Цэцгэн хээтэй цагаан даашинз өмссөн охин өөдөөс цоо ширтэнэ. Үсээ хоёр салаа сүлжиж, өвөр дээрээ туулайн чихмэл тэвэрсэн энэ хөргийн эзэн бол Төрийн шагналт, Ардын зураач орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Үржингийн Ядамсүрэнгийн охин /өргөмөл/ Булган. Тэрбээр "Манай эгч Туяа намайг 12 настай байхад 1978 онд зурсан хөрөг. Надад хадгалагддаг юм. Би энэ зургандаа их хайртай. Өмссөн даашинз минь хүртэл надад дурсгалтай. Тухайн үед хувцас ховор байсан цаг шүү дээ. Ээждээ гоё даашинз өмсмөөр байна гэсэн чинь даавуу худалдан авч, хоёрхон хоногийн дотор оёж өгч билээ. Тэгээд л эгч маань миний хөргийг зурсан хэрэг" хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан, хүүхэд насны дурсамжаа хуваалцлаа.
Бяцхан охины хөрөг зургийн дэргэд нэрт зураач, буурай аавынх нь хөрөг хүндэтгэлтэйгээр байрших аж.
Монгол Улсын анхны Ардын зураачийн үргэлжлэл болсон охин Туяа нь аавынхаа гэгээн дурсгалд зориулан 2002 онд хөргийг нь зуржээ. Хайрт аавынхаа гарт нь хөөрөг атгуулж, ширээн дээр зургийн хэрэгслийг нь өрж дүрслэхдээ дархны ур ухаан, дүрслэх урлагийн гоц авьяас, шашин номын эрдэмд шамдан суралцсан бодь хүмүүн байсныг нь илтгэх аж. Нэрт зураачийн хөрөг зургийг тойруулан гэргий Я.Люнягийн зээгт наамлан уран хатгамлуудаас гадна охин Туяа, Заяа, Булган болон хүү Үржнээгийн бүтээлүүдийг дэлгэсэн нь яг л гэр бүлийн зургийн цомгоор аялж буй мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

Ийнхүү Монголын Урчуудын эвлэлийн галерейд Төрийн соёрхолт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан гаргаж буй гэр бүлийн “Урлахуйн өв” үзэсгэлэнг дэлгэж, олны хүртээл болгож байна. Үзэсгэлэнд нэрт зураачийн гэр бүлийн фондод хадгалагдаж буй ховор нандин бүтээлүүд, ном товхимлоос гадна зураачийн уламжлалт дэг сургуулийг хадгалж буй Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима ” сургуулийн үе үеийн төгсөгчдийн гээд нийт 120 гаруй бүтээл дэлгэснээрээ онцлог.
Ирэх аравдугаар сард нэрт зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж, ном гаргахаар төлөвлөж байгаа аж.
Охин Я.Булган "Миний хувьд буурай аавынхаа дэргэд 20, эмээгийнхээ хажууд 40 жил байсан. Тийм болохоор миний хүүхэд нас, залуу нас тэр хоёртой л хамт өнгөрсөн. Ард түмэн буурай аавыг минь Монголын орчин үеийн уран зургийг үндэслэгчдийн нэг гэдгээр нь сайн мэддэг ч тэр хүнийг лам байсан гэдгийг төдийлөн сайн мэддэггүй.
Буурай маань их сүнслэг, бодь хүн байсан. Би энэ хүний дэргэд тоглож, наадаж, эрхэлж, өссөн болохоор буурай аавынхаа бодож, хэлж, захиж байсан үг болгоныг мэдэж, мэдэрч, шингээж авсан.
Үр хүүхдүүдээ "Их зөв сэтгэлтэй яваарай" гэж захидаг байсан. Манай гэр бүл, сангийн зорилго бол энэ хүний бүх үйл хэргийг үргэлжлүүлж, өв залгамжлах юм" гэдгийг яриандаа онцлов. Өвөөдөө өргүүлсэн бяцхан охин хар багаасаа харандаа барьж, хамгийн сайхан будгийг хэрэглэдэг байсан тухайгаа дурсав. Тэрбээр "Ер нь манай гэр бүлийнхэн сүнслэг орчинд өссөн гэж хэлж болно. Яагаад гэвэл бид юу хүсч байгаагаа л хийж ирсэн. Бага балчираасаа харандаа барьж, хамгийн сайхан будгийг хэрэглэнэ. Би тэрийг л санаж байгаа юм. Миний хувьд яг зураг зурж эхэлсэн үеэ санахад дөрвөн нас байдаг. Надад бүр хоёр настайдаа зурсан зураг минь хадгалаастай байдаг.
Гэхдээ би дөрвөн наснаасаа будагны өнгийг мэдэрч, намайг эрхлүүлж, тэр байтугай өвөөгийнхөө усан будаг руу дайрч байсан.
Буурай маань их энгийн, хүмүүстэй их нандин харьцдаг хүн байсан. Ач, зээдээ өөрийнхөө бийрийг бариулж, будганд дүрж, эрхлүүлдэг байсан зураач ховор байдаг байх. Чухам надад тийм эрхийг өгдөг байсан. Хамгийн гол нь тийм нарийн цомог бүтээж, монгол зураг зурж байхад нь бид хөлөн доор нь мөлхөж саад болж, зулгааж байхад уурладаггүй, инээмсэглэн дандаа сайхан үг хэлж байдаг тийм л сайхан хүн байсан" тухай ярилаа.
Монгол Улсын анхны Ардын зураач, Төрийн шагналт Үржингийн Ядамсүрэн нь 1905 онд Хэнтий, Дорнод аймгийн зааг нутаг болох Улаан нүдэн гэдэг газар төржээ. Өвөг эцэг Үржин сайн анчин, харваач, бөх хүн байсан бөгөөд тэрэг, сийлбэр хийдэг бага зэрэг гарын дүйтэй байсан нь бяцхан хүүд нь нөлөөлсөн байна. 1918 онд өвөг эцэг нь нас барсны дараа түүний дүү Эрдэнэ гүний хийдийн бурханч лам Чойдашийн дэргэд амьдран улмаар Эрдэнэ гүний хийдэд шавилан урлах ухаан, сийлбэрлэх арга барил, зурах аргад суралцаж, шашны номыг гүнзгийрүүлэн сурчээ. Тэрээр 13 наснаасаа хүмүүсийн захиалгаар эмээл будах, модон орны нүүр эрээлэх, бурхан бүтээх, оймсны хараа зураг зэрэг ажлуудыг хийж эхэлжээ.
Тэгээд 1930 онд хар болж, Улаанбаатар хотод ирж, Гэгээрлийн яамны харьяа бэлтгэл сургуульд суралцаж төгсөөд Хэвлэх үйлдвэрт латин үсэг өрөгчөөр ажиллажээ. Мөн 1932 онд Намын сургуульд элсэн орж, төгсчээ.

Монголын Уран зургийн галерейд дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээлээр шалгарсан таван бүтээл бий. Үүнд, Марзан Шаравын 1921 онд зурсан В.И.Лениний хөрөг, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн “Талын айл”, Г.Одонгийн “Ажлын дараа”, О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” гэсэн таван бүтээл багтдаг.
Энэ алдартай бүтээлээс гадна ард түмний төдийлөн сайн мэддэггүй томоохон бүтээлүүдийн тухай охин Я.Булган ярихдаа "Хүмүүс буурай аавыг "Өвгөн хуурч" бүтээлээр нь илүү сайн мэддэг. Өөрөө бурхан шашинтай холбоотой хүн байсан болохоор маш их сүнслэг бүтээл хийдэг байсан. Монголын ард түмний уламжлалт ёс заншилтай холбоотой эд зүйлс бүтээсэн бөгөөд хэд хэдэн цомгийг ард түмэнд үлдээсэн. Тэр цомгуудыг нь хүмүүс сайн мэддэггүй.
Жишээлбэл, "Их хүрээ цам", "Ардын эдлэл хэрэглэл", "Хаант Монгол Улсын цомог" гэж бий. Ер нь хамгийн түгээмэл бүтээсэн зүйл бол "Монгол үндэсний хувцасны цомог" байдаг. Тэр байтугай хатан сүйх бөгжний эх загварыг гаргаж байсан" гэдгийг дурдсан юм.
Тэрбээр "Миний хувийн байр суурь гэвэл, нэг хэсэг Уран зургийн галерейд хадгалагдаж буй "Өвгөн хуурч" бүтээлийн зурсан хэлбэр, хэв маягийг нь буурайгийнхаа дэргэд өссөн болохоор мэднэ. Хэдий тийм ч "Өвгөн хуурч" бүтээлийг бид нүдээрээ л харахаас дүн шинжилгээ хийх нарийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн лаборатори байхгүй учраас эх хувь нь мөн эсэхийг шалгуулах боломжгүй. Гэхдээ тийм цаг удахгүй ирнэ.
Яг Ү.Ядамсүрэн өвөөгийн өөрийн гэсэн зураас байдаг юм. Тэрийг бол зургаа дахь мэдрэхүйгээрээ мэдэрдэг гэх юм уу.
Надад бол өвөөгийн 300 гаруй гар эскиз нь хадгалаастай байгаа. Тэр 300 гаруй эскизийг өдөр тутам харж, судлахаар нарийн, өөрийн гэсэн өвөрмөц зураас бий. Тэрийг нь урлаг судлаачид арай өөрөөр тайлбарлах байх. Тэр мэдрэмж бидэнд байдаг болохоор Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй "Өвгөн хуурч" бүтээл эх хувь нь мөн гэдэг мэдрэмж төрдөг" гэв.
Мөн тэрбээр буурай аавынхаа бүтээсэн Чингис хааны хөргийн талаар ярихдаа "Их Эзэн Чингис хааны хөрөг бол манай буурай аавын өөрийнх нь зөн совин байсан. Асар том судалгаа хийсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед Чингис хааны хөрөг байтугай Чингис гэж дуугарч болохгүй цаг үед аль хэдийнэ судалж, ярьж, айхгүйгээр бүтээсэн байдаг. Шорон байтугай цаазын ялтай нийгэмд бүтээсэн бүтээл. Үнэхээр Эзэн Чингис хааны дүр нь ийм байсан юм уу гэсэн зөн совингоор монгол төрхтэйгөөр тэр үеийн хаадуудыг илэрхийлж чадсан гэж боддог. Үүнтэй санал нийлдэг улаачид ч бий. Би хувьдаа энэ хөргийг Чингис хааны хамгийн дөхүү хөрөг гэж ойлгодог. Тэгж ярих юм бол "Өвгөн хуурч" бүтээлд нь Чингисийн дүр, өөрийнх нь дотоод сэтгэлийн дүр нь оршиж байгаа" гэдгийг тодотгосон юм.
"Миний тод санаж байгаагаар "Хүрээ цамын цомог" байна. Би гар бие оролцсон гэж хэлэхгүй ч зураасан дээр нь нэмэр оруулж байсан удаатай. Харин ээжийгээ зээгт наамал хийж байхад бүгдээрээ хамт шүтэлцэж, бүтээж байсан. Аав, ээжийн маань бүтээлүүд тод дурсамж болж үлдсэн. Бид сангаараа, гэр бүлээрээ бүх эд зүйлсийг нь хадгалж, нэг ч юмыг нь үрэгдүүлдэггүй.
Буурай ээж маань том музей ч юм уу, галерей байгуулахыг мөрөөддөг байсан. Өвөөгийнхөө бидэнд үлдээсэн өв санг нь багтаах газар, орон зай хэрэгтэй.
Одоо бас цахим ертөнц гарч байна. Тийм учраас цахимаар ч гэсэн байгуулахыг зорьж байна. Удахгүй буурай ээжийн минь мөрөөдөл биелэх байх" хэмээн инээмсэглэн өгүүлэв. Уг үзэсгэлэн 2025 оны есдүгээр сарын 10-ныг хүртэл олны хүртээл болох ажээ.






























Гэрэл зургийг О.Болорсувд
3,593.62




















































Нэргүй 2025-09-01 66.181.183.34
Сайхан сайхан
Нэргүй 2025-09-01 66.181.184.74
Хурц хүргэн нэг байшин бодно байгаа Монголын дүрсэх урлагийн түүх болсон гэр бүл шүү
зочин 2025-09-01 103.212.119.159
Өвөөгийнхээ галерей байгуулах санаагаа үеэл Сарнай, түүний нөхөр генерал Б.Хурц нартаа хэл дээ.
зочин 1 2025-09-01 66.181.181.148
Миний бие оюутан байхдаа энэ гайхамшигтай авьяаслаг гэр бүлээр орж гардаг байсан. 3 өрөө байрны бараг 2 өрөө нь зураачдын бүтээл, зургийн самбар, хөрөг, ноорог зургууд бдаг байв. Эмээ Люня нь гар урлал, хатгамал зэргийг хийдэг, орсон гарсан бүхнийг дайлдаг, зуслангийн газраасаа түүсэн жимсээр амтлаг варень хийж түүгээр дайлдаг эелдэг байсан. Хүү Үржнээ нь бас зураач, МҮЭ-үүдийн их хурлын концертын хувцас, эскиз загвар гаргаж бсан санагдана. Ийм нэгэн урлан бүтээлч гэр бүл байсныг мэдэх юм.
Нэргүй 2025-09-01 59.153.114.104
энэ эмэгтэй эмэгтэйгээ их адилхан юм байна. яг л Орос хүн гэмээр л.
Нэргүй 2025-09-01 66.181.185.222
Ядамсүрэн гуайн бүтээсэн Чингис хааны хөргийг олны хүртээл болгож, үадлан тайл барлаж, үал үеийхэнд сайн ойлгуулах ажлыг зураач хүүх дүүд нь, шавь нар нь хийх хэрэгтэй юм даа !
Нэргүй 2025-09-01 66.181.185.222
…залуу үеийхэнд…..
Нэргүй 2025-09-01 49.0.147.143
Агуу хүн байна
Нэргүй 2025-09-01 122.201.31.108
Хурцын хадам шдээ