Хувцас загварын салбарын арилшгүй "толбо"

FASHION

Хувцас загварын салбарын арилшгүй "толбо"

Хувцас загварын салбарын арилшгүй "толбо"

Диана гүнж 1988 онд хааны гэр бүлийнхний тогтмол оролцдог морин уралдаанд хүрэлцэн ирэхдээ бөмбөлгөн хээтэй даашинз өмссөн байв. Түүний даашинз тавган хэлбэрт малгайтай нь гайхалтай төгс зохицсон байсан гэдэг. Уэльсийн гүнж Кэтрин 30 гаруй жилийн дараа морин уралдаанд хүрэлцэн ирэхдээ Дианаг санагдуулам даашинз өмссөн билээ. Түүний хувьд загвар зохион бүтээгч Алессандра Ричийн урласан хоолойтой, цацагтай, бөмбөлгөн хээтэй даашинзыг өмсчээ.

Бөмбөлгөн хээ бол хувцас загварын түүхтэй салшгүй холбоотой. Үе үе гарч ирдэг энэ загвар сүүлийн үед хаа сайгүй харагдах болов. Тухайлбал, жүжигчин Жулиа Гарнер долдугаар сард “Weapons” киноны премьерт хүрэлцэн ирэхдээ "Gucci"-ийн 2026 оны "Cruise" цуглуулгад багтсан бөмбөлгөн хээтэй, нэг мөртэй даашинзыг өмсчээ. Мөн сард жүжигчин Роуз Бирн “Platonic” киноны премьерт бөмбөлгөн хээтэй, зарим бөмбөлөг нь нулимсан дусал мэт хэлбэртэй хар цагаан даашинз өмсч ирсэн байна.

Зөвхөн арга хэмжээ гэлтгүй өдөр тутмын хувцаслалтад ч бөмбөлгөн хээ хүч түрэн орж ирэв. Тухайлбал, Хэйли Бибер бөмбөлгөн хээтэй энгийн шорт өмссөн нь папарацийн дуранд өртсөн байна. Хөгжмийн ертөнцийн алдарт хос Рианна, "A$AP Rocky" нар ч бөмбөлгөн хээнээс хоцорсонгүй. Тэд саяхан "ERL" загварын товчооны гаргасан бөмбөлгөн хээтэй зангиагаар ижилсжээ.

Наймдугаар сард болсон Копенгагены загварын долоо хоногийг харвал цэцэг, судал, ирвэсний толбо зэрэг төрөл бүрийн толбон хээ моод болж байгаа нь илэрхий. Тийм ч учраас "Pinterest" цахим хуудас 2025 оны намрын топ трэндээр бөмбөлгөн хээг нэрлэжээ. Тус платформд дурдсанаар бөмбөлгөн хээтэй хувцасны хэрэглээ өнгөрсөн оноос 1026 хувиар өсчээ. Мөн бөмбөлгөн толботой хумс засалт 1296 хувиар өсчээ.

Аж үйлдвэрийн хувьсгал өрнөж, хувцас сэлтийг гараар биш машинаар урладаг болсноор ижил тэгш хэмтэй янз бүрийн хээ хэрэглээнд нэвтэрчээ. Энэ талаар Шотландын Үндэсний музейн контемпорари загварын эрхлэгч Жоржина Риплей хэлэхдээ "19 дүгээр зуунд полка дот буюу хээтэй даавуу моодонд орсон. Тодруулбал, 1840-өөд онд энэ нь Европ болон АНУ-д Чехийн Полка бүжиг ид моод болохтой давхардсан юм. Полка гэдэг нэрээр хэд хэдэн зүйлийг нэрлэсэн боловч хувцас загварын салбартаа илүү тод үлджээ" гэсэн юм.

Гэтэл дундад зууны үед толбо гэдэг зүйл бүх талаараа сөрөг утга агуулгатай байв. Тахал, уяман өвчин, салхин цэцэг, улаанбурхан зэрэг өвчний тууралттай ижил харагддаг учир аливаа цэг, толбо нь халдвартай, цэвэр бус, эрүүл бус гэсэн далд утга агуулдаг байжээ.

Харин 19 дүгээр зууны эхэн үед машинаар нэхсэн хувцаснууд дээр илүү эмх замбараатай, цэгцтэй, цэвэрхэн хээнүүдийг дүрсэлж эхэлснээр энэ чиг хандлага өөрчлөгдсөн байна. Машинаар нэхсэн сүүлийн үеийн шинэ загварын хувцсыг илүү чинээлэг давхаргынхан худалдан авах боломжтой байв. Тиймээс тухайн үедээ илүү чинээлэг эмэгтэйчүүдийн дунд хээ хуар алдаршжээ.

Бөмбөлгөн хээ жинхэнэ тэсрэлт болсон үе бол 1920-иод он. Риплейгийн тайлбарласнаар энэ нь 1926 оны Оклахомагийн мисс бөгөөд мөн оны Америкийн мисс тэмцээний ялагч Норма Смолвудтэй холбоотой. Тэмцээний үеэр өмссөн түүний усны хувцас бөмбөлгөн хээтэй байжээ.

Үүнээс хоёр жилийн дараа "Walt Disney" компани "Minnie Mouse" дүрийг танилцуулсан. Хүн бүрийн мэдэж байгаачлан "Minnie Mouse" бөмбөлгөн хээтэй улаан даашинз, түүнтэйгээ хосолсон толгойн гоёлтой байдаг.

Тэр үеэс хойш бөмбөлгөн хээ урлаг, уран сайхны салбарт гүн шингэв. 1942 онд дэлгэцнээ гарсан “Woman of the Year” кинонд Кэтрин Хепбёрн бөмбөлгөн хээтэй хослол өмссөн байлаа. Энэ нь кино урлагийн түүхэнд тод үлдсэн загвар болсон юм. Цаашилбал, 1950-иад онд Мерилин Монро, 1960-аад онд Твигги, 1980-аад онд Диана гүнж, 1990 онд Жулиа Робертс гэх зэргээр он оноороо бөмбөлгөн хээний моод үргэлжилнэ.

Яваандаа брэндүүд урлагийнхнаас санаа авч загвартаа бөмбөлгөн хээг түлхүү шингээж эхлэв. Японы загвар зохион бүтээгч Рэй Кавакүбогийн үүсгэн байгуулсан "Comme des Garçons Play" брэнд бөмбөлгөн хээг жинхэнэ трэнд болгож чадсан юм. Мөн Японы уран бүтээлч Яой Күсама 2012 онд "Louis Vuitton"-тэй хамтран бөмбөлгөн хээтэй алдарт цүнхээ гаргажээ.

Үүнээс хойших 10 жилийн хугацаанд бөмбөлгөн хээтэй хувцас загварын салбарыг эзэлсэн ч тэдэн дундаас хамгийн тод ялгарсан нь 2019 оны "Zara"-ийн сенсаац байжээ. "Zara" тухайн үед 50 ам.долларын үнэтэй, бөмбөлгөн хээтэй, урт даашинзаа худалдаанд гаргасан юм. Энэ хувцас тэгтлээ "од" болсон нь инстаграм зэрэг цахим платформтой салшгүй холбоотой.

Түүхээс харвал бөмбөлгөн хээ загварын салбараас хэзээ ч бүрмөсөн арчигдахгүй нь бололтой. Орсоор гарсаар л байх болов уу. Хамгийн сүүлд л гэхэд "Valentino", "Carolina Herrera" зэрэг томчууд 2025 оны хавар намрын цуглуулгадаа бөмбөлгөн хээг шингээжээ. "Dries Van Noten", "Nina Ricci", "Sandy Liang", "Schiaparelli", "Rokh" зэрэг брэнд ч 2025 оны намар өвлийн загвартаа бөмбөлгөн хээг ашигласан байна.

Бөмбөлгөн хээтэй загвар хөгжилтэй, дэгжин, зоримог гээд ямар ч байж болно. Хамгийн гол нь тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх нь чухал гэдгийг бөмбөлгөн хээ сонирхогч, загварын зөвлөх Кэти Руэнсумран хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-08-27 103.168.34.195

"женко даавуу"-г сурталчилж өгсөн танд баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж