон скүүтерээ түрээд явган зорчигчийн адил гарах ёстой байдаг.
Гэвч бодит байдал дээр эдгээр заалт төдийлөн мөрдөгддөггүй. Скүүтер, дугуй унагчид баруун талын эгнээгээр явахын оронд эсрэг урсгал руу орох, хурд хэтрүүлэх, насанд хүрээгүй хүүхдүүд урд дугуйгаа өргөж давхих, хэд хэдээрээ сундалж явах нь элбэг. Ийм зөрчлүүд нэмэгдсэнээс албаныхан нэмэлт зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болжээ.
18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД, СУРРОН УНАЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ 200 МЯНГААР ТОРГОДОГ

Суррон нь бартаат замын кросс мотоциклын нэг хувилбар аж. Техникийн үзүүлэлтийн хувьд хурдлах чадвар нь 80-90 км цаг түүнээс дээш 110 км цаг хүртэл хурдалдаг. 4-10 дугаар сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Тиймээс сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ. Үүнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллах юм байна. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Уг журам энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох аж.
ЗОГСООЛД БАЙРШУУЛААГҮЙ МОПЕД, СКҮҮТЭРИЙГ АЧНА

Түүнчлэн энэ оны наймдугаар сараас эхлэн зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэлжээ.
Явган хүний зам дээр мопед, скүүтэрийг замбараагүй хаях, орхих байдлаас болж явган зорчигчдод хүндрэл учруулах, гар хөлөө цохих, харааны бэрхшээлтэй иргэд мөргөж гэмтэж бэртэх зэрэг асуудал үүсдэг.
Тиймээс Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол хийж эхэлсэн байна.
Иймд иргэд дараах байршилд тэмдэглэсэн мопед, скүүтэрийн зогсоолд өөрийн түрээслэж буй унаагааа байршуулах боломжтой юм байна.
- Бага тойруугийн гудамж(Зоос гоёлоос GS25 хүртэл ) 218ш
- Сүхбаатарын Талбай автобусны буудал 75ш
- Central Tower(талбайн зүүн талд) 40ш
- Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талд 47ш
- Тусгаар тогтнолын ордон 40ш
- Соёлын төв өргөөний хойд талд 16ш
- Улаанбаатар Зочид буудал 18ш
- Мубисын автобусны буудлын хойд талд Пэтровис барилга 40ш
- Шутис 1-р байрны баруун талд 28ш
- Мубис 4-р байрны баруун талд 46 ш
- Хаан банк баруун талд 15ш
- IT park урд талд 30ш
- Гадаад хэргийн яам 9ш
- Novotel уулзварын урд талд 50ш
- Муис 2ын урд CU 17ш
- Цэцэг Төвийн баруун тал 30ш
- Одоогоор Бага тойруугийн 16 байршилд нийт 719 ширхэг тэмдэглэгээ бүхий зогсоол хийгээд байна.

Түүнчлэн өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албаныхан хамтарсан ажлын хэсэг гаргаж насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэж эрсдэлд ордоггүй байх зохицуулалтыг эхлүүлнэ гэдгийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга А.Баяр мэдээлсэн.
Тодруулбал, скүүтэр, мопедын түрээсийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран И-Монголиа, Хур системд аппликейшнээ холбосноор 16 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэх боломжгүй болох юм байна.
ИРГЭД: 16 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД СКҮҮТЕР, МОПЕД ТҮРЭЭСЛЭХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ
Энэ талаар иргэдийн байр суурийг сонирхвол,
-Насанд хүрээгүй хүүхдүүд скүүтер, мопед унаж байгааг та хэрхэн хардаг вэ?
-Сургуулийн насны хүүхдүүд скүүтер, мопед түрээслээд зам дээр давхиж байгааг өдөр бүр хардаг. Зарим нь хамгаалах малгайгүй, хоёр гурвуулаа сундалдчихсан, бүр эсрэг урсгал руу орчихсон явна. Энэ бол бусад хүний амь нас, эрүүл мэндэд ч аюул учруулж байгаа хэрэг.
-Насны хязгаар тогтоох хэрэгтэй гэж үзэж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Машин жолоодох насны доод хязгаар байдаг шиг ийм төрлийн тээврийн хэрэгслийг ч 16 нас хүрээгүй хүүхдэд түрээслэхгүй байх нь зөв. Түрээслэгч компаниуд ашиг бодож хүүхдэд шууд түрээсэлдэгээ болих ёстой. Хүүхдүүдийг энэ мэтээр осол, эрсдэлийн байдалд оруулж байгаа нь буруу. (Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Алтангэрэл)
–Таны хүүхэд скүүтер унадаг уу, эцэг эхийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай хүү энэ жил 8-р ангид орсон, скүүтер унах сонирхолтой. Гэхдээ би зөвшөөрдөггүй. Зам дээр дүрэм сахих мэдлэггүй, хамгаалах хэрэгсэл өмсөхгүй, дээрээс нь скүүтерийн хурд их.
–Түрээсийн үйлчилгээний талаар ямар бодолтой байдаг вэ?
-Маш амархан болсон. Хүүхэд бүрийн гар утсанд л аппликейшн байдаг байх. Миний бодлоор 16 наснаас дээш гэж зааж заавал хязгаарлах хэрэгтэй. Хүүхэд өөрийнхөө аюулгүй байдлыг бүрэн ухамсарлаж чаддаггүй, эрсдэлээ ойлгохгүй давхидаг. Эцэг эхчүүд хүүхдээ үргэлж хянах боломжгүй учир түрээсийн үйлчилгээний компаниуд ч хариуцлагаа хүлээх ёстой. Хуулиар насны зааг тогтоож, хэрэгжилтэд нь хатуу хяналт тавихгүй бол ослын тоо улам нэмэгдэнэ. (Баянзүрх дүүргийн иргэн Б.Саруул)
3,595.72






















































Холбоотой мэдээ