Орон сууцны тагтны хэсгийг үүлэн хээгээр чимж, цонхыг нь шар, ногооноор буджээ. Биднийг очиход орон сууцны гадна талбайн тохижилтын ажил ид өрнөж байв. Ажилчид энд тэнд явган хүний зам хийж, техник тоног төхөөрөмжийн дуу тачигнана.
Харин албаныхан "Орон сууцны айлууд нарны зайн хураагуур ашиглан эрчим хүчээ хэмнэж, хүлэмжид хүнсний ногоогоо тарьж, саарал ус ашиглах боломжтой. Нэг давхрын айлуудын хаалга, шат, шүршүүр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэдгээрээ онцлог. Байгальд ээлтэй модон шал, дулаан алдагдлыг багасгах гурван давхар вакум шилтэй цонх, ус хэмнэдэг цорго гээд олон улсын норм стандартад нийцсэн энэ орон сууц бол Улаанбаатар хотдоо анхдагч болж буй жишиг төсөл" гэдгийг онцоллоо.
Нийслэлээс Баянхошуу орчмын гэр хороололд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж, эхний 110 айлын дөрвөн блок ашиглалтад ороход бэлэн болсон нь энэ юм.
Энэ төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар гэр хорооллын 5000 айлын янданг буулгаж, тэр тооны нүхэн жорлон байхгүй болох юм байна. Үүнээс гадна нэг жилд 12 сая кВт эрчим хүч, 5.4 сая литр ус болон 30 сая квт дулаан хэмнэнэ гэж тооцоолжээ. Байр хоорондын зай хол, иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэхээр хичээн ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм.
Тиймээс гэр хороололд барьж буй ногоон орон сууцанд иргэдийг хэрхэн хамруулж, нэг м2 талбайг нь хэдэн төгрөгөөр худалдан борлуулах зэрэг асуудлыг тодруулж, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.
Иргэн Т.Болортуяа "Цаашдаа хотын гэр хорооллыг орон сууцжуулсан нь зөв байх. Утаанаас эхлээд гэр хороололд амьдардаг иргэдэд олон асуудал тулгамддаг. Ялангуяа утаанаас маш их залхаж байна. Манайх 20 гаруй жил гэр хороололд амьдарч байна. Хэрвээ одоо амьдарч байгаа газраа үнэлүүлж, орон сууцанд орох боломжтой гэвэл хамрагдана. Манай газар дараагийн ээлжний газар чөлөөлөлтөд хамрагдах юм шиг байна. Орон сууцанд орох хүсэл их байна. Газар, хашаа нь орон сууцны үнэтэй дүйцэж байвал болох байх" гэв.
НОГООН ОРОН СУУЦНЫ 25 ХУВИЙГ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ, 75 ХУВИЙГ НЬ ХУДАЛДАНА

Орон сууцны дээвэр дээр нарны зайн хураагуур суурилуулж, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгээс эхлээд гадна талын цахилгааны хэрэглээгээ хангах гэнэ. Тэгэхээр иргэдийн халааснаас гарах цахилгааны төлбөрийг 20 хувь хэмнэнэ гэсэн үг. Үүнээс гадна айлуудын ваннаас гарч байгаа усыг хуримтлуулж, цэвэршүүлэн жорлондоо саарал ус ашиглах юм байна.
"Манай төсөл орлогод нийцсэн ногоон орон сууц учраас нэг айлын дундаж талбайн хэмжээ 40-60 м.кв буюу жижиг 2-3 өрөөний сонголттой бөгөөд урьдчилсан байдлаар нийт үнэ 120-195 сая төгрөгөөр худалдан борлуулахаар тооцжээ. Тодруулбал, 38 м.кв хэмжээтэй 2 өрөө 127.3 сая төгрөг, 36 м.кв хэмжээтэй 2 өрөө 120.6 сая төгрөг, 58 м.кв 3 өрөө 194.3 сая төгрөг, 50 м.кв хэмжээтэй 3 өрөө 167.5 сая төгрөгийн үнэтэй худалдан борлуулах гэнэ.
Ойр орчмын гэр хороололд амьдарч байгаа иргэд дараагийн блокууд ашиглалтад орж эхлэхээр өөрсдийнхөө газрыг үнэлүүлж, байрны төлбөрт дүйцүүлж тооцох боломжтой.
Ногоон орон сууцны 25 хувийг түрээслээд өмчлөх, 75 хувийг нь худалдан борлуулна. Орон сууцны орлогоо газар чөлөөлөх ажилд зарцуулж, ногоон орон сууцаа өргөжүүлэх юм. Нийт төслийн хувьд 600 айлын газар чөлөөлөлт хийхээр тооцоолсон. Төслийн хоёр дахь бүрэлдэхүүн хэсэгт Хөгжлийн банкны охин компанийг байгуулж, Улаанбаатар ногоон орон сууц гэсэн санг байгуулсан. Ингээд дотоодын хувийн хэвшлүүдтэй гэрээ хийж, нээлттэй сонгон шалгаруулалтыг хийнэ" гэдгийг төслийн зохицуулагч Б.Хишигтогтох хэлсэн юм.
"НОГООН ОРОН СУУЦЫГ ДОТООДЫН 20 ОРЧИМ КОМПАНИ БАРЬЖ, ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА"

Улаанбаатарр хотын ногоон орон сууцны төслийн зохицуулагч Б.Хишигтогтох мэдээлэл өгөхдөө "Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын санхүүжилтээр НЗДТГ-ын хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөр гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 5000 айлын орон сууцыг барина. Үүний нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 23 блок 800 айлын орон сууцыг Баянхошуу болон Шархад дэд төвд 2023–2026 онд барьж дуусгахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил хоёр байршилд бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл хангаж байна.
Анх иргэд газар чөлөөлөхдөө итгэхгүй байх зэрэг хандлага ажиглагдаж байсан. Бид орон сууцаа бариад, ашиглалтад оруулсны дараагаар иргэд ихээр сонирхож, газраа орон сууцаар солих боломжтой эсэхийг асууж, лавладаг болсон.
Мөн хоёр дахь ээлжийн 454 айлын орон сууцны барилга угсралтын ажил 43.5 хувьтай хэрэгжиж байна. Энэ бүтээн байгуулалтыг дотоодын барилгын 20 орчим компани хамтран гүйцэтгэж байна.
Нийт 5000 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллын 40 хувьд нь 120 мянган ам.метр ногоон байгууламжийг төлөвлөсөн. Ингэснээр орон сууцанд нүүн орох 18 мянга орчим иргэний амьдралын нөхцөл сайжрахын зэрэгцээ ойр орчмын 25 мянга орчим иргэний эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдрах орчин сайжрах" гэсэн юм.












Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,595.72





















































Холбоотой мэдээ