Сурвалжлага: Зунжин ажиллаж олсон мөнгөө сургалтын төлбөртөө зарцуулж байна

Хуучирсан мэдээ: 2025.08.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Зунжин ажиллаж олсон мөнгөө сургалтын төлбөртөө зарцуулж байна

Сурвалжлага: Зунжин ажиллаж олсон мөнгөө сургалтын төлбөртөө зарцуулж байна

МУИС, 2025.08.25, 15:30 цагт

Саяхан л нам гүмхэн байсан их сургуулийн гудамж зөрөх зайгүй болтлоо олны хөлд дарагдаж эхлэв. Ингэж хэлэхийн учир их, дээд сургуульд шинээр элссэн оюутнуудын хичээл нь орсноор хөл хөдөлгөөн ихэссэн нь энэ. Төрийн өмчит ШУТИС -ийн оюутнуудын хичээл есдүгээр сарын 1-нээс өмнө буюу долоо хоногийн өмнө эхэлдэг. МУИС-ийн хичээлийн шинэ жил хараахан эхлээгүй ч эргэн тойрных нь зам ачаалал авч хүмүүс алхахад зөрөх зай хомс болжээ. Бид энэ удаагийн сурвалжлагаа оюутнуудад тулгамдаж байгаа асуудлаар бэлтгэлээ.

МУИС-ийн урд байрлах модон сандал дээр суусан оюутнууд Улаанбаатарт суралцахаар Эрдэнэт хотоос хамтдаа ганзага нийлүүлэн ирсэн найзууд аж. Тэдний нэг нь СУИС, нөгөө найз нь МУИС-д элсчээ. Хамтдаа тэд нэг өрөө байрыг сарын 1.5 сая төгрөгөөр түрээсэлж байгаа аж. Сургуулийн дотуур байр хямд боловч хамтдаа байх боломжгүй учраас үнэтэй байрыг зориг гарган сонгосон талаараа У.Хулан яриандаа дурдлаа.

Улаанбаатар хотод суралцахаар ирсэн орон нутгийн оюутнуудын өмнө тулгамддаг хамгийн том асуудал бол байр. Их дээд сургуулийн дотуур байр үнэ хямд ч хүртээмж муу, цөөн тооны оюутан хүлээн авдаг. Тиймээс оюутнууд Улаанбаатар хотод амьдардаг ах эгчийндээ аль эсвэл  төрөл садныдаа толгой хоргоддог гэж хэлж болно. Мөн зарим оюутнууд найз нөхдөөрөө нэг өрөө, хажуу өрөө, нийтийн байр түрээслэх арга хайдаг. Гэвч нийслэлийн зургаан дүүргийн хувьд түрээсийн байр төлбөрийн хувьд ахадсан үнэтэй гэхэд хилсдэхгүй.

Хэт өндөр шаардлага, биелүүлэх боломжгүй нөхцөлийг санал болгодог. Тиймдээ ч цагийг нь тулгахгүйг хичээж наймдугаар сарын эхний долоо хоногоос эхлэн оюутан залуус байр судалж эхэлдэг байна.

Ихэвчлэн оюутан залуус их дээд сургуультайгаа ойр байр хайх нь элбэг. Залуусын хувьд санхүүгийн боломждоо тааруулж байр хайдаг ч түрээслэгч талаас барьцаа болон төлбөрөө хоёр сараар төлөх шаардлага тавьдаг тул хүндрэлтэй тусдаг талаар залуус хэлж байлаа.

МУИС-д элссэн Х.Наранцэцэг "Энэ жил Архангай аймгаас оюутан болж орж ирлээ. Надтай адилхан олон залуус хөдөө орон нутгаас суралцахаар ирсэн байх. Би тэр олон залуусын нэг нь л юм. Миний хувьд их, дээд сургуульд сурахад тулгамдсан асуудал нь байрны түрээс, сургалтын төлбөр. Гадуур байр хөлслөх сонирхолтой байгаа ч их, дээд сургуулийн ойролцоох байрнууд үнэтэй байна. Санаанд нийцсэн байр гэхээс илүүтэй төлбөрийн хувьд боломжийн байр хайж байгаа. Сургалтын төлбөр дээр гэр бүлээсээ туслалцаа авсан. Дараа жилээс сургуулийн төлбөр болон хэрэглээний зардлаа өөрөө олдог болно” гэсэн юм.

МУИС-ийн II курсийн оюутан Ж.Марал "МУИС-ийн мэргэжлийн хичээлийн төлбөр огцом нэмэгдсэн. Нэг кредит 170 орчим мянган төгрөг болсон. Жил бүр сургалтын төлбөр нэмэхгүй гэж мэдэгддэг ч нэмж байгаа нь үнэхээр хэцүү санагдаж байна.

Оюутны холбооноос энэ талаар асуухад нарийн мэдээлэл ирээгүй гэдэг. Оюутны зөвлөл нийт оюутан залуусын эрх ашгийн төлөө боловч хангалтгүй ажиллаж байна. Миний хувьд өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Өмнөд Солонгост ажиллаж байгаад саяхан хичээл орохоос өмнө буцаж ирсэн. Тийм болохоор сургалтын төлбөрөө гадаадад ажилласан мөнгөөрөө хийнэ дээ гэж төлөвлөж байсан ч ашгүй тэтгэлэгт хамрагдаж чадсан. Энэ жил оюутны байранд орж байгаа ч байрны хүртээмж муу санагдсан.

Өнөөдөр I курс, II курсийн оюутнууд өрөөгөө сонгож байгаа. Тэдний цаана оюутны байранд орох сонирхолтой III, IV курсийн ах эгч нар орох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн.

Энэ мэтчилэн оюутны байрны асуудал их байна. Миний хувьд өнгөрөгч жил хотын төвд байр түрээсэлж байсан. Оройн цагаар ажил хийдэг болохоор байрандаа байхаасаа байхгүй нь их. Тиймээс хий зардал урсгаж байснаас гээд энэ жилээс оюутны байранд орохоор шийдсэн” гэлээ.

ШУТИС-ийн оюутан А гуравдугаар курсийнх. Шинэ элсэгчтэй харьцуулбал учраа олсон нэгэн аж. Тэрбээр зуны гурван сарын хугацаанд мэргэжлийн дагуу ажил хийж, сургалтын төлбөрөө хийжээ. Гэвч ШУТИС-ийн сургалтын төлбөр оюутан залууст хүнд тусдаг талаар яриандаа онцлов.  Тэрбээр "ШУТИС-ийн зүгээс сургалтын төлбөрт өөрчлөлт оруулсан талаар бидэнд огт мэдэгдээгүй нэмсэн. Сургууль дээрээ төлбөрөө төлөхөөр иртэл тооцоолсон мөнгөн дүнгээс өөр мөнгө угтсан. Гэхдээ энэ жилийн хувьд дан ганц сургалтын төлбөр нэмсэн юм биш. Өнгөрсөн жил бас л гэнэт сургалтын төлбөр нэмсэн нь хүндрэлтэй байсан.

Харин энэ жил 7-8 сая төгрөгөөр сурахаар боллоо. Гэрийнхэнд мөнгөн дүн чанга сонсогдож, намайг хичээлийнхээ хажуугаар ажил хийх хэрэгтэй гэж зөвлөж байгаа.

Нэг гэрийн өрхөөс 7-8 сая мөнгө гарна гэдэг чанга. Зуны гурван сар ажиллаж олсон мөнгө учраас чанартай боловсрол эзэмшихийг зорьж байгаа. Харин зарим найз нөхдийн хувьд мал, аж ахуй эрхэлдэг учраас намрын цагт малаа худалдаж төлбөрөө төлдөг нь давуу тал гэж харж байгаа.

ШУТИС-ийн оюутны байр асуудалтай. Дотуур байрны төлбөрт нэг элсэгчээс 800-900 мянган төгрөг хураан авдаг ч өрөөндөө огт засвар хийдэггүй.

Энэ үнэхээр байж болохгүй асуудал. Нэг өрөөнд дөрвөн оюутан байдаг. Нэг оюутны төлбөрөөр жижиг өрөөг бүрэн засварлах боломжтой ч засвар хийхгүй байгаа нь үнэхээр сонин" гэв.

МУИС-ийн II курсийн оюутан н.Саран "Би одоо II курсийн оюутан болсон. Энэ жилийн сургалтын төлбөрийг гэр бүлийн тусламж, дэмжлэгтэйгээр хийсэн. Гэхдээ сургалтын төлбөрийн хувьд өмнөх жилээс нэмэгдсэн байсан. Өнгөрсөн жил нэг кредит 123 мянган төгрөг байсан ч  хичээл ороход 154 мянган төгрөг болж өссөн. Харин энэ жилийн хувьд сургалтын төлбөр дахин нэмэгдэж нэг кредит 168 мянган төгрөгт хүрсэн.

Сургуулийн зүгээс хийсэн албан мэдэгдэлд шинэ элсэгч нарын сургалтын төлбөрийг нэмнэ гэж мэдэгдэж байсан ч бүх тэнхимийн төлбөр тодорхой хувиар нэмэгдсэн.

Оюутан залууст сургалтын төлбөр гэнэт нэмэгдэх нь хүндээр тусдаг. Зуны саруудад нэг оюутан ажиллаад, ажиллаад 5-6 сая төгрөг цуглуулна гэж байхгүй. Өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд билээ. Тийм байхад нэг жилийн хугацаанд сурах мөнгөн дүнгээ оюутнууд олох боломжгүй. Нэг айлын хоёр хүүхэд их, дээд сургуульд энэ хэмжээний өндөр өртөгтэй сурах юм бол айл өрхийн санхүүгийн байдал хэцүүдэх байх. Нэг оюутан гэхэд 3-4 саяыг сургалтын төлбөрт төлж байхад хоёр оюутан гэвэл хоёр дахин ачаалал гэр бүлийн гишүүдэд ирнэ гэж” хэллээ.

Жил бүрийн наймдугаар сард их, дээд сургууль эхлэхтэй холбоотойгоор байрны түрээсийн үнэ оргилдоо хүрдэг. Орон сууц түрээслүүлэх үнэ ханш эрэлт, нийлүүлэлт дээр л тогтдог. Их, дээд сургуультай ойролцоох байрнуудын үнэ эрэлтээс хамаарч өндөр өртөгтэй байна. Тухайлбал,

  • Нэг өрөө байр түрээслүүлэх үнэ байршлаасаа хамаарч 1-1.5 саяын хооронд 
  • Хоёр өрөө байр 1.5-3.2 саяын хооронд 
  • Хажуу өрөө 700-900 мянган төгрөгийн хооронд байгаа аж. 

ШУТИС: НЭГ КРЕДИТЫН ҮНЭЛГЭЭ ДУНДАЖ НЬ 162812 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

ШУТИС-д 2025 оны хичээлийн шинэ жил шинээр элсэн суралцах төлбөрийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь хичээлийн нэг кредитийн үнэлгээ 190000 мянган төгрөг байгаа бол дэвшин суралцаж буй оюутнууд салбар сургуулиасаа хамаарч 185600 болон 190000 мянган төгрөгийн төлбөр төлнө. Харин Бакалаврын гарагийн болон эчнээ сургалтад элсэгчдийн сургалтын төлбөр нь салбараасаа хамааран 222720 болон 228000 гэсэн хоёр ханштай байна.

МУИС: СУУРЬ ХИЧЭЭЛИЙН НЭГ КРЕДИТЭЭ 154700-178500 ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖЭЭ

Шинэчлэн тогтоосноор 2025 оны хичээлийн жилд элсэх оюутнуудын ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 154000, харин салбар сургуулиудаас хамааран мэргэжлийн суурь хичээлийн төлбөр 154700-178500 байна.

МУБИС: СУУРЬ ТӨЛБӨР 3.7 САЯ ТӨГРӨГ

МУБИС 21 багш, 15 багш бус мэргэжилтэн бэлтгэдэг. Суралцагч судлах хичээлийн кредитээс хамааран төлбөрөө төлнө. Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн нэг кредитийн үнэлгээ салбар сургуулиасаа хамаараад  91100-135400 мянган төгрөгийн хооронд байна. Харин бусад мэргэжлийн нэг кредитийн үнэлгээ 87300-129800 мянган төгрөгийн хооронд байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж