Цалин, тэтгэвэр буух өдрөө хүлээдэг сардаа ганц орлоготой өрхүүд урсгал зардлаа давахын тулд ломбард, ББСБ-аас хялбар боловч өндөр үнэтэй зээл авдаг. Учир нь банкнаас зээл авна гэдэг хүнд даваа. Иргэд орлогоо нотолж, олон төрлийн шалгуур давж байж зээлтэй золгодог. Тиймээс иргэдийн хувьд санхүүгийн хүндрэлээ шийдэх ганц боломж нь ББСБ, эсвэл ломбард болж хувирсан.
Улаанбаатар хотод байдаг хамгийн олон ломбардтай байршил бол Баянзүрх дүүрэг. Тодруулбал Сансарын туннелийн зүүн жигүүр. Нийслэлд ойролцоогоор 1000 гаруй ломбард ажилладаг гэсэн статистик бий. Үүний тал шахуу хувь нь энд үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж болно. Учир нь дээр үеэсээ л тус газар хүний хөл ихтэй, шөнийн цэнгээний газар олонтой гэдгээрээ алдартай. Арга ядсан иргэд ломбардыг зорьдог боловч нөгөө талаар арга нь нарийссан хүмүүс ч үйлчлүүлдэг гэдгийг барьцаалан зээлдүүлэгчид хэлж байна. Оройн цагаар үйлчлүүлдэг иргэдийн хамгийн их барьцаалдаг зүйл нь гар утас аж. Гэвч гар утасны үнэ өдрөөс өдөрт унаж байдаг учраас үнэлгээ нь харьцангуй бага байдаг. Ихэвчлэн i Phone загварын утас болоод хамгийн сүүлийн үеийн гар утаснуудыг барьцаанд авдаг. Түүнчлэн иргэд лизингээр шинэ утас аваад ломбардад тавиад хаядаг жишиг тогтсон гэнэ. Мөн хулгайн эд зүйл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн толгойны өвчин болсон байна. Хулгайлагдсан эд зүйлсийн 90 орчим хувь нь ломбардаар дамждаг гэдгийг албаныхан хэлдэг.

Журмын дагуу барьцааны зүйл нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсаныг цагдаагийн байгууллагаас тогтоосон тохиолдолд борлуулахгүй, үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.
Гэхдээ Цагдаагийн байгууллага шийдэж чаддаггүй учраас бараа ч үгүй, мөнгө ч үгүй үлддэг гэдгээ барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид хэлж байлаа. Барьцаалан зээлдүүлэх газраар жилд дунджаар 2.5 сая хүн үйлчлүүлдэг гэсэн албан бус статистик бий. Үүнээс гадна фейсбүүк зарын группүүдэд "Дуудлагын ломбард"-ны зар түгээмэл болжээ. Эдгээр газрууд цаг хамаарахгүй үйлчлэх бөгөөд байгаа газар нь түргэн шуурхай очиж үйлчилдэг гэнэ. Үйлчлүүлэгч зөвхөн зар дээр байршуулсан утасны дугаар луу нь залгахад л хангалттай. Дуудлагын ломбард гэх зарын дагуу холбогдоход 5-8 хувийн зээлийн хүү санал болгох аж. Ломбардын зээлийн хүү хуулийн дагуу 4.5 хувь байна гэж заасан ч эдгээр газарт энэ хууль үйлчилдэггүй гэж хэлж болно.
Тухайлбал, СЗХ болон Нийслэлийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах 33 ломбардаас 19 нь огт бүртгэлгүй байсан төдийгүй зарим нь хуулиар тогтоосон хүүгээс давсан, нэмэлт шимтгэл авсан, бүртгэлгүй салбар ажиллуулсан зэрэг олон зөрчил илэрчээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 516 этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлсэн байна. Санхүүгийн зохицуулах хорооноос эдгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавих хяналт шалгалтыг жилийн хугацаанд үргэлжлүүлэх юм байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн тавдугаар бүлгийн 18 дугаар зүйл.Зээлийн хүү
- 18.1.Энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээг барьцаат болон барьцаагүй зээлд ялгамжтай байдлаар тогтоож болно.
- 18.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно.
- 18.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.2-т заасныг зөрчиж зээлийн гэрээ байгуулсан бол зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн дүнгээр хүү авах эрхээ алдана.
- 18.4.Зээлдэгч энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгана. Ийнхүү үндсэн зээлийн төлбөрийг бүрэн суутгасны дараах үлдсэн хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгоно.
- 18.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.
- 18.6.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. 18.7.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно гэж заажээ.
Хуулийн дагуу барьцаалан зээлдүүлэгч нь өөрийн дураар өндөр хүү, алданги тогтоох боломжгүй. Харин зөвшөөрөлгүй иргэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх эрх зүйн орчин байдаг аж.
СТАТИСТИК: ББСБ-ЫН ОРЛОГО 38 ГАРУЙ ХУВИАР ӨСЧЭЭ

Түүнчлэн сүүлийн жилүүдэд иргэд гар утасны аппликейшн ашиглан Банк бус санхүүгийн байгууллагаас /ББСБ/ өндөр хүүтэй зээл авах нь жирийн үзэгдэл болсон. Санхүүгийн технологид тулгуурласан “финтек” нэртэй энэ үйлчилгээ хот хөдөөгүй тархаж, насанд хүрсэн бараг бүх монгол хүний гар утсанд суусан. Тухайлбал, 2024 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улсад насанд хүрсэн 2.2 сая иргэн байгаагаас 1.7 сая нь аппликейшн зээлтэй байсан гэх тоо баримт бий. Энэ бол анхаарал татахуйц үзүүлэлт.
Ийм замаар авсан зээлийн хүүгийн хэмжээ нь банкны зээлтэй харьцуулахад хэд дахин өндөр. Нэг зээл төлж амжаагүй байхад нөгөө зээлээр нөхдөг. Улмаар сар бүрийн орлого нь өрийн сүүдэрт шингэж, хүүгийн дарамт улам нэмэгддэг.
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны эхний хагас жилийн статистикаар, Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө 38.7 хувиар өсөж, найман их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнтэй зэрэгцэн нийт зээлийн үлдэгдэл 6.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад огцом өсөлт. Энэ нь санхүүгийн эрэлт хэрэгцээ урьд урьдынхаас хэд дахин нэмэгдсэнтэй холбоотой ч, тухайн салбарын ашиг хэт төвлөрч, хэрэглэгчдийн эрх зөрчигдөх нөхцөл бий болж буйн илрэл юм.
3,593.62






















































Зочин 2025-08-27 202.179.25.16
Санхүүгийн зах зээл эрүүлжиж байж улс нийгэм хөгжинө. Мөнгө хүүлэлт эрчимтэй байгаа нь аливаа хөгжил дэвшлийг боомилох, ядуурлыг ихэсгэх, бүтээгдэхүүний үнэ өртгийг нэмэгдүүлэх гол нэг хүчин зүйл
Нэргүй 2025-08-27 202.9.46.139
Танайд хууль гэж байдаг юм уу. Бүгд хуурай хууль. Өдөр бүр Фб интернетээр биеэ үнэлээд, мөрийтэй тоглоом гараад байна. Уг нь бүгд хориотой. 💩😂😂😂
Даавуу нөхөж хүрэхгүй байна 2025-08-27 202.9.46.101
ББСБ-аас авсан хэрэглээний зээл, аппликёшн зээл нэхэгдээд ирэхээр нь хагас хугасыг нь ч болов ломбарднаас ямар ч хамаагүй хүүтэй авч төлж байна. Хойд хормой урд хормойгоо нөхөхөд дутаад байна. Иргэдийн өр зээлийн дарамт хэцүүрч байна.
ББСБ зээлийн хүүний таазгүй 2025-08-27 66.181.187.151
Банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын төлөө энэ төр ажилладаг. Банк бусын зээлийн хүү дээшээ хэд ч байж болно. тааз хязгаарлалтгүй. хүү хэзээ ч зогсохгүй. Манайд санхүүгийн капитализм болсон.