Цагаан ордонд болсон АНУ, Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр нэгэн хүн олны анхаарлыг татсан юм. Тэр бол Вашингтоны хамгийн итгэл даахуйц солонгос хэлний орчуулагч Ли Юн Хян юм. Тэрбээр АНУ-ын Төрийн департментын Орчуулгын үйлчилгээний газрын дарга бөгөөд Сөүл хот дахь Ханкук гадаад хэлний их сургуулийг төгссөн. Тэрбээр 2000-аад оны эхнээс хойш тус департаментад ажиллаж байна. Вашингтонд түүнийг "Доктор Ли" хэмээн нэрлэдэг. Тэгвэл "NEWS" агентлагийн "ХҮМҮҮС" буландаа Вашингтоны итгэлийн даасан орчуулаг Ли Юн Хяны талаар онцолж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Хойд Солонгосын удирдагч Ком Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийхэд Ли хамгийн их олны анхаарлыг татжээ. Учир нь Ли 2018 оны зургадугаар сард Сингапурт, 2019 оны хоёрдугаар сард Ханойд, мөн тэр жилийн сүүлчээр Панмунжомд болсон уулзалтуудад Трампын дэргэд байж, орчуулагчийн үүргийг гүйцэтгэж байв. Өнгөрсөн жил Ли Солонгосын Эдийн засгийн хүрээлэнгээс зохион байгуулдаг хэлэлцүүлгийн үеэр Трампын орчуулагчийн үүргийг гүйцэтгэж байсан туршлагуудаа ярихдаа гайхалтай, сэтгэл хөдөлгөм, бараг бодит бус байсан гэж тодорхойлсон байдаг.

Гэхдээ зөвхөн Трампын орчуулагч гэлтгүй Ли 20 гаруй жилийн турш Төрийн департментын орчуулгын үйлчилгээнд ажиллаж байсныхаа хүрээнд ерөнхийлөгч асан Барак Обама, Жо Байден болон бусад олон өндөр албан тушаалтнуудад орчуулга хийж өгч байсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Антони Блинкен хүртэл Ли болон түүний хамт олныг "Хамгийн гайхалтай баг, тэдний тусламжгүйгээр бид ажиллах боломжгүй” хэмээн сайшааж байсан удаатай.
Энэ мэт төрийн томоохон айлчлал, дээд хэмжээний уулзалтад оролцдог Ли орчуулагчийн үүргээ гайхалтай сайн гүйцэтгэж, олны хүндлэлийн хүртжээ.
ӨВӨРМӨЦ БӨГӨӨД ГЭНЭТИЙН ЗАМ
Доктор Лигийн АНУ-ын дипломат харилцааны салбарт ажиллах болсон замнал гэнэтийн байв. Тэрбээр бага насныхаа нэгээхэн хэсгийг Иранд өнгөрөөж, аавынхаа карьерыг даган олон улсын сургуульд сурчээ. Өмнөд Солонгост буцаж ирээд Сөүлийн урлагийн дунд сургуулийг дүүргэж, дараа нь Йонсей их сургуулийн дуу, хөгжмийн хөтөлбөрт элсэн орсон. Эл хугацаанд тэрбээр их сургуулийнхаа англи хэл дээр гаргадаг сонинд зориулж заримдаа нийтлэл бичдэг байжээ. Их сургуулиа төгссөн ч орчуулгын салбарт хөл тавиагүй бөгөөд гэр бүл зохиож, хоёр хүүхдийн ээж болсон.
Хожим 33 насандаа амьдралаа өөрчлөх гэнэтийн шийдвэр гаргасан нь Сөүл хотын Ханкук Гадаад судлалын их сургуулийн орчуулагчийн дээд сургуульд элсэн орж, мэргэжлийн орчуулагч болох байв.

СУРГАЛТЫН ТАНХИМААС ТҮҮХЭН УУЛЗАЛТУУДЫН ТӨВД
Ли 1996 онд Калифорни дахь нэр хүндтэй Монтерейн Олон улсын судалгааны институтийн орчуулгын хөтөлбөрт багшилж эхэлсэн. Хэдэн жилийн дараа хүүхдүүдээ Солонгосын ахлах сургуульд сургах санаатай эх орондоо буцаж очсон байна. Гэсэн хэдий ч хүүхдүүд нь зөвхөн гадаадын боловсрол эзэмшсэн гэх шалтгаанаар Өмнөд Солонгосын сургуульд элсэх боломжгүй гэдэг хариу авчээ. Энэ явдалтай зэрэгцэн Өмнөд Солонгос дэх эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь Лигийн дургүйцлийг хүргэсэн юм. Улмаар Ли гэр бүлийн хамт АНУ-д буцаж очих шийдвэр гаргасан байна. Тэрбээр энэ талаар ярихдаа "Эмэгтэйчүүдийг ингэж ялгаварладаг оронд охиноо өсгөх хэцүү юм байна гэж бодсон” гэж байжээ. Гэхдээ Өмнөд Солонгост хэсэн хугацааг өнгөрөөснийхөө дараа АНУ-д руу буцсан аж. Тэрбээр 2004 онд Сөүл дэх Ихва эмэгтэйчүүдийн их сургуульд багшилж байгаад, таван жилийн дараа АНУ-д эргэн ирж Төрийн департаментад бүтэн цагаар ажиллаж эхэлсэн байна.
Өнөөдөр Ли нь Орчуулгын үйлчилгээний газрын даргаар ажиллахынхаа хажуугаар 70 гаруй үндсэн ажилтан, 1,000 гаруй гэрээт орчуулагчийг хариуцан удирдаж, 60 гаруй хэл дээр хоёр талт болон олон талт уулзалтуудад АНУ-ын нэрийн өмнөөс орчуулга, хэлмэрчийн үйлчилгээг үзүүлж байна.
ТҮҮХ БҮТЭЭЛЦСЭН НЭГЭН
Ли дэлхий дахинд хамгийн их танигдсан үе бол Дональд Трампын Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн дээд хэмжээний уулзалтуудын үе байв. Тэрбээр 2018 онд Сингапурт, 2019 онд Ханойд, мөн тэр жилийн сүүлээр Панмунжомд болсон уулзалтуудад Трампын дэргэд орчуулагчаар ажилласан. Түүхэн чухал уулзалт гэгдэх АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтад өрөөнд зөвхөн хоёр орны удирдагч болон Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ким Ён Чол зэрэг өндөр түвшний албан тушаалтнууд л байсан. Харин Ли тус өрөөнд байсан цорын ганц эмэгтэй байсан юм.
Түүний ажил амар байгаагүй. Хурц үгтэй, огцом зан аашаараа алдартай хоёр удирдагчийн хооронд Ли орчуулагчийн үүргийг гарамгай гүйцэтгэсэн.
Трампын бүхий л үг хэллэг, яриаг үнэн зөв ойлгуулах нь маш чухал юм. “Өмнөд болон Хойд Солонгос хэлний ялгаа үнэхээр сонирхолтой” гэж Ли 2023 онд Солонгосын Эдийн засгийн хүрээлэнгийн уулзалтын үеэр дурдсан байдаг. Энэ нь Ли дэлхийн хамгийн хаалттай, цөмийн олон улсын байгууллагын анхааруулгыг үл тоогч Ким Жон Унд Трампын бүхий л яриаг зөв хүргэх нь хүнд даалгавар байсан гэдгийг илтгэж байна.

2015 онд “Жунан Илбо” сонинд өгсөн ярилцлагадаа Ли хэлэхдээ: “Дипломат орчуулгад ‘тийм’ эсвэл ‘үгүй’ гэх яг таг хариулт байдаггүй. Зөвхөн дундын баримталсан хариулт л байдаг юм” гэжээ.
Орчуулгын хамгийн том сорилтуудын нэг бол жижиг боловч чухал утга, хошигнол, ярианы хэлний үгсийг алдалгүй дамжуулах явдал. Хойд Солонгос судлаач Аум хэлэхдээ “АНУ-ын албаны хүмүүс ихэвчлэн бүх зүйл 100 хувь орчуулагддаг гэж боддог. Гэвч олон удаа жижиг хошигнол эсвэл онцлог хэллэгүүд цааш орчуулагдаж, хэллэгддэггүй. Доктор Ли эдгээр нарийн нюансуудыг олж харж, зөв дамжуулахдаа маш сайн” хэмээн онцолсон байна.
Доктор Ли нь Солонгосын Ханкук гадаад хэлний их сургуульд магистрын зэрэг хамгаалж, Швейцарийн Женевийн их сургуульд докторын зэрэгтэй болсон. Түүний намтар бол амьдралынхаа аль ч үед өөрчлөлт хийх, мэргэжлийн өндөрлөгт хүрэх, дэлхийн тавцанд чимээгүйгээр түүх бүтээлцэх боломж байгааг харуулсан бодит жишээ юм.
3,595.38






















































Холбоотой мэдээ